Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

2006, 2007 оны заагаар Америкийн банкуудаас олгосон зээлжих зэрэглэл багатай моргэиж зээлийн эргэн төлөлт муудаж, америкийн 17 триллион долларын нөөцтэй банкны сектор доргиж, улмаар 24 арилжааны банк, мөн олон тооны хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллага хаалгаа барьснаас үүдэлтэй олон улсын санхүүгийн зах зээлийн хөрвөх чадварын хямрал гүнзгийрсээр эдийн  засгийн томоохон хямрал болсон. Харин бид өнөөдөр энэ дүр зургийг дүрслэн үзүүлэхээр хөдөлж байна. Монголчууд баян болжээ. Машины борлуулалт урьд өмнө нь байгаагүйгээр өсчээ. Банкууд ззэлээ олгосоор байна. 

Манай эдийн засагчид хямралаас гарахын тулд нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлчилгээг өргөтгөхөд хувийн хэвшлийн  хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж нэмэгдүүлэх, татвараас түр болон урт хугацаагаар чөлөөлөх, төрийн ямар нэгэн оролцоогүй  ажиллах, ямар нэгэн хязгаарлалтгүй  хэмнэх, хөрөнгө хуримтлуулах нь эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг болно. Харамсалтай нь бүх юм эсрэгээрээ явж байна. Улс орныхоо санхүүгийн салбарт зөв тогтвортой бодлого баримтлах, төсвийн алдагдлыг багасгах арга зам хайх, мөнгөний ханшийг тогтвортой байлгах, мөнгөний зах зээлийн алдаатай бодлогыг нэн даруй өөрчилж зөв голдиролд  оруулах, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй бодлого явуулах, хөрөнгө мөнгө босгох аргыг нийтэд зааж сургах талаар эрчимтэй ажиллаж байгаа ч харамсалтай нь үр дүн гарсангүй.

Судалгаа, тооцоо муутай, сонгуулийн өмнө улс төрийн ашиг хонжоо хайж амласан болон хэрэгжүүлж буй нийгмийн халамж тэтгэлгийн хавтгайруулсан бодлогоо өөрчлөх, заримыг нь зогсоохыг бодит амьдрал шаардаж байна. Өдгөө манай  улсын гадаад өр ДНБ-ний 30 орчим хувь болоод байгаа. Дахиад 1.5 их наяд төгрөг гадаад зээлээр босгоно гэвэл ДНБ-ний 20 гаруй хувь болох бөгөөд нийлээд нийт өр ДНБ-ний 50 орчим хувьтай  тэнцэнэ гэсэн үг. Гэтэл Тавантолгойгоо ярьсаар л сууна.  Зээлийг хүүтэй нь эргүүлж төлнө. Энэ бол ноцтой асуудал үүсгэх нь мэдээж юм шүү гээд ч нэмэр алга.

Монгол Улсын хувьд ч санхүү, эдийн засгийн хямралын сөрөг нөлөөлөл өргөжин тэлэх хандлагатай байгааг статистикийн мэдээлэл,  иргэдийн өдөр тутмын амьдралаас мэдэрч болохоор байна.  Монголын эдийн засаг 6.1 хувиар өссөн гэх мэдээллийн араас далд эдийн засаг хүчээ авлаа гэх таагүй мэдээлэл гарч ирлээ.  Үүний шалтгааныг улс төрч, эдийн засагчид зэс, молибдений болон цайрын хүдрийн баяжмал зэрэг экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханш өнгөрсөн жилүүдийн тавшнээс эрс буурсан, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 40.0 гаруй хувиар буурч байгаа, дотоодын зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа саарч, борлуулалт буурч байгаа зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Монгол Улсын экспортын орлогын 35-38 хувийг бүрдүүлж ирсэн зэс, молибдений баяжмалын орлого үнэ ханшийн бууралтаас шалтгаалан оны эхний   сарын байдлаар 26 хувийг бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 55 орчим хувиар буурчээ.  Гэсэн хэдий ч монголчууд “баяжсаар” байна. Автобусны буудал 80 саяар бариулж, хиймэл дагуул хөөргөх зиндаанд хүрсэн гэнэ.
Гадаад эдийн засгийн орчин нөхцөл таагүй, дотоодод эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ийм нөхцөлд улсын төсвийн тэнцлийн алдагдлыг аль болох бага хэмжээнд байлгах, тодорхой хэмжээний алдагдлыг нөхөх боломжтой байх  төсвийн тэнцлийг хадгалахыг хичээж  Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулах ёстой атал сонгуулийн  шоу хөтөлсөөр өдийг хүрлээ. Хувьцаа тараана л гэнэ. Түүгээрээ амьдарч болох л гэнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчим хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөгийг зарцуулснаар эдийн засаг, санхүүгийн хямралаас эрсдэл багатай гарах боломж байна гэж Засгийн газар үзэж байсан, түүнийхээ дагуу хийсэн ч өнөөдрийн үр дүн үйл ажиллагааг нь үгүйсгэж байна. Байдал эсрэгээрээ эргэлээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хямралын эсрэг арга хэмжээндээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-10 хүртэлх хувьтай тэнцэхүйц хөрөнгийг зарцуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хөгжлийн түвшин, хямрал хэр гүнзгийрсэнээс хамаарч харилцан адилгүй хөрөнгө зарцуулж буй юмсанж. Манай улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний маань гуравны нэгтэй тэнцэх хөрөнгө шаардагдаж байгаа нь хямрал нэлээд гүнзгийрснийг илтгэж байгаа юм.
Гэтэл Монгол “баяжчихаж”. Өмнө нь өөрсдийн үйлдвэрлэсэн “Монголд үйлдвэрлэв”-ийг авдаг байсан монголчууд одоо түүнээс хоёр дахин хямд үнэтэй хятад барааг сонгох болов. Хамгийн гол нь бид худалдан авах чадвар өндөртэй байна. Удахгүй хувьцаатай болно. Тэр үед бүр “томорно”. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй болж байна.  Баян монголчууд аа гэж…

Л.Нарантөгс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж