Бодоо, Данзантнаараа талцах вий дээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Бодоо, Данзантнаараа талцах вий дээ

Энэ хаврын синдром их хачин эхэлж байна. Улстөрчид өөр хоорондоо арцалддаг байснаа хадуураад, одоо бүр аль дивангалавт бурхан болсон, өөрсдөө амьд зүсийг нь огтоос хараагүй элэнц хуланцтайгаа тэрсэлддэг, хамсардаг болжээ. МАХН МАН болж төрөл арилжсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ үйл явц эрчимжив. МАН-ынхан уугуул нэрээ сэргээж Бодоогийн сийлж Богдын шүншиглэсэн Ардын намын тамганаас С.Батболд, У.Хүрэлсүх дарга нар адис хүртсэнээс энэ байдал эхэлсэн. “Ардын нам, ардын засаг мандтугай” гэсэн уриа Төрийн ордны их танхимаас цуурайтаж, “Өглөө” киноны хэсгээс үзүүлэн уухай хадааж, буй биесээрээ 1921 онд яваад оччихов уу гэлтэй үйл явдал болсноос хойш тэр цагийн өвөг дээдсийн ясыг өндөлзүүлээд уналаа. Цаг хугацаа ухарч тэртээ үед яваад оччихов уу, 90 нас тухайлж байгаа ууган намыг даргалагчид намаа дагаад зөнөв үү гэдгийн учрыг олоход амаргүй бололтой.  Ер нь бид хэдэн онд ч амьдраад байгаа юм, МАН нэрийг авав уу, үгүй юү л С.Данзангийн үйл хэргийг залгамжлах тухай хэвлэлийн бага хурал хийлгэж цочоосон. Наян долоон жилийн өмнө Коминтерний зангаагаар намын журмын нөхдийнхөө бууны амыг мялаасан Солийн Данзан гуайн сүнс түүнийг сонссон бол мөн их гялайгаа даа. Намын хойч үеийнхэн нь түүнийг “манай хүн” хэмээн ам бүлдээ багтааж, үйл хэргийг үргэлжлүүлэхээр болсонд С.Данзан гялайгаад зогсохгүй сийлж аравнайлсан тамгаар нь У.Хүрэлсүх хэмээх жич хүү нь гүн хүндэтгэлтэйгээр магнайгаа тамгалсанд Богд, Бодоо хоёрын сүнс ч амирлаа байлгүй.

Сүүлийн өдрүүдэд энэ байтугай юм болж улс төрийн ертөнц 1920-иод онд тэнгэрт халигсдын зөв бурууг шүүсэн их маргаан дунд хөвж байна. Тэдний маргаанаас харж байхад 1920 онд МАН-ыг нийлж байгуулсан Хүрээ, Консулын хоёр бүлгийн, өнөөгийнхөөр бол фракцуудын зөрчилдөөний улмаас Ардын намын анхны долоо маань зөвлөлтүүдтэй нийлж байгаад бие биеэ хөнөөсөн юм биш үү. Хэвлэл, телевизээр шуугиад байгаагаас үзвэл С.Данзан, Д.Сүхбаатар хоёр Элбэгдорж Ринчинотой хамсран 1922 онд өөр  фракцын Д.Бодоо, Чагдаржав нарыг хороогоод, харин оросууд өөрсдийнх нь тусгай албаны агентаар элссэн  Д.Сүхбаатарыг үгэнд орж, үүрэг даалгавар биелүүлсэнгүй хэмээн дараа жил нь хорлож, капиталист замаар улс орноо замнуулах гэлээ хэмээн С.Данзанг 1924 оны намар буудсан ч юм шиг. Бас бидний багадаа “Баатарчуудын гишүүн” хэмээн дүрийг нь энгэртээ зүүдэг байсан жанжин Д.Сүхбаатар шиг муу хүнгүй болсон байна. Жанжны эсрэг РR-ыг бодвол МАН-ын сөрөг талынхан хийгээд буй бололтой юм. “Үнэн түүх” гэдэг, телевизийн суваг бүрээр гарсан нэвтрүүлгээр бол Д.Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдин өвөрлөгч хүн бөгөөд хилийн цаанаас одоогийн Сүхбаатар аймгийн нутагт орж ирж, тэнд айлд зарагдаж байжээ. Улмаар баян айлын охин Хандтай учир ургуулж, гэрээс нь оргуулан хоёр хүүхдийн хамт Хүрээнд ирээд, тухайн үеийн” Чайна таун” болох Амгаланд аж төрж, Манжийн шоронгийн хуяг хийж байсан байна. Бурхан болоход нь хятадуудыг оршуулдаг Мянган лан гэдэг газарт хөдөөлүүлж, хүү Д.Сүхийг ч хожим дэргэд нь нутаглуулжээ. Сүүлд Д.Сүхбаатарыг хувьсгалын удирдагч хэмээн зарлахдаа Мянган лан гэдэг газрыг Алтан-Өлгий болгосон гэнэ. Эхнэр нь Янжмаа биш Янжин, хүү нь дагавар бөгөөд бүтэн нэр нь Галсанлхүндэв, ам бүлийн бүртгэлд Галсан байхгүй Төмөр гэдэг хүү байсан гээд л баахан “но”-той юмыг Сүхбаатар судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Пүрэв, Удирдлагын академийн багш Т.Лхагва, Б.Эрдэнэбаатар нарын түүхчид ярьцгаалаа. Д.Сүх бол МАН-ыг үндэслэгч, хувьсгалыг жолоодогч биш цэргийн хүн байсан. Гоймон баатар биш Гуо минь буюу хятадаар ардын баатар цолтой байсныг хожим гоймон болгож эерүүлсэн, В.Ленинтэй уулзахаар очиход төлөөлөгчдөөс хамгийн доод тушаалтан нь Д.Сүх байв. Бунхнаас 2005 онд шарилыг гаргахад 160 орчим см өндөртэй тагжгар хүний яс байсан гээд тэдгээр түүхчид баахан баримт материал тоочсон. Нийтлэлч Баабар ч нэгэнтээ “Хэн гэдэг хятадад бид мөргөж байсан юм билээ” хэмээн бичиж билээ.

Нөгөө талаас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар тэдний эсрэг мэдээлэл хийв. Д.Сүхбаатар монгол хүн. Хувьсгалыг удирдаж, МАН-ыг байгуулалцсан. Түүх хэзээ ч бүдгэрэхгүй. Манай намын архивт хадгалагдаж байгаа түүхийн материалууд үүнийг гэрчилнэ гэцгээлээ. Эндээс нэг сонин баримт дэлгэгдэв. Уг нь МАХН-ын “талийгаач” цагаан ордонд байсан намын түүхийн архив 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр бараг бүрэн шатсан хэмээн халаглацгааж, төрөөс төлбөр ялбар нэхсэн. Тэгвэл ердөө 1990 оноос хойших түүхийн баримтууд л “хайлсан”-аас биш өмнөх социализмын он жилүүдийнх бүрэн бүтнээрээ үлдсэн гэнэ. Гал түймэр, гамшиг осол хүртэл МАХН-ын дангаараа засаглаж асан үеийн түүхийг тойроод өнгөрч дээ.

Ингэхэд ер нь энэ Д.Сүх их үйлтэй хүн ээ. Ясыг нь хэчнээн өндөлзүүлж, хэдэн удаа зөөж оршуулав. Анх Мянган ланд нутаглуулангуут буцааж гаргаад дотор эрхтнээс нь дээжилж Орос руу явуулсан гэж байгаа. Тэгснээ 20-30-аад жилийн дараа дахин малтаж Төрийн ордны өмнө байсан бунхан руу залж дээ. Тэгэхдээ их л сүрхий протоколдож, “Энэ орчимд гэсэн газрыг цэргүүдээр ухуулж байтал нэлээд орой болсон хойно нэг хатуу зүйлд хүрз тулсан. Тэр нь пайлуур чулуу байсан. Дээр нь Хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарыг энд нутаглуулав гэсэн бичиг байсан. Түүний дор байсан шарилыг гаргахад тийм тийм байв” гэж ирээд л Сүхбаатарын тухай баримт бичгүүдэд өгүүлсэн байдаг шиг санагдаж байна. Тэгэхдээ эндүүрээд нэг намхан хятадын цогцсыг бунханд хийчихсэн юм байлгүй. Тэр шарил олон жил тахиулж шүтүүлж төв талбайд залраад 2005 онд Алтан-Өлгий рүүгээ буцсан даа. Анхнаас нь буруу өдөр нутаглуулчихсан ч юм уу, 88 жил дотор ингэж олон “нүүх”-ийг бодоход. Тэр нүүдэл суудал ч яахав, бараг мартагдаад байтал МАН нэрээ сэргээснээс хойш Ардын намын анхны долоог амьдчилж яриад байдаг болчихлоо. Дээр үед “Ленин амьд бүхнээс амьд” гэхийг сонсоод нэг эмгэн “Бурхан минь, Ленин багш чөтгөр болчихсон юм уу” гэсэн гэдэг онигоо шиг.

Удахгүй шүүмжлэл хэлсэн гишүүдээ залхаана хэмээн цаас дэвсэлдэг залуус маань Бодоо, Данзангийн бүлэг болж тасраад хоорондоо гөвшилцөх вий дээ. Түүх эргэдэг гэдэг энэ юм болов уу. Дэлхийн орнууд шинэ бүхэн рүү тэмүүлэн хувьсгал хийж байхад манай хэд 1920 он руугаа буцаж “Зуун лангийн жороо луус”-ыг дуулаад горьгүй ээ.Ингэхэд ер нь энэ Д.Сүх их үйлтэй хүн ээ. Ясыг нь хэчнээн өндөлзүүлж, хэдэн удаа зөөж оршуулав. Анх Мянган ланд нутаглуулангуут буцааж гаргаад дотор эрхтнээс нь дээжилж Орос руу явуулсан гэж байгаа. Тэгснээ 20-30-аад жилийн дараа дахин малтаж Төрийн ордны өмнө байсан бунхан руу залж дээ. Тэгэхдээ их л сүрхий протоколдож, “Энэ орчимд гэсэн газрыг цэргүүдээр ухуулж байтал нэлээд орой болсон хойно нэг хатуу зүйлд хүрз тулсан. Тэр нь пайлуур чулуу байсан. Дээр нь Хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарыг энд нутаглуулав гэсэн бичиг байсан. Түүний дор байсан шарилыг гаргахад тийм тийм байв” гэж ирээд л Сүхбаатарын тухай баримт бичгүүдэд өгүүлсэн байдаг шиг санагдаж байна. Тэгэхдээ эндүүрээд нэг намхан хятадын цогцсыг бунханд хийчихсэн юм байлгүй. Тэр шарил олон жил тахиулж шүтүүлж төв талбайд залраад 2005 онд Алтан-Өлгий рүүгээ буцсан даа. Анхнаас нь буруу өдөр нутаглуулчихсан ч юм уу, 88 жил дотор ингэж олон “нүүх”-ийг бодоход. Тэр нүүдэл суудал ч яахав, бараг мартагдаад байтал МАН нэрээ сэргээснээс хойш Ардын намын анхны долоог амьдчилж яриад байдаг болчихлоо. Дээр үед “Ленин амьд бүхнээс амьд” гэхийг сонсоод нэг эмгэн “Бурхан минь, Ленин багш чөтгөр болчихсон юм уу” гэсэн гэдэг онигоо шиг.
Удахгүй шүүмжлэл хэлсэн гишүүдээ залхаана хэмээн цаас дэвсэлдэг залуус маань Бодоо, Данзангийн бүлэг болж тасраад хоорондоо гөвшилцөх вий дээ. Түүх эргэдэг гэдэг энэ юм болов уу. Дэлхийн орнууд шинэ бүхэн рүү тэмүүлэн хувьсгал хийж байхад манай хэд 1920 он руугаа буцаж “Зуун лангийн жороо луус”-ыг дуулаад горьгүй ээ.

 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж