Ху Жиньтаогийн мэндчилгээг дамжуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Ху Жиньтаогийн мэндчилгээг дамжуулжээ

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ван Шяолунд элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргээд “Монгол Улс, БНХАУ-ын харилцааг шинэ зуунд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх хариуцлагатай үед та элчин сайдаар ирлээ. Энэ нь том хувь заяа, бас том хариуцлага.

Таны ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, уулзалтын давтамж хадаглагдаж, бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжинө гэж итгэж байна. Өнгөрсөн жил БНХАУ-д төрийн айлчлал хийхдээ Хятад улсын дарга эрхэмсэг ноён Ху Жинтаотай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан. Тухайлбал худалдаа, эдийн засаг, түүний дотор уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан юм. Дээд хэмжээний энэ уулзалтаар тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх талаар элчин сайд та манай холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана гэж бодож байна. Хоёр тал стратегийн түншлэлийг тодорхой агуулгаар тохиролцож, ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалтаар зарлан тунхаглах боломж байна. Стратегийн түншлэл тогтоох нь хоёр тал харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл, мөн урт хугацаанд тогтвортой урагшлуулан хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн буйн нотолгоо гэж бодож байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Надад байгаа статистик мэдээллээр хоёр орны худалдаа 3,3 тэрбум ам долларт хүрчээ. Цаашдаа ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Олон улсын болон бүс нутгийн зангилаа асуудлаар хоёр тал ижил буюу төстэй байр баримталдаг нь энэ чиглэлээр хамтран ажиллах сайхан боломж олгож буйг тэмдэглэмээр байна. Элчин сайд таныг итгэмжлэх жуухаа барьж буй энэ үетэй БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлал давхцаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Сайд харилцаа, хамтын ажиллагааг улам илүү агуулгаар баяжуулахаар харилцан ярилцахаар ирж буй гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

Элчин сайд Ван Шяолун БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн мэндчилгээг дамжуулаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж