Сумогийн холбооны орлого 10 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Сумогийн холбооны орлого 10 хувиар буурчээ

Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, холбооны 2010 оны орлого, зарлагыг дүгнэжээ.

Сумогийн холбооны 2010 оны орлого есөн тэрбум, 277 сая, 560 мянган иен буюу 100 гаруй сая ам.доллар байсан нь өмнөх 2009 онтой харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Гэтэл өнгөрсөн онд холбооны зардал 11 тэрбум иен давсан бөгөөд ингэснээр холбооны төсвийн алдагдал 1,7 тэрбум иен буюу 20 гаруй сая ам.долларт хүрчээ.

Ийнхүү холбооны орлого багасч, алдагдалтай ажилласан шалтгааныг “мөрийтэй тоглоомын” гэгдэж буй бейсболын тоглоомд бооцоо тавьснаас шалтгаалан үүдсэн дуулиан шуугиан, улмаар долдугаар сарын нагоя башёг телевизээр шууд дамжуулаагүй, мөн сумог сурталчлах хүрээнд зохиогддог үзүүлэх барилдаануудын үзэгч багассантай холбон тайлбарлажээ. Хэдийгээр сумогийн холбооны удирдлага дээрх шалтгааныг гол гэж үзэж байгаа ч мэргэжлийн сумогийн 68 дахь ёзозуна Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж, сумо дахь өрсөлдөөн илт багассан нь зайлшгүй нэг шалтгаан болж буй нь гарцаагүй.

Өдгөө сумогийн ертөнцийг донсолгож буй “даваа наймаалцах” асуудлын улмаас хаврын башёг цуцалсан нь санхүүгийн тал дээр ямар үр дагавар дагуулах эсэхийг Сумогийн холбооны удирдлагууд урьдчилан тооцоолохоос ч эмээж буй гэнэ.

Өчигдөр болсон Захирлуудын зөвлөлийн хурлын үеэр мөн дээрх хэргийг мөрдөн байцааж буй олон нийтийн тусгай комисс тайлангаа тавьсан байна. Тус комиссийг Токиогийн их сургууль болон Васедогийн их сургуулийн хүндэт профессор Сигеру Ито гэгч ахалж байгаа бөгөөд түүний тайлагнаснаар “даваа наймаалцах” хэрэгт холбогдсон 14 бөхөөс гурав нь одоо болтол гар утсаа шалгуулахаас татгалзсаар байгаа гэнэ. Мөн өөр гурван бөх эвдэрхий гар утас өгсөн бөгөөд бас нэг сумоч гар утсаа хаясан гэх шалтгаанаар мөрдөн байцаалтын явцыг удаашруулж байгаа аж. Гэтэл үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компани нь үйлчлүүлэгчдийн хувийн нууцыг гадагш задраахгүй гэсэн журмын дагуу Сумогийн холбоотой хамтран ажиллахаас татгалзсан учир мөрдөн байцаалт мухардалд ороод байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж