
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан Английн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн шаардах бичгийг өнөөдөр 14.10 цагаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын элчин сайдын яамны нэгдүгээр тэргүүнд “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хүргүүллээ. Тус улсын элчин сайдын яамнынхан шаардах бичгийг хүлээн авч ирэх долоо хоногт албан ёсны хариулт өгөхөө мэдэгдсэн байна. Уг шаардлага бичгийг хүргэхэд Улс төр менежментийн академи, Чингисийн монголыг залуучуудын холбоо, Монголын чөлөөт хуульч өмгөөлөгчдийн холбоо, Иргэдийн шудрага хяналт ТББ-ын гишүүд болон Б.Хурцын найз, нөхөд, яруу найрагч Ц.Хулан нарын 180 орчим хүмүүс оролцлоо. Элчин сайдын яамны гаднах талбайд цугласан олон нийт “Б.Хурцыг сулла”, “Хөрөнгийн биржээ англичуудад өгөхгүй” гэсэн лоозон барьж, хэсэг хугацааны туршид “Б.Хурцыг сулла” хэмээн дуу нэгтэй хашгирцгаалаа. Хэрэв тэд Б.Хурцын талаар албан ёсны тайлбар өгөхгүй бол тэмцлийн хэлбэр сонгож, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна хэмээн мэдэгдэж байв.
Н.Түвшин