Хятадын эрх баригчид ууртай байна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хятадын эрх баригчид ууртай байна

Цагаан хэрэмний цаана ил биш ч цаагуураа урд хөрш маань бүхэлдээ үймж эхлэв. Тэрбум гаруй иргэнээ хэрхэн нэг гарт зангидах вэ гэсэн ээлжит “толгойны өвчинд” эрх баригчид нь нэрвүүллээ. Хятадын эрх баригчид тус улсын Засгийн газрыг эсэргүүцэж, эрх чөлөө, ардчиллыг хүсэмжилсэн жагсагчдыг өнгөрсөн ням гарагт хүчээр тараасан юм.  Уг үйл явдлыг аль болох нууц байдлаар бүхэлд нь хяналтдаа байлгахыг оролдсон ч чадаагүй юм. Уг жагсаалыг зохион байгуулагч, өдөөн турхирагч хэмээн буруутгаж одоогийн байдлаар хэд хэдэн тэрс үзэлтнийг Хятадын хууль сахиулагчид баривчилсан аж. Өнгөрсөн бямба гарагт хятад хэлээр мэдээллээ цацдаг Америкийн “boxun.com” сайтад уг эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг  уриалсан нийтлэл гарсан нь энэ бүхний эхлэл гэж таамаглаж байна. Хэн бичсэн нь тодорхойгүй уг мэдээлэлд Хятадын ард түмнийг Египет, Тунисын тэмцэгчдээс үлгэр авч, ирээдүйдээ хариуцлагатай хандахыг уриалсан байжээ. Гэвч “Жасмин” буюу “Мэлрэг цэцгийн хувьсгал” хэмээн нэрлэсэн энэхүү эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараасан боловч үүнийг зөвхөн гал унтраах төдий зүйл хэмээн мэдээллийн зарим хэрэгслээр тайлбарлаж байна. Хүчээр барьж байгуулсан үзэл бодлын энэхүү даланг хэзээ нэгэн цагт хуралдсан их ус зад татах байсан хэмээн  гадаадын зарим ажиглагч үзсэн байна. Яахав, энэ удаа хүчээр тогтоон барьсан ч хоёр, бүр  гурав дахь удаагаа ийм жагсаал болбол яах бол гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Тяньаньмэний талбайд 1989 онд болсон оюутны бослогыг нэг шөнийн дотор нухчин дарсантай адил үйл явц  одоо давтагдахгүй нь мэдээж. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ зөвхөн хүчээр тараах, аллага үйлдэх тухайд шүү дээ. Харин иймэрхүү жагсаал, цуглааны буухиа  цаашид үргэлжилж  магадгүй юм. Тэр үеийг одоотой харьцуулахад тус улсын эрх баригчид арай л уян хатан бодлого баримталж байгаа юм. Ялангуяа иймэрхүү зүйлд тус улсын эрх баригчид маш няхуур хандаж байгаа учраас “Мэлрэг цэцгийн хувьсгал” шиг жагсаал дахиад болсон тохиолдолд яах вэ гэдэгт санаа зовохоос ч аргагүй юм.  Өнгөрсөн ням гарагт болсон шиг жагсаал цаашид боллоо гэхэд бүр ч өргөжиж магадгүй гэж гадны ажиглагчид үзсэн нь хамгийн их сонирхол татаж байна. Энэ талаар “Washington Post” сонин ч мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт Хятадын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасан бөгөөд өнөөг хүртэл Бээжин, Шанхай зэрэг томоохон 13 хотод цагдаа нарыг бэлэн байдалд байлгаж байна. Түүнчлэн эдгээр хотод гар утасны сүлжээг хааж, интернэтийн орчинд хязгаарлалт хийжээ. Ингэснээрээ эсэргүүцлийн жагсаал газар авахаас сэргийлж байгаа төдийгүй дахин сэдрэхээс маш их болгоомжилж  буй бололтой. Жагсаалд оролцогчдын тоо одоогоор тодорхойгүй. Гэхдээ хууль сахиулагчид Бээжинд дө­рөв, Шанхайд гурван хүнийг баривчилжээ. Бээжинд жагсагчдын хувьд тус хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Ванфуцин гудамжинд, “МакДональдс” рестораны гадна зуу гаруй хүн цуглаж, цагаан өнгийн мэлрэг цэцгийг гудамжаар асгаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин Шанхайд дээрхтэй төстэй аргаар хүмүүсийн анхаарлыг татахыг оролдсон бөгөөд төдий тооны хүн гудамжинд жагссан байна. Тэд “Засгийн газар балмад этгээдүүдээр дүүрсэн” хэмээн хашгирч, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байгаад гомдолложээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээгээр тус улсын  муж, тосгоны төлөөлөл гэх 100 гаруй хүн Бээжинд цуглаж шинэчлэлийг хүссэн агуулгатай цуглаан зохион байгуулсныг цагдаа нар хэт дэвэргэж, хүмүүсийн анхаарлыг татсан жагсаал болгон өргөжүүлсэн аж.  Ажиглагчид уг жагсаалын ард хэн байгааг нэрлэж чадахгүй байгаа юм.  Бас “Мэлрэг цэцгийн хувьсгал”  нь сүүлийн үед тус улсад болсон ардчиллын төлөөх хувьсгалын  нэг хэсэг мөн эсэхийг тэд нарийн тодорхойлж чадахгүй байна.
 Арабын ертөнцийг бүхэлд нь шахам хамарсан үймээн самуунтай төстэй үйл явдал ойрын хэдэн жил  Хятадад болоогүй байсан юм. Ямартай ч өчигдрийн байдлаар тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэхийг хориглож, интернэтийн орчинд Ойрхи Дорнодын талаарх мэдээллийг хайх бүх гарц, сувгийг хаасан байна. Египет, Тунисын хувьсгалд twitter facebook-ээс гадна гар утасны сүлжээ маш их нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Тиймээс хятадууд ч үүнээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн  арга хэмжээ авчээ. Жишээ нь “Twitter” сайтаар “мэлрэг цэцэг” гэсэн үг хайх бүх боломжийг блоколсон. Ням гарагийн үймээний үеэр 21 настай Ли Сябао гэгч залуу зориуд урьдчилан бэлтгэсэн камераар уг үйл явдалтай холбоотой олон  зураг авч, интернэтээр цацсаныг олж тогтоосон төдийгүй түүнийг баривчиллаа. Угаасаа дэлхий даяар хэрэн тархсан интернэтийн   хэрэглээ бол сая болсон жагсаалын эхлэлийг тавьсан гэж эрх баригчид нь үзэж буйгаа нуухгүй байгаа юм. “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ын маргааш буюу өнгөрсөн даваа гарагт тус улсын Дотоодыг хамгаалахын тэргүүн Зоу Янгканг интернэтийн хяналтыг чангатгахаар болсноо албан ёсоор  мэдэгдэв. Тэрбээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах оролдлого гаргалаа хэмээн жагсагчдыг буруутгахаа мартаагүй. Түүнчлэн Хятадын томоохон 20 хотод ойрын өдрүүдэд олон  нийтийг хамарсан баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, цагдаа нарыг амралтгүй ажиллуулахаар боллоо. Харин “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэгчлэн гол буруутан болоод байгаа “boxun.com” сайтын тухайд тэмцэлд уриалсан мэдээлэл цацсанаас хойш хэдхэн цагийн      дараа хакерын халдлагад өртөж хаагджээ. Үүнээс гадна БНХАУ-ын дарга Ху Жинтао Бээжингийн Намын дээд сургууль дээр өнгөрсөн бямба гарагт тавьсан илтгэлдээ “Интернэтийн орчны бүх хэрэглээ, мэдээллийг нэмэгдүүлж, олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлнэ” гэж мэдэгдсэн ч хатуу хяналт тогтоохыг уриалсан нь интернэт хэрэглээ, мэдээллийн хэрэгсэл дэх төрийн хяналтыг улам чангатгана гэж байгаагийн илрэл болохыг үгүйсгэхгүй. Хятадын “People’s Daily” сонинд Ху Жинтао хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа ч энэ талаар онцолжээ. Мөн “Chinа Youth Daily” сонины ерөнхий эрхлэгч асан Ли Датонг “Коммунист намынхан маш ууртай байгаа.  Тэд хяналтаа улам чангатгана. Барууны загварын ардчилал улс орон бүрт жигд тохирохгүй гэж тэд ярьж байсан. Гэвч одоо тэдний үг худлаа болохыг энэхүү үймээн нотоллоо” гэсэн нь ч ажиглагчдын анхаарлыг татаж байна. Хятадын эрх баригчид үнэхээр ууртай байна. Сөрөг хүчин нь сэргэж, тэрс үзэлтнүүд, ардчиллыг хүсэмжлэгчид амь орох вий гэхээс тэд ихээхэн айж байгаа.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж