Хүндэтгэлийн хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн хуралдаан болов

Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ийг энэ сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-аас зохион байгууллаа. 

Анх Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар хуралдааны тогтоолоор анх үүсгэн байгуулагдаж байсан учраас уг өдрийг онцлон ийнхүү Хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байгаа юм. Дээрхи өдөр нь шинийн 15-ны билэгт сайн өдөр таарсанд төлөөлөгчид хийгээд аймгийн удирдлага, албаны хүмүүсээс бэлэгшээн талархаж байсан.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн нээж, Өвөрхангай аймгийн түүх, уг сурвалжийн талаар тодотгон өгүүлсэн бол аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Өвөрхангай аймгийн түүхэн хөгжил” сэдвээр илтгэл тавилаа.

Өвөрхангай аймаг нь тухайн үеийн Цэцэрлэг мандал-Уул аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтайгаар  Түйн голын “Цагаан эрэг” хэмээх газарт анхлан байгуулагдсан түүхтэй бөгөөд 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотноо шилжүүлэн төвлөрүүлж улмаар 1941 онд одоогийн Баянхонгор аймаг манай аймгаас төрж гарсан ажээ.

Хүндэтгэлийн хуралдаанд 1992 оны Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХын депутатууд аймгийн удирдлагууд болон төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмад хүмүүс, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтсүүд, мөн түүнчлэн хууль, хяналтын байгууллагуудын удирдлагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд урилгаар оролцсон юм.

Хүндэтгэлийн хуралдааны үеэр ЕБ-ын сургуулийн сурагчид гурван үеийн хүүхэд багачуудыг төлөөлсөн үг хэлж баяр хүргэсэн ба аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МУ-ын гавъяат барилгачин Л.Төмөрбаатар баяр хүргэн үг хэллээ. Мөн төр захиргааны ахмад ажилтан, ахмад дайчин Мөнхийн Цэдэндорж гуайг “Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналыг гардуулсан. Тэрбээр гэргийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд шагнал гардах үеэрээ “… бага залуу байхад манай урдуур өнгө өнгийн хайрцаг ачсан тэмээн жингийн цуваа явж улс амьтан ихэд сонирхон сураглаж байсан юм. Тэр үед ихэвчлэн ноос унгас ачсан тэмээ л явж байдгаас  тийм өнгө өнгийн хайрцаг ачсан тэмээн жин явж байгаагүй. Гайхаад лавлатал Өвөрхангай аймаг байгуулагдах гэж Баянхонгорын хийдээс ачаа барааг нь зөөж байгаа юм аа гэсэн” хэмээн аймаг байгуулагдах үеийн сонирхолтой түүхийн зурвасаас өгүүлсэн юм. М.Цэдэндорж гуай нас сүүдэр 91 хүрч байгаа ба орон нутгийн төр захиргааны байгууллагад 46 жил идэвхи, сэтгэл зүтгэлтэй, өндөр бүтээлтэй ажилласан нэгэн. 

Аймгийн “Хүндэт иргэн” хэмээх хамгийн том шагналыг түүнээс өмнө  Түүхийн ухааны их доктор, профессор С.Ичинноров, Сумогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар авч байжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж