
Мөн түүнчлэн Монгол Улс нь Ардчиллыг сонгож авсан орон, хөрш зэргэлдээх Киргиз, Казахстан улсад ардчиллыг амжилттай хөгжүүлсэн загвар улс болдог хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ жил манай улс олон улсын тавцанд ардчиллын онолын нийгэмлэгийн салбар хуралдааныг даргалах болсноо ч дуулгасан юм. Ноён сайд К.Радд Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа тус улсад айлчлан ирсэнд баяр хүргээд, энэ айлчлалын үеэр Австраличууд Монголын тухай мэдлэгээ нэмснийг сонирхуулав.
Ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй баялаг түүхтэй орон бол Монгол юм, бас хоёр орны хооронд төстэй зүйл их байгаа гэдгийг дурдаад, хоёр орны хооронд худалдаа бизнесийн орчинг улам хөгжүүлэхийн ач холбогдлыг дүгнэлээ. Мөн Улаанбаатарт энэ ондоо багтаагаад Австралийн ЭСЯ-г нээх, худалдааны төлөөлөгчийн газар ажлуулах асуудлыг шийдэх болно гэдгээ хэллээ. Мөн түүнчлэн Австралид сургууль төгссөн монгол оюутнууд эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа гэж сонсоод их таатай байна гэдгийг онцлоод, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх Монголоос суралцагчдын тоог нэмэх тал дээр дэмжинэ гэдгээ амаллаа.
Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу виз хөнгөвчлөх асуудлыг ч мөн судалж үзэхээ илэрхийлэв. Хоёр талын төдийгүй, олон талт хамтын ажиллагааны түвшинд Монгол Улсыг дэмжих бололцоотойг ч ноён Радд дурдлаа. Тэрээр энэ ондоо багтаад, ирэх есдүгээр сарын үед Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав.