Коби “гэртээ” гялалзаж, өрнөд илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Коби “гэртээ” гялалзаж, өрнөд илүүрхлээ

NBA-ын Бүх оддын тоглолт биднийг гурван өдрийн турш уйдаасангүй. Эхний хоёр өдөр үзэгчдийг уйдаамгүй олон сайхан тэмцээн уралдаан болсон бол өнөөдөр сагсан бөмбөгийн энэ баярын оргил нь гэж болох NBA-ын өнөө цагийн бүх оддын тоглолт боллоо.

Лос-Анжелес хотын “Стэплс Центр” спортын ордонд болсон тоглолтын эхнээс л Дорнодын оддын довтолгоо амжилтгүй болж, өрнөдийн талбай хатуу гэдгийг харуулж байлаа. Харин эсрэгээрээ талбайн эзэн гэж болох Өрнөд бүсийн одод илүүрхэж эхэлсэн юм. Ялангуяа талбайдаа тоглосон Коби өнгөтэй байлаа. Тоглолтын эхний хагас дуусаагүй байхад “Хар Мамба” 21 оноо авч, түүхэн амжилтыг давтахад тун ойртов. Тэрбээр бүх оддын тоглолтын MVP шагналыг гурвантаа хүртсэн. Харин лигийн түүхэнд энэхүү нэр хүндтэй шагналыг дөрвөн удаа хүртсэн ганцхан тоглогч байдаг нь Боб Петит.

Тоглолтын эхний хагасыг 76:64 харьцаатай Өрнөдийнхөн илүүрхсэн бөгөөд гуравдугаар үед ч Леброн тэргүүтэй Дорнодын тоглогчид оноог ойртуулж чадахгүй байлаа. Гэхдээ тоглолтын шийдвэрлэх үед байдал өөрчлөгдөж, Леброн, Жое Жонсон, Ховард, Бош нарын довтолгоо ээлж дараалан байндаа тусч байснаар тасарсан арваад оноог барьж чадсан юм. Дөрөвдүгээр үед багийнхнаа манлайлан тоглосон “Хаан Жеймс” трипл-дабл хийж, Бүх оддын түүхэнд нэрээ мөнхөлсөн. Кливлэнд хотноо 1997 онд зохиогдсон “Бүх одод”-д Майкл Жордан трипл-дабл хийн түүхэн дэх цорын ганц тоглогч гэгдэж байсан юм. Өөрийн шүтээнийхээ амжилтыг давтсан Леброн 29 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Харамсалтай нь, Леброн болон Дорнодын бусад оддын “ухаарал” хожимдсон байсан бөгөөд эцсийн мөчид хэд хэдэн холын зайн шидэлт гүйцэтгэсэн ч амжилт олоогүй. Улмаар Өрнөд 148:143 харьцаатай ялалт байгуулсан юм. Харин Коби Брайнт үзэгч олны саналаар MVP шагналыг дөрөв дэхээ хүртэн Петитийн амжилтыг давтлаа. Тоглолтыг чимж Гриффин, Ховард, Дюрант тэргүүтэй тоглогчид хэд хэдэн ер бусын слэм данк хийж байсан. Олон шинэ рекорд, олон амжилт давтагдсан 60 дахь удаагийн Бүх оддын тоглолт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жилийн Бүх оддын тоглолт Орландо хотын Амвэй Аренад болно.

С.Цэлмэг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж