Хятадын сайдын айлчлал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хятадын сайдын айлчлал эхэлнэ

Монгол Улсад хийх БНХАУ-ын Гадаад
хэргийн сайд Ян Жэчийн айлчлал маргааш үдээс хойш эхлэх гэж байна.
Тэрбээр өнөөдөр БНСУ-д айлчилж байгаа юм. Ноён Ян Жэчи маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор “Чингис
хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна. Ингээд эрхэм зочин Монгол
Улсын Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж, Гадаад харилцааны
сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийх аж. Үүний дараа хоёр орны хамтын
ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах бол орой  нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна.

Айлчлал баасан гаригт үргэлжилж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод
бараалхахаар төлөвлөжээ. Мөн өдрөө эрхэм зочин эх орондоо буцах юм
байна.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, ГХЯ-ны Азийн
газрын дэд дарга У Зянхао, ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын дэд дарга Mа
Зишэн, ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга Чэнь Шаочунь, ГХЯ-ны Ёслолын
газрын хэлтсийн дарга Жан Лу нарын хүмүүс багтжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи нь

  • 1950 оны тавдугаар сард төрсөн. Шанхай хотын уугуул. Дээд боловсролтой.
  • 1973-1975 онд ИБУИНВУ-ын Лондонгийн Эдийн засаг-улс төрийн академи, Бассын Их сургуульд суралцсан.
  • 1975-1983 онд БНХАУ-ын ГХЯ-ны Орчуулгын албанд атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга.
  • 1983-1987 онд БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
  • 1987-1990 онд ГХЯ-ны Орчуулгын албанд зөвлөх бөгөөд хэлтсийн дарга
  • 1990-1993 онд  ГХЯ-ны Америк, ИБУИНВУ-ын газарт хэлтсийн дарга, газрын орлогч
  • 1993-1995 онд БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд элчин
  • 1995-1998 онд Гадаад хэргийн сайдын туслах
  • 1998-2001 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2001-2005 онд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд
  • 2005-2007 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2007 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.
  • 2007 онд Гадаад хэргийн сайд болсныхоо дарааханМонгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан хүн юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж