
Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын дарга Ху Жиньтаогийн удирдлагаар хуралдсан юм. Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн мэдэгдэлд Хятадын Засгийн газар цаашид мөнгө зээлийнхээ уламжлалт бодлогыг барин урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд төсвийн бодлогыг идэвхтэй явуулна гэжээ. Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо нийгмийн амгалан тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахаар эдийн засгийн өсөлтөд шаардлагатай бүхнийг хийнэ гэж мэдэгдсэн байна.
Хятадын төрийн мэдээллийн агентлаг «Синьхуа» мэдэгдэхдээ БНХАУ-ын намын лидерүүд амжилтаа хөгжүүлж, даяарчлалын эдийн засгийн хямралыг туулахад Хятад бүх орнуудаас тэргүүлж байсан давамгайллыг улам нэмэгдүүлэхийг уриаллаа гэсэн байв. Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны зөвлөгөөн нь Хятадыг 2011-2015 онд хөгжүүлэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөний үзэл баримтлалыг хэлэлцэж буй.
Хятадын эрх баригчид инфляцийг барих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд мөнгө зээлийн бодлогоо чангахаар шийджээ. Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо санхүүгийн хямралаар зээлийн асуудлыг хөнгөвчлилсөн мөнгөний “харьцангуй чөлөөтэй” бодлогоо ирэх жилээс эхлэн илүү “болгоомжтой” бодлогод шилжүүлэн чангатгана.
Үүнтэй холбогдуулан хүүгийн ханшийг нэмэгдүүлэн инфляцийг хязгаарлах бодлого явуулна гэж эдийн засагчид тэмдэглэв. Хүнсний бүтээгдэхүүний үнийг аравдугаар сард эрс нэмсний улмаас Хятадын хэрэглээний инфляци сүүлийн 25 сард байгаагүй хэмжээнд хүрсэн билээ.