Эрхэм гишүүд ээ, манайд зочлогтун

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүд ээ, манайд зочлогтун

УИХ-ын намрын чуулган зас­варлаж, гишүүд хоёр сар орчмын хугацаанд саарал ордноос ангид ажлаа явуулна.  Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацааг ашиглаж  УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооноос  хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг товлоод буй. Тус байнгын хорооны төлөвлөгөөнд тусгагдсанаар бол эхний ээлжинд Замын-Үүдийн гааль, чө­лөөт бү­­сийн үйл ажил­лагаа, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж “Мон-Атом” компаниар зочлох гэнэ. Мөн  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, 2011 онд Байнгын хороонд сонсох мэдээллийн хуваарийн дагуу зарим мэдээллийг сонсох, “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайлан-мэдээллийг нээлттэй сонсгол хэлбэрээр сонсох зэргээр  чуулганы завсарлагааг ашиглах бололтой.

Байгуулагдаад багагүй хуга­цааг үдсэн  “Мон-Атом” ком­панийн үйл ажиллагаа  эрхэм гишүүдийн сонирхлыг энэ удаад  татах болсны шалтгаан юу байв. Өмнө нь яагаад тус компаниар зочилж, үйл ажиллагааг нь сонирхож болоогүй юм бол. Тэр тусмаа Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Хан ресурс”-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, “Мон-Атом” компаниас 200 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа энэ үед эрхэм гишүүд тус компанийн үйл ажиллагаатай танилцах  нь багагүй хардлага төрүүлж буй. Хэтэрхий нууцлагдмал, мэ­дээл­лийн хувьд хаалтаар цэг тавьдаг тус компани ОХУ-тай хамтран “Дорнод Уран” компани байгуулах үүрэг хүлээсэн. Харамсалтай нь, энэ асуудал өнөө хэр ажил болж чадахгүй байгаа нь эрхэм гишүүдийн сонихрлыг татсан байж болох талтай. Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооныхон чөлөөт бүсийн явц, саатаж буй шалтгааныг олохоор газар дээр нь очих гэнэ.  УИХ-аас 2002 онд чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасан бөгөөд есөн жил таг мартсан шийдвэрээ эрхэм гишүүд эргэж харахаар шийдэв бололтой.

Тэд газар дээр очоод олиг­тойхон юм олж харахгүй нь тодорхой.  Энд чөлөөт бүс байгуулна гэсэн үүд хаалга нь нээгдээгүй, үзүүлэх зүйл багатай чөлөөт бүсийн дүр зургийг л сонжих дэг. Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Чойрын гэх дөрвөн чөлөөт бүстэй болохоор есөн жилийн өмнөөс мөрөөдсөн. Даанч “мөнгө”-гүйн шалтгаанаар мөрдлөө гүйцээж чадахгүй байгаа гэх. Тиймээс мартагдах шахсан асуудлыг хөндөж ажил хийсэн дүр  эсгэх нь эрхэм гишүүдийн улс төрийн карьерт хэрэгтэй байсан ч юм бил үү.  Ингэхэд, гишүүдэд дуулгахад 2008 он гэхэд ажлаа хэдийн эхэлчихсэн байх ёстой чөлөөт бүсүүд 2015 онд үүдээ нээх  горьдлого тавьж буй юм билээ. Уг нь  арваад оны өмнөх шийдвэрээ ажил болсон эсэхийг өнөөдөр биш өчнөөн жилийн өмнө шалгасан бол асуудал арай л нааштай байхсан биз.

Байнгын хорооныхонд жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сай­дын тайлан-мэдээллийг нээлт­тэй сонсголыг сонсох нэг ажил бий. Мэдээж,  өнгөрсөн онд 30 тэрбумын зээлийг тарааснаар үйлдвэрлэл сэргэж байгаа гэх гоё тайлангаар сайд гишүүдийн сонорыг мя­лаах байлгүй. Гэтэл  үнэндээ өнөөдөр хүнсний салбарынханд дампуурах аюул тулгараад байна.  УИХ-аас өнгөрсөн онд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт жижиг дунд, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг айлгаж буйг дуулгахад буруудахгүй биз. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжид жилд төлөх 165 мянган төгрөг огцом өсч 10 сая 250 мянган төгрөг болсон. Энэ нь 60 дахин өссөн үзүүлэлт  бөгөөд  Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан хэрнээ  хөдөлмөр эрхлэгчдийг дарамталсан хууль гаргаж байгаад бизнесийнхэн гомдолтой байгаа. 

Эрхэм гишүүд энэ тэр бай­гуул­лагын үүд татаж, аар саархан мэдээлэл сонсч сууснаас иргэдийн амьдрал, инфляцийн хөөрөгдөл, үнийн хөөсрөл, үйлдвэрлэгчдийн зовлонг  нэг өдөр сонсох юм бол илүү бүтээлч ажил болох бус уу. Дугаар хорооны иргэн Дугар гуайн амьдралтай танилцаж,  эмзэг бүлгийн өрхийн үдшийн хоолны “цэс”-энд өөхтэй мах байгаа  эсэхийг шалгаад үзчихэд гэмгүй. Учир нь өнгөрсөн жилийн өдийгөөс махны үнэ нэг дахин өсчихсөн байгаа.
Ажилгүйдэл нэмэгдэж, амьжир­гааны төвшин  буурч,  ард иргэд хямарсаар л байна. Эдийн засгийн байнгын хорооноос гаргадаг элдэв шийдвэрүүд  иргэдийн амьд­рал­тай шууд холбоотой болохоор ардуу­дынхаа үгийг сонсч, амьдрал ахуйг нь өнгийгөөд харчихад буруудахгүй  л байх. Та бүхэн баталсан хуу­лийн­хаа хэрэг­жилттэй танилцая гэвэл  ир­гэ­­дийнхээ амьдралтай эхлээд танил­цна уу.  Манайд зочлогтун, эрхэм гишүүд ээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж