
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Алтанхуягт 25 жил, Д.Отгонхишигт 20 жил хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг нар нь цэргийн алба хааж байх үедээ Увс аймгийн Давст сумын нутагт байрлах хилийн цэргийн дугаар ангийн Мөнхцахирын заставын Уулын хилийн харуулын байранд 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дэслэгч Л, ахлагч О нарын амийг санаатай хөнөөсөн, нийтэд аюултай аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрсэн, хугацаат цэргийн албанаас оргон зайлсан, байлдааны галт зэвсэг хууль бусаар бүлэглэж хил нэвтрүүлсэн, уналгын агтыг зарж үрэгдүүлсэн хэргийг тус тус үйлдсэн хэрэгт буруутгагдсан юм. Увс аймаг дахь сум дундын шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Н.Алтанхуягт 25 жил, Д.Отгонхишигт 20 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Харин Ч.Энх-Амарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин Увс аймгийн шүүх уг хэргийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм.
С.Отгон
.