Залуусын төлөө ”За” гэж хэлье!

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Залуусын төлөө ”За” гэж хэлье!

УРИАЛГА

Монгол
Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд,  Засгийн газрын гишүүд, төрийн
бодлого боловсруулах чиглэлийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид,  нийт багш
сурган хүмүүжүүлэгчид, ард иргэддээ  хандаж  Монголын залуу үеэ эх
орныхоо бүтээн байгуулалтанд  тал бүрээр  бэлтгэгдсэн, ажил хэрэгч,  ёс
суртахуунтай иргэн болгох  эрхэм  үйлсийн төлөө бидний дэвшүүлсэн санал 
санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг  уриалж байна.

Монголын
охид хөвгүүдийг эх оронч үзэлтэй хатуу чанд сахилга баттай, эрүүл
чийрэг бие бялдартай, бүтээлч сэтгэлгээтэй оюунлаг болгон хүмүүжүүлж,
хүйсээр ялгаварлалгүй чанд дэглэмээр сургаж, өрсөлдөх чадвартай иргэн 
болгож бэлтгэе.


Оюутолгой,
Тавантолгойн төслүүд үр өгөөжөө өгч, Монгол Улс эрдэс баялагтаа
тулгуурлан “үсрэнгүй хөгжих төлөвт хүрлээ” гэсэн хүлээлт манай нийгэмд
болон гадаад ертөнцөд байна. Энэ аварга мөрөөдлийн өгөөжөөс нэг хувийг
нь эх орны ирээдүйг авч явах залуу үеэ чадваржуулах, амьдралд  бэлтгэхэд
зарцуулъя.

ЕБС төгссөн сурагчид мянга мянгаараа ажилгүйчүүд,
ядуусын эгнээг нэмж байна. Тэдэнд амьдралд бие даан хөл тавих,
нийгэмтэйгээ харилцаж, өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох, бэрхшээлийг
давах, чадвар дадал, ойлголт тун хомс байна. Тэвчээр хатуужил, сэтгэлийн
хат дутмаг байна.

Заншил
соёлоо даган сахиж, ахмад үеээ хүндэлж, итгэн биширч, хал үзэж хашир
суусан аав ээжийн ажил үйлийг дэргэдээс нь харж, туршлагыг нь өвлөж, гал
голомтоо уламжилж ирсэн ард түмэн. Гэтэл амьдралын алтан номыг заадаг
гэр бүлийн сургалтын систем шилжилтийн хүнд үед алдарч, дээдсээс
уламжлагдан дамжих ухаан тал нутагт эсгий гэрт мартагдсанаас болж, хотод
баарнаас бааранд нисч, хар тамхи, архи, тоглоомонд донтон, сул мөнгө
мөрөөдөх залуус ихэсжээ. Тэд шантрамхай, туйлбаргүй, эх оронч үзэл,
үндэсний бахархалгүй, итгэл үнэмшил, зорилго тэмүүлэлгүй, мэдлэг
мэргэжилгүй, чадвар дадалгүй, тогтсон орлогогүй өсч байна.

Өнөөгийн
ертөнцөд бидний хүүхдүүдийн сул тал эргээд удаан мөрөөдсөн үсрэнгүй
хөгжлийг маань ёроолгүй там болгож мэднэ. Ирээдүйд бидний хүүхдүүд
зөвхөн өөр хоорондоо өрсөлдөхгүй. Тэдний залуу өрсөлдөгчид болох хятад,
орос, еврей, араб болон бусад орны залуучууд ертөнцийн өнцөг булан бүрт
сурч,  Харвард, Оксфорд, Шанхай болон дэлхийн шилдэг сургуулиудад
бэлтгэгдэж байна.

Даяаршлын зуунд тусгаар тогтнолын баталгаа
болсон өрсөлдөх чадвартай  хойч үеэ хамтдаа  бэлтгэе. Төрийн бодлого
болгон гар таталгүй санхүүжүүлэе. Бүх нийтээрээ хэлэлцье. Эхний алхам
болгож нийслэлд вакуумжсан орчинд амьдралд сургах нэг сайн загвар
сургууль байгуулъя. Нэгэнтээ суурь боловсрол эзэмшсэн охид хөвгүүдийг 
хагас цэрэгжсэн  зохион байгуулалттай, АМЬДРАХ УХААНЫ сургалтад
хамруулж, богино хугацаанд эрчимтэй сургаж чадвал  Монголчуудын бас 
нэгэн бахархал болно.

Чинээлэг нийгмийг цогцлоох хариуцлагатай хүчирхэг хувь хүмүүс-монгол залуус байхын төлөө бид үүнийг эхэлье.

Та бүхнийг Монголын залуу үеийг шинээр бүтээх үйл ажилд оролцож, дэмжихийг уриалж байна.

НИТХ-ын төлөөлөгч Салдангийн Одонтуяа
“Иргэн Та Баялаг” хөдөлгөөн
Утас: 99887388, 688971
Цахим хуудас: www.irgenbaylag.mn
Электрон шуудан: odnood@irgenbaylag.mn
www.Twitter.com/S_Odontuya
www.Facebook.com/s.odontuya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж