
Монгол бөхийн өргөөнөө аймаг үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн сурталчилгааны нээлт буюу Золголт-цэнгүүн, Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд нутгийнхаа үзэсгэлэн төгөлдөр байгалийн зураг, авъяас билигт урчуудынхаа уран сийлбэр бүхий бүтээлүүдийг сурталчилсан үзэсгэлэн, Дуурийн театрт аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх “Суварга” хүүхдийн театрын “Сэтгэлийн дуулал” мюзикл тоглолт, Улаанбаатар зочид буудалд Хандивын уулзалт зэргүүдийг зохион байгууллаа.
Шинийн 9-ний билэгт сайн өдөр Бөхийн өргөөнд болсон золголтын арга хэмжээнд одон тэмдгээ энгэртээ гялалзуулсан азай буурлууд, ангийнхан, анд нөхдөө хайсан идэр насныхан, оюутан залуус, бага балчрууд гээд нутгаа санасан түмэн үй олноороо цуглаж хөл тавих зайгүй шахам байсныг бахархалтайгаар хэлэхээс аргагүй. Бүгд л үндэснийхээ дээл хувцас, хэт хутга, хөөрөг даалингаараа гангарч төв Халхынхаа гоёлоор гайхуулжээ. Арван есөн сумаас очсон удирдлага, ажлын албаныхан нутаг нугын хүмүүсээ хүндэтгэлтэйгээр хүлээн авч сар шинийхээ идээ шүүснээс амсуулж байсан ба “Нутагтаа ирсэн юм шиг л боллоо. Нутгийн минь идээ цагаа ч цаанаа л амттай шүү… Нутгаа бүр их саначихлаа, үнэр нь ч үнэртэх шиг…” гэсэн үгс хаа сайгүй сонсдож, олон жил уулзаагүй нэгэнтэйгээ дуу шуу болон золгох нь уулзалт цэнгүүний нэгэн чимэг байв. Өргөөнд суудлуудын дээр сумдын нэр бүхий пайзыг өлгөсөн нь зочид “ижлээ” олоход нь тун амар байсан юм.
Сайхан хун жигүүр амрааж
Сангийн далай чуулах үеэр
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадал шиг тоосрон байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Говийн хангай, талын хангай, уулын хангай Өврийн сайхан хангайгаараа овоглосон түмэн олон та бүхнийхээ энэ билэгт сайн өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилье!… гэсээр Өвөрхангай нутгийн уугуул МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ганбаатар, Улаанбаатар телевизийн хөтлөгч Орхонтуул нар цэнгүүнийг хөтлөсөн бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, АБГББХорооны дарга З.Энхболд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, Засаг дарга Д.Тогтохсүрэн нарыг арга хэмжээний нээлтийг хийж билэг ерөөлт үгээ хайрлахыг хүсэн тайзнаа урьснаар сар шинийн золголт-цэнгүүн эхэлсэн билээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай нутгийнхаа байгалийн сайхан, онцлог, ард иргэдийн зан заншил, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хүргэж, Д.Лүндээжанцан гишүүнээс “ …төмөр мэт хатуу, илжиг мэт зүтгэж, туулай мэт авхаалжтай сэргэлэн байж, ажил үйлс нь ариун цагаан явах”-ын өлзийтэй ерөөлийг нутгийнхаа зон олонд дэвшүүлсэн юм.
адмыг уртын сайхан дуугүйгээр төсөөлж боломгүй. Аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийн хуудас болсон олон арван алдарт уртын дуучид Өвөрхангайгаар овоглогдож явдаг. Тэдний төлөөлөл болсон МУГЖ Түвшинжаргал, МУГЖ Базарбат, МУГЖ Очирбат, дуучин Жавхаасайхан нар Намсрайжавын нэрэмжит Улсын филорманийн Морин хуурын чуулгынханы уянгат сайхан эгшигэн дор Монгол ардын уртын дуу “Эр бор харцага”-аар ая дууны түрлэг өргөж золголт-цэнгүүний “салхийг хагаллаа”.
Монгол эрийн босоо цагаан хийморийн ордон гэгдэх Бөхийн өргөөний хойморт Өврийн сайхан хангай нутгийнхаа цадиг түүхт он жилүүдтэй ажил үйлс, амьдралаараа гагнаас мэт холбогдсон олон сайхан буурлууд суудлаа эзлэн суусан юм. Тэдний дунд МУ-ын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Нарийнтээл сумын уугуул Д.Цэрэнтогтох, Хархорин сумын уугуул, МУ-ын заан “Том” хэмээгдэх Ц.Санжаа, МУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин, Тарагт сумын уугуул Ш.Дуламсүрэн, Улсын бага хурлын гишүүн, Хошууч генерал, Бүрд сумын уугуул Ч.Цэрэндагва, Улсын бага хурлын гишүүн Ч.Аюурзана, доктор, профессор, Тарагт сумын уугуул н.Жамбалдорж, Түүхийн ухааны доктор, профессор, Тарагт сумын уугуул С.Ичинноров, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан, Нарийнтээл сумын уугуул Ш.Батбаяр, Гадаад харилцааны сайд асан, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Хужирт сумын уугуул Ц.Гомбосүрэн, Улс төрийн товчооны гишүүн, УИХ-ын гишүүн асан, Хүнс Хөдөө аж ахуйн сайд асан, МУ-ын гавъяат агрономич, доктор, Баян-Өндөр сумын уугуул Ц.Өөлд зэрэг хийсэн ажилтай хэлэх үгтэй буурлууд олноор байсан бөгөөд Нутгийн зөвлөл, аймгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадгаа барьж золголоо.
МУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт Зэвэгийн Ойдов гуай хүндэтгэлийн тайзнаас хуран цугласан нутгийнхандаа сар шинийн дүүрэн мэндийг дэвшүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтох тарган ирэгний ууц таллан хишиг хүртээв.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсийн авъяаслаг хүүхэд багачуудаас ая дуу, бүжгийн сайхнаар богц дүүрэн бэлэгтэй очиж зочиддоо өргөн барьлаа. Найрал дууны “Инээмсгэлэл” хамтлаг, “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын уралдааны хошой мөнгөн медальт, БНХАУлсад зохиогдсон Азийн хүүхэд залуучуудын урлагийн их наадмын Гран при шагналт, аймгийн ХТХ-ийн дэргэдэх “Суварга” хүүхдийн театрын бүжгийн “Ирмүүн” хамтлаг, Хүүхдийн урлагийн их наадмын алтан медальт Морин хуурын “Сонор” хамтлаг, “Суварга” театрын гоцлол дуучин “Дуулал-Өв” наадмын алтан медальт, “Би эстрадын дуучин” улсын уралдааны алт, Хүүхдийн урлагийн их наадмын мөнгөн медальт Б.Гэрэлцэцэг, Хүүхдийн урлагийн их наадмын алт, Шилдэг концерт шалгаруулах улсын уралдааны алтан медальт Ч.Дуламжав, Хүүхдийн урлагийн их наадмын алтан медальт О.Батдорж, гоцлол дуучин Б.Мөнх-Очир, Н.Балжинням, Л.Батцэрэн нарын авъяаслаг хүүхдүүд ирээдүйд төрөлх нутгийнхаа нэрийг дуурсгасан алдартнууд болж тодрохоо энд дахин баталсан. Мөн Хайрхандулаан сумын уугуул, “тогдгор” хэмээгдэх МУГЖ Галсантогтох, Есөнзүйл сумын уугуул, “Түмэн эх” чуулгын дуучин СТА Нэргүй, СТА З.Цэрэндорж, Төгрөг сумын уугуул залуу дуучин Идэржавхлан, дуучин Жавхаасайхан, Чулуунчимэг нар ая дууны мялаалга өргөлөө.
Аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн золголт-цэнгүүний арга хэмжээгээр аймаг, сумын цолтой хүчит 32 бөхийн барилдаан болж, МҮБХолбооны нарийн бичгийн дарга, Хайрхандулаан сумын уугуул, бөхийн тайлбарлагч н.Цогт баатар тайлбарласан бөгөөд үзүүр түрүүнд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, “Макс” грүпп, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, Тарагт сумын харъяат аймгийн арслан Б.Сангисүрэн, ЗХ-ний Алдар спорт хорооны бөх, Баянгол сумын харъяат,аймгийн арслан Б.Батдорж нар үлдсэн юм. Түүхт 80 жилийн сурталчилгааны нээлт, Туулай жилийн золголт- цэнгүүний хүчит бөхийн барилдаанд Сангисүрэн арслан түрүүллээ.
Золголт-цэнгүүний үеэр Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлөөс өөрийн нэрэмжит шагналыг МҮОНРадиогийн сэтгүүлч, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Бямбадорж, МҮОНРадиогийн сэтгүүлч, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн, Эрүүл мэндийн гавъяат ажилтан н.Даш-Ёндон, МУ-ын гавъяат дасгалжуулагч, Улсын заан З.Дүвчин, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Сумъяа, Шашны их сургуулийн хүндэт доктор Цэрмаа, Жудо бөхийн ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, МУ-ын гавъяат багш Нарантуяа, МУ-ын начин Т.Санчир, МУ-ын алдарт уяач Б.Отгоннасан, Шатрын олимпиадын мөнгөн медальт Гүндаваа, Шатрын өсвөрийн дэлхийн аварга Номин-Эрдэнэ нарын 13 хүндэт иргэндээ гардуулсан өгсөн. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг хичээл сурлагын болон урлаг спортын онцгой амжилт гаргасан, орон нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцаж буй 20 оюутанд өглөө.
Арвайхээр сумаас унаган хүү МУ-ын гавъяат тамирчин, Шигшээ багийн боксчин У.Мөнх-Эрдэнийг “Хүндэт иргэн”-ээрээ өргөмжилсөн бол Баян-Өндөр сумын Засаг дарга Ц.Нямсүрэн сумандаа Халхын өндөр гэгээн Занабазарын “Маанийн бүтээл”-ийг хурахад хувь нэмрээ оруулсан хүмүүсээ шагнан урамшуулав. Мөн Өвөрхангай аймгийн уугуул улс, аймгийн цолтой зарим бөхчүүдэд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” хэмээх цол зэрэг өгсөнийг МУ-ын арслан Д.Ганхуяг хүрэлцэн ирсэн бөхчүүдийн энгэрт нь зүүж өгсөн юм.
Бүтэн дөрвөн цаг гаруй үргэлжилсэн золголт-цэнгүүний төгсгөлд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноровын ая “Өвөрхангайн нутаг” хэмээх дууг СТА Эрдэнэсүрэн дуулснаар сонирхууллаа.
Түүхт 80 жилийн сурталчилгааны нээлт, Туулай жилийн золголт- цэнгүүн ийнхүү хөл хөөр ихтэй өргөн дэлгэр болж, Өвөрхангай нутгаар овоглогдож явдаг улс төр, урлаг спорт, нийгмийн нэр хүнд бүхий алдартнууд, уугуул иргэдийн маань сэтгэлийн их илрэл энд цогцлон хурсан буюу.
жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээгээр Монголын уран зургийн галерейд үе үеийн сийлбэрчдийнхээ бүтээлийг дэлгэж Өвөрхангайчуудынхаа нүдийг хужирлалаа.
Сийлбэрчдийн үзэсгэлэнд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Доржийн шавь нарын хамт урласан сийлбэртэй зургаан ханатай гэр болон Өвөрхангай аймгаас төрөн гарсан уран сийлбэрчдийн “Баян байгаль”, “Уурхайчин”, “Ум модон толгойтой хөөрөг”, “Тэмээ сургагч”, Л.Доржийн “Орхоны хүрхрээ”, “Таван эцэг мал”, “Аргал угалз”, “Уургач” зэрэг төрөл бүрийн мод, чулуу, ясаар сийлсэн бүтээлийг дэлгэсэн байлаа. Өвөрхангайчууд бидний бас нэгэн бахархал бол Монгол Улсад сийлбэрийн төрлөөр гавьяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар Л.Чуваамэд нарын алдартнууд бүгд манай аймгаас төрөгсөд юм.
Үзэсгэлэнд тавигдсан байгалийн зургууд нь сэтгүүлч Х.Бадамсамбуугийн онгоцоор авсан зургууд бөгөөд энэ үеэр дуудлага худалдаа болж Баянгол сумын харъяат “Цагаан бургалтай” ХХК-ийн захирал Л.Ганболд таван сая төгрөгөөр сонирхсон зургаа худалдан авсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өөрийн барьж байсан алтны хольцтой үзгээ дуудлага худалдаагаар борлуулж нутгийн нэгэн бизнесмэн 5 сая төгрөгөөр худалдан авсан юм. Тус үзгийг тэрбээр УИХ-ын дарга байх үедээ хэрэглэж байсан ба олон хууль батлалцсан үзэг гэдгээр ийнхүү үнэ хүрчээ.
Дээрхи арга хэмжээний хүрээнд аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх “Суварга” хүүхдийн театрын жүжигчид “Сэтгэлийн дуулал” хэмээх театрчилсан тоглолтоо зохион байгуулсан байна. Найруулагч, СТА Наранжаргалын найруулсан уг тоглолт нь хүүхдийн ертөнц дэх харилцаа, шүтэлцээ, хүсэл мөрөөдлийн талаар тод өгүүлсэн аж.
Түүнчлэн Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан Хандивын уулзалтанд Өвөрхангай аймгийн сум бүрээс Нутгийн зөвлөлийнхэнтэйгээ хамтран 8-15 төлөөлөгчтэйгээр хүн бүрийн 1 сая төгрөгийн “такс” аван оролцсон бөгөөд мөн Улаанбаатар хотноо суугаа манай аймгийн уугуул иргэд, хөдөлмөрчид, алдартан суутнууд хүрэлцэн ирсэн юм.
Хандивын үеэр Уянга сумынхан баян гэдгээ харуулж 130.0 сая төгрөгийн хандив өргөсөн бол “АПУ” ХК-ийн захирал Г.Батчимэг 50.0 сая, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар 40.0 сая, Улсын заан Д.Долгорсүрэн гэр бүлийн хамтаар 25 сая /аварга тусдаа юм бодож байгаа биз хэмээн онцлов/ гэх мэтээр хандив өргөцгөөлөө. Мөн тодорхой албан тушаал эрхлэгчдийн зүгээс ажлын онцлог байдлаараа дэмжлэг үзүүлэхээр амласан юм. Тухайлвал МҮОНТ-ийн захирал Наранбаатар үнэ төлбөргүйгээр нэвтрүүлгүүд хийж өгөхөөр болсон байна.
Юутай ч Улаанбаатар хотноо суугаа Өвөрхангайчууд маань нутгаа гэсэн сэтгэлээр өөрийн чадах, мэдэх, байгаа бүхнээ харамгүй зориулж, түүхт 80 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх эх суурийг бүрэн бүрдүүлж өглөө.
Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг:
Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс аймгийн ЗДТГазартай хамтран жил бүр сар шинийн золголтыг хийдэг уламжлалтай. Энэ жил 5 дахь удаагийнхаа золголтыг зохион байгуулж байна. Энэ жилийн золголт цэнгүүнийг Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээтэй хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Өвөрхангай аймгийн болоод бүх сумдын удирдлагууд оролцож байгаа. Золголтын дараа сумдын удирдлагууд сум сумынхаа Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзаж, аймгийн 80 жилийн ойдоо хэрхэн оролцох тухайгаа ярилцсан.
Энэ жилийн золголтын бас нэг онцлог нь Өвөрхангайн авъяаслаг хүүхдүүдийнхээ тоглолтыг Улаанбаатар хотод суугаа нутгийн ахан дүүст үзүүллээ. Хүүхдүүд маань Найрамдал зусланд гурав хоног бэлтгэлээ хийж энэхүү тоглолтоо сонодуулсан юм.
Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг гүйцээн байгуулах, МУ-ын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын нэрэмжит төв талбайг боржин чулуугаар солих гээд түүхт 80 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх ажлуудад Өвөрхангай нутгаас Улаанбаатар хотод суугаа хүмүүсээсээ сэтгэлийн дэм авах Хандивын хүлээн авалтыг зохион байгуулах юм. Золголт цэнгүүн өнөр өтгөн сайхан болж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Энэ жилийн золголт сайхан болж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Өвөрхангайн уугуул иргэд, Өвөрхангайд ажиллаж амьдарч байсан хүмүүс үй олноороо ирж оролцож байна. Түүхт ойн жилдээ манай Өвөрхангайчууд аймаг, сумдынхаа 80 жилийн ойг тэмдэглэх болоод улс орны хэмжээний олон ажилд сэтгэл зүтгэлтэйгээ оролцох юм байна гэдэгт итгэл дүүрэн байна. Өвөрхангайчууд та бүхэндаа сайхан хаваржиж, малчид маань төлөө бүрэн авч, отор нүүдлээ сайн хийх, газар тариалан эрхлэгчид тариа ногооныхоо бэлтгэлийг сайн ханган ажил үйлсдээ амжилт олох, хүүхэд багачуудаа сурлагын өндөр амжилт, ахмад буурлууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:
-Өнөөдөр аймгийнхаа 80 жилийн ойг угтаад туулай жилийн эхэн дээр нутгийн хамт олонтойгоо сууж байгаа минь их сайхан санагдаж байна. Өмнө нь золголтууд болж л байсан. Гэвч энэ удаагийнх шиг ингэж цуглаж байгаагүй. Гадаа танхимд орж ирж чадахгүй, багтахгүй үлдсэн олон хүн байна. Тэгэхээр Өвөрхангайнхан бол нутаг усныхантайгаа сэтгэл нэгдэж, санаа зовж явдаг, садан төрөл, танил хүмүүсийнхээ барааг харж, золгъё гэсэн чин сэтгэлтэй хүмүүс юм гэж ойлгож байна. Өвөрхангайчууд бид их азтай улсууд. Бид Монгол дотроо хамгийн сайхан нутагт төрсөн. Хангай байна уу байна, хээр байна уу байна, тал байна уу байна, говь байна уу байна. Монгол улсын аймгуудаас улирлын хувьд аятай, тэгшхэн нь Өвөрхангай, Хэнтий хоёр шүү дээ. Манай аймгийн хойноос урд талыг дуусгахад Монгол орын байгалын бүх өнгө төрхтэй нь танилцчихаж байгаа хэрэг. Мөн Өвөрхангайд эртний нийслэл байна. Одоогийн нийслэлийн суурь шав тавьсан газар байна. Шашны хамгийн том төв байсан Эрдэнэзуу байна. Урагшаа гарсан хамгийн чухал гол Онги байна. Номхон далайтай нийлдэг Орхон байна. Бид юугаар дутах вэ?
Хамгийн баян, хамгийн жаргалтай, хамгийн их бахархалтай байх ёстой хүмүүс бол Өвөрхангайчууд бид. Тиймээс сайн ажиллаж сайхан амьдрах ёстой. Туулай жилд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Уугуул, суугуул бүгдээрээ ажиллах, бүтээх л хэрэгтэй байна даа.
– 80 жилд зориулж туурвиасан уран бүтээлээ сонирхуулахгүй юу?
– Д.Пүрэвдорж гуайн “Өвөрхангайн нутаг” гэх алдарт шүлгэнд ая хийж өгөөч гэж аймгийн удирдлагууд надаас хүссэн юм. Хөгжмөө бичиж дууссан. энэ цэнгүүний дараа танилцуулга маягаар сонсгоно. Ер нь бол нутгаасаа төрж гарсан алдартай дуучин, хөгжимчид, найрал дуучдыг оролцуулаад бичлэг, дүрстэй нь 80 жилийн ойн арга хэмжээний өмнө бэлэн болгож өгнө гэж бодож байгаа.
-Та сар шинээр нутагтаа очив уу?
– Ахынх маань Өлзийт сумын хойно, Хужирт сумын урд Дулаан ууланд өвөлжиж, хаваржиж байгаа. Золголтоор яваад очихдоо 11 цаг, ирэхдээ 6 цаг цас ухлаа ш дээ/инээв/. Тэгээд ахдаа “ энэ зун манай нутагт заан төөрөхөөр их ногоо ургах юм байна” гэж хэлсэн. Их сайхан санагдсан. Сайхан байна.
МУ-ын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Цэрэнтогтох:
Урьд өмнөх золголтуудаас их өргөн дэлгэр болж Бөхийн өргөөнд багтахгүй шахам байна. Туулай жилдээ нутгийн зон олны минь сэтгэл их тайван сайхан байгаагийн илрэл болов уу гэж ойлгож байна даа. Тэр дундаа манай бөхчүүд их өнгөлөг өөдрөг харагдаж байна. Ингээд нутгийнхаа ард түмэнд онд мэнд орж, их ойгоо амжилт бүтээл дүүрэн тэмдэглэхийг хүсэн ерөөе.
Боксийн шигшээ багийн тамирчин, МУ-ын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ:
– Энд ирж чадаагүй нутгийнхаа ард түмэнтэй танай сониноор дамжуулан золгъё оо. Өвлийг өнөтэй давж, тавтай сайхан хаваржиж байна уу? Би Арвайхээрийн унаган хүүхэд. Сар шинийн билэгт энэ сайн өдөр сумын “Хүндэт иргэн” болсондоо баяртай байна. Нутгийнхаа цэнгэг сайхан агаар ус болоод төрж гарсан олон арван алдартнуудаараа би их бахархаж явдаг.
– Гэмтэлтэйн улмаас тэмцээнд орж чадахгүй байгаа гэсэн. Одоо бие сайн уу?
– Гартаа гэмтэл авсан учраас өнгөрсөн жил тэмцээнд оролцож чадаагүй. Герман улсад эмчилгээ хийлгэн эдгэж байгаа учраас 2 сараас эхлэн бэлтгэлээ хийж эхэлнэ. Энэ жил тэмцээнүүдэд оролцоноо.
Монгол улсын гавъяат жүжигчин уртын дууч Г.Очирбат:
-Жил болгон зохион байгуулдаг сар шинийн баярын ээлжит золголтоо хийж байна. Санаачлан зохион байгуулагч Нутгийн зөвлөл, аймгийн төр захиргааны байгууллагын хамт олонд талархаж явдагаа илэрхийлье.
– Та хичнээн хүнтэй золгоод байна вэ?
– /Инээв/ Зөндөө зөндөө. “Өлзийт” гэсэн хаягныхаа дор нутгийн ахан дүүстэйгээ суулаа. Төрөл садан, таньж мэдэх, таньж мэдэхгүй ч хүмүүс олон л золгож байна.
“Сутай” дээд сургуулийн дэд захирал, профессор, Соёлын гавъяат зүтгэлтэн, хурандаа И.Төмөрбат:
Туулай жил гараад манай аймгийн хэмжээнд маш том арга хэмжээ болж байна. Амаргүй боловч азтай завшаантай сайхан явдал юм. Энэ сайхан үеийг тохиолдуулж Зүүнбаян-Улаан сумынхаа ард түмэн, өссөн төрсөн нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлье. Туулай жилд манай аймгийн 80 жил болох нь Энэ бол бага хугацаа биш. Энэ түүхэн замналаас миний баярлаж бахархаж явдаг зүйл бол манай аймгийн ард түмэн төрд, түмэнд хэрэгтэй олон сайхан хүмүүс төрүүлсэн. Төрсөн нутгаа бодохоор төрсөн аав ижийгээ бодох юм. Төрсөн аав ижийгээ бодохоор төрсөн нутгаа бодох юм. Жаргалант хайрхан, Начингийн даваа, Борхын гол, Борхын өндөр толгой гээд бодохоор үргэлж сэтгэл бадарч явдаг ийм сайхан нутагтай юм даа.
Монгол улсын гавъяат жүжигчин уртын дууч Г.Очирбат:
-Жил болгон зохион байгуулдаг сар шинийн баярын ээлжит золголтоо хийж байна. Санаачлан зохион байгуулагч Нутгийн зөвлөл, аймгийн төр захиргааны байгууллагын хамт олонд талархаж явдагаа илэрхийлье.
– Та одоогоор хичнээн хүнтэй золгоод байна вэ?
– /Инээв/ Зөндөө зөндөө. “Өлзийт” гэсэн хаягныхаа дор нутгийн ахан дүүстэйгээ суулаа. Төрөл садан, таньж мэдэх, таньж мэдэхгүй ч хүмүүс олон л золгож байна. Золголтыг жил бүр зохион байгуулж, холыг ойртуулж хоёрыг уулзуулж байдаг Нутгийн зөвлөлийн болон аймгийн төр захиргааныханд баярласнаа илэрхийлж ажилд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Б.Батчимэг