
NBA-ын солилцооны цонх хаагдахаас өмнө багууд плей-оффтоо бэлдэн багийн хүчээ зузаатгахыг хүсдэг. Солилцооны цонх баасан гаригт хаагдах учир багийн хүчээ хангалттай сайн гэж үзээгүй багууд хөдөлгөөнд ороод байна. “Нью-Йорк” Мелог авч, плей-оффт хамгийн ширүүн өрсөлдөөн үзүүлэх багийн тоонд ороод байгаа бол “Нэтс” лидерээ явуулахыг хүсч, ирэх жилдээ бэлдэж байна. Харин Дорнодын хүчирхэг багуудын нэг “Атланта” ахмад туршлагатай Майк Биббиг явуулахыг хүсч байна. Багт нь оноо түүх тоглогчид хангалттай байгаа учраас тэд хамгаалалт болон дамжуулалтад илүү анхаардаг холбогч авахыг хүсч байгаа аж. Тэдний хамгийн ихээр сонирхож байгаа тоглогч нь нийслэлийн багийн Көрк Хайнрик. Түүнээс гадна “Денвер”-ийн шинэ цэрэг Реймонд Фелтон, “Портланд”-ын Андре Миллер нарыг сонирхож байна. Тэдэнд “Нэтс”-ийн Харрисыг авах боломж гарч ирээд байгаа ч цалингийн цэсэнд асуудал гарах учраас боломжгүй гэнэ.
Энэ улирлыг дуусгаад гурван жилийн 23.2 сая ам.долларын гэрээтэй үлдэх Марвин Уилльямсын гэрээ “Хаукс”-ын гол асуудал болоод байна. Энэ гэрээг зарахыг тэд хамгийн ихээр хүсч байгаа. Түүнээс гадна холбогч Жефф Тийг, Маурис Эванс нарыг “Кавалиерс” руу явуулж, тэдний оронд Рамон Сешинс, Мэнни Харрис нарыг авахыг оролдож байгаа гэнэ.
Score Studio