Шүүхийг иргэд дүгнэнэ, Баянхонгорчууд аа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Шүүхийг иргэд дүгнэнэ, Баянхонгорчууд аа

Өвөрхангайгаас 220 км-ийн зайтай Баянхонгорын төв хүрэхийн тулд замынхаа  80 гаруй  хувийг шороон  замаар туулна. Өвөрхангай-Баянхонгор аймгийн хооронд замаа тавиад ашиглалтад өгчихвөл Хонгорчууд Улаанбаатар орох гэж зүдрэхгүй болох нь. Энэ жил Хонгор нутагт цас бага унаж, өвлийг өнтэй давжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1996 оны сонгуульд энэ аймгаас нэр дэвшин сонгогдож байсан удаатай. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа ирж байгаа болохоор баянхонгорчууд ч бөөн хөл хөөр боллоо. Хонгорчууд төрийн тэргүүндээ хүндэтгэл үзүүлж Зэвсэгт хүчний 389 дүгээр ангийн цэргийн хүрээний хүндэт харуул,жагсан угтсан юм. Баянхонгор аймагт худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гайгүй хөгжиж байгаа юм байна. Тэр ч утгаараа төрийнхөө тэргүүнд үзүүлж харуулах зүйл их. Шинэ жилээр сүүгээр хундага өргөж, цагаан сараар цагаагаар шинэлж, эх орныхоо сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч эхлээд  “Их тэнгэрийн хүч” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа.
Сүүний үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй гэв

Баянхонгор аймгийн дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай”-ны сүүг, таргийг хангадаг “Их тэнгэрийн хүч” сүүний үйлдвэр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сүү” хөтөлбөрийн хүрээнд 72 сая төгрөгийн зээл авч 2009 онд үйл ажиллагаа нь эхэлжээ. Нэг давхар жижигхээн байшинд өдөрт 4.5 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий техник хэрэгсэл суурилуулжээ. Аймагтаа найман ажлын байр шинээр бий болгож, Эрдэнэцогт, Өлзийт сумын 20 гаруй малчин өрхөөс зах зээлийн үнээр сүү худалдан  авч, ариутгасан сүү, цөцгийтэй тараг, сүүн хурууд, цөцгий, аарц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх. Аймгийнхаа зургаан сургууль, найман цэцэрлэгийн 10 мянга орчим хүүхдийн “Үдийн цай”-нд халуун сүү, тараг нийлүүлээд зардлаа нөхөж ажилладаг гэнэ. 100, 200, 300 граммаар савлан 300-1000 төгрөгөөр сүү таргаа худалдаална. Өдөрт 300-400 литр, сардаа 3.2 тонн сүү, тараг үйлдвэрлэж байгаа гэнэ. Хадгалалт даадаг хуурай сүү үйлдвэрлэх талаар ярилцаж байгаа ч тоног төхөөрөмж нь 200 гаруй сая төгрөгөөр  босно. Харин шингэн сүүг 3-4 сарын турш хадгалах Энэтхэг улсын технологийг нэвтрүүлэх талаар бодно гэж байлаа. ”Цаашдаа бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг сайжруулвал дэлгүүрүүдэд их хэмжээгээр  нийлүүлж, ашигтай ажиллах боломж бидэнд бий. Одоохондоо ашиг гэх юм олохгүй л байна” гэж үйлдвэрийн захирал М.Цогт  хэлж байна.

Саалийн ферм хөл дээрээ босчээ

Цэнхэр халаат өмссөн саалчин бүсгүй тавагтай идээ барин  Ерөнхийлөгчийг угтлаа. Энэ бол  аймагтаа ганцхан “Буган халиун” саалийн фермерийн аж ахуй. Эхнэр, нөхөр Ч.Чимэг-Очир, Л.Наранчимэг нар анх есөн тугалтай үнээ, нэг бух худалдан авч 2009 онд байгуулсан энэ ферм өнөөдөр 25 үнээтэй, өдөрт 300 гаруй литр сүү саах болтлоо өсчээ. Бас л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зээл авч  ажлаа эхлүүлсэн гэхээр хийе бүтээе гэсэн хүнд үр өгөөжөө өгдөгийн бодит жишээ. Сүүгээ үйлдвэрүүдэд нийлүүлэхээс гадна ааруул, тараг, бяслаг хийдэг. Хотоос алслагдсан газар фермерийн аж ахуй эрхлэхэд хүндрэл гарч байна уу гэх Ерөнхийлөгчийн асуултад аймгийн Ерөнхий малч зүйч Батаа “Зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд  чамлахааргүй ашиг олчихдог. Харин үнээний өвс, тэжээл хүндрэлтэй. Бид өнгөрсөн жил 16 га газар хашаалаад судан өвс тарьсан ч усалгаа дутмаг учир хангалттай ургац авч чадаагүй. Жилдээ 60 тонн өвс, 40 тонн тэжээл хэрэглэдэг” гэлээ. Баянхонгор аймагт саалийн хоёр ферм бий гэнэ. Орон нутгийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрсдийн хүчээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж байгаа иргэдийг төр засгаас дэмжих болно гэж Ерөнхийлөгч болон тэнд ажилласан албаны хүмүүс хэлж байв.

Баянхонгор аймгийн шүүх ил тод ажилладаг
 
Шударга ёс тогтоохыг уриалж, шүүхийн байгууллагыг шинэчлэхийг чухалчилдаг төрийн тэргүүнд Баянхонгор аймгийн шүүгчид ажлаа танилцуулж амжсан юм. Шүүх нь 2009 онд шинэ  байранд орсон болохоор цэвэрхэн, саруулхан юм. Шүүхэд хандахаар ирсэн иргэдэд дүрс бичлэгээс мэдээлэл авах Тайланд улсын  туршлагыг нэвтрүүлжээ.  Ерөнхий шүүгч “Бид иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Шүүгчидтэй уулзахад хүндрэл гарч байна уу, шүүгч тантай хэрхэн харилцаж байна вэ зэрэг асуултаар шүүгчид, шүүхийн байгууллагын  үйл ажиллагаанд дүгнэлт хийдэг болсон. Мөн шүүхийн шийдвэрүүдийг бид вэб сайтдаа байршуулж байна” гэлээ. Тэрбээр шүүхийнхээ ажлыг сайн байгаа хэмээн Ерөнхийлөгчид дахин дахин хэлж байсан юм. Харин Ерөнхийлөгч “Үйл ажиллагаагаа ил тод болгохоор ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэвч та бүхэн бус аймгийн ард иргэд танай шүүхийн ажлыг үнэлж, магтаж байвал сая шүүх шударга ажиллаж байна гэж  би дүгнэнэ” гэсэн нь нүдээ олсон үг байв.

Баянхонгорынхон шинэ, тохилог, худалдааны төвтэй

Хонгорынхон Х.Баттулга сайдад тун ам сайтай. Учир нь Баянхонгорчуудын гарт баригдаж, нүдэнд харагдах амьдрал ахуйд нь нэмэр болохуйц бүтээн байгуулалт хийжээ. Аймагтаа цорын ганц Баянхонгор баруун бүсийн худалдааны төвөө тэд Ерөнхийлөгчдөө үзүүлэхгүй бол алдас болох байх. Худалдааны төвөөр зочиллоо. Хөдөөний хүн гэхээр л хар зах дээр хөлсөө дуслуулж,  гар нь бээрч худалдаа хийдэг гэсэн зураглал энэ аймагт арилсан гэхэд болно. Хувцас, бараа бүтээгдэхүүн, хүнс гээд хүнд хэрэгцээтэй бүхэн энд цогцолсон байв. Тус төв нь 6000 метр квадрат талбайд 700 гаруй түрээслэгч сардаа  50-100 мянган төгрөгийн түрээс төлж худалдаа наймаа эрхэлж байна. Бас стандартын шаардлага хангасан бөөний төвтэй учир баруун бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид дөт газраас  бараагаа татах боломжтой болжээ.

Тэдний төрийн тэргүүнд танилцуулах зүйл дуусахгүй. Барилгын материалын бага оврын үйлдвэр барьж сэндвичэн хавтан, хөөсөнцөр, вакум цонх хаалга зэргийг үйлдвэрлэж, орон нутаг, зэргэлдээх аймгуудад нийлүүлж ашигтэй ажиллаж байгаа гэнэ.

Арван хүүхэд төрүүлсэн эхэд Хөдөлмөрийн баатар  өгье 

“Арван хүүхэд төрүүлсэн  хүнд хөдөлмөрийн баатар цо өгдөг болъё, Занданшатар сайд Оюутолгойд ажиллуулна гээд Баянхонгорын залуусаас анкет аваад явсан, одоо болтол  сураггүй, малчид хамгийн бага тэтгэвэр авч байна,  120 лиценз шинээр олгосон ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хариуцлага тооцооч, миний хүү цэрэгт байхдаа зодуулж, сонсголгүй болсон ч хууль хяналтынхан хэргийг шударга шийдэж өгөхгүй байна, онцгой байдлын албан таван жил ажилласан хүү маань одоо болтол туслах ажилтан хийх юм. Хэзээ жинхэнэ ажилтан болгох вэ, манай аймгаас сонгогдоод нэг ч удаа тойргоо эргээгүй Батжаргалын Батбаяр гишүүнийг олж өгөөч” гэх асуулт, санал, шүүмжлэл  аймгийн Хөгжимт драмын театрт ар араасаа хөвөрнө. Өвөрхангайд  хоёр цаг үргэлжилсэн иргэдтэй хийх уулзалт  Баянхонгорт дөрвөн цаг сунжрав. Зааланд суурилуулсан чанга яригчийн ард  жагсаж зогссон иргэдийг “одоо яриулахгүй” гэх арга байсангүй.  Дөрвөн цаг санаа зовоосон, эргэлзсэн, асуулт, саналаа  хангалттай хэлж, хариулт авсан Баянхонгорчууд хурал өндөрлөх үед арай л тайвширсан байх аа.  

Эрдэнэцогт сум цагаан идээгээрээ алдартай

2011.02.19-ний өдөр Баянхонгор аймгийн төвөөс Эрдэнэцогт сумын малчин Н.Батболдынд зочлохоор эртлэн хөдөллөө. Ааруул, бор тос, алаг боовоороо алдартай  Эрдэнэцогт сумын мянгат малчин Н.Батболдынд Ерөнхийлөгч түүний багийнхан Архангай орох зам зуураа зочлов. Энэ онд 2400 гаруй тоо толгой мал тоолуулсан мянгат малчин Н.Батболдынх Нөмрөг нэтэй газар хаваржаална. 100 гаруй үхэр, 1400 орчим хонь ямаа, 200 гаруй адуутай. Үхрээ оторт гаргасан, мал төллөхөөр хонио эр, эмээр нь ялгаж тусад нь хариулна гэж гэрийн эзэн өгүүлнэ.
Энэ үеэр  Эрдэнэцогт сумын засаг дарга Ц.Төмөрбаатартай ярилцсан юм.

-Энэ онд хэдэн тоо толгой мал тоолуулсан бэ?
 -Манайх аймгийн хэмжээнд малынхаа тоог өсгөсөн ганц  сум. Өнгөрсөн жилээс 3500 толгой малаар өссөн дүн  гарсан байна. Нийтдээ Эрдэнэцогт сум маань 102 мянган толгой мал тоолуулсан. Үүний дийлэнх нь бод мал буюу сарлаг эзэлж байна. Энэ онд 31 мянган сарлаг тоологдсон.  Зарим айл 300 сарлагтай байх жишээтэй.

-Сарлагийг өсөлт удаан мал гэдэг. Гэхдээ ашиг шим нь илүү биз дээ?

-Тэгэлгүй яахав. Мах нь чанарлаг, сүүний тослог өндөр. Сүүлд хийсэн нэг судалгааг харсан. Саалийн фермийн үнээний найман литр сүү сарлагийн хоёр литр сүүний тослогтой тэнцэж байгаа юм. Аймгийн төвдөө ойрхон болохоор сүү цагаан идээгээ борлуулах давуу талтай.

-Өнгөрсөн жилийн зудны үеэр өвс тэжээлийн тусламжийг хэрхэн малчдад хүргэж  байв?

-Манай аймгаас сонгогдсон Занданшатар, Баттулга гишүүн, олон улсын тусламжийн  байгууллага, аймаг улсын нөөцөөс хангалттай өвс тэжээл авч байсан. Үүнийгээ бид сум баг бүртээ өвс, тэжээлийн фонд үүсгэж хадгалаад байгаа. Хавар цаг агаар хүндэрлээ гэхэд хорголжин тэжээл, өвсний нөөц хангалттай  гэж хэлж болно. Бас сарлагийн хөөвөр сүүлийн үед үнэтэй болж байна. Чанараараа бараг л ноолуурын дараа  ордог юм билээ.
Эрдэнэцогт сумын нутаг өндөр уул,  хад цохио, даваа гүвээ олон. Шөнийн цагаар чоно хот эргэх нь энүүхэнд болохоор хоёр ч мануухай босгожээ. Бас ахиу цас орвол даваанууд цасанд боогдчихдог. Зарим баг, малчин өрх сумаасаа 60-70 км зайтай учир эмнэлгийн тусламж хүрч чадахгүй байх нь энүүхэнд гэнэ.
 Мянгат малчин Н.Батболдынх  таван хүүхдийн нэг нь малчин. Бусад дунд сургууль, их сургуульд суралцдаг аж. Гэрийн эзэн Төрийн тэргүүн  зорин ирсэнд бэлэгшээж хурдан удмын хүрэн азарга бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Үүгээр Ерөнхийлөгчийн Баянхонгорт  ажиллах томилолт өндөрлөж Архангай  аймаг руу хөдөллөө.

Улсын тэргүүний хоршоо Архангайд бий

Газар доогуур ухсан зооринд төмс, байцаа, манжин лууван гээд бүх төрлийн хүнсний ногоог төрөл төрлөөр нь ангилан  хураажээ. Бас лууван, байцаа, хүрэн манжингийн салат савлаж эгнүүлэн тавьсан харагдана. Зоорины нэг буланд зөгий үржүүлгийн хэсэг ч  байна.  Энэ бол Архангай аймгийн Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулах Улсын тэргүүний  “Од-Кр” хоршоо юм. Төрийн тэргүүн тус аймагт ажиллахдаа гэр бүлийн хоёр үүсгэн байгуулсан тус хоршоотой танилцсан нь энэ. Үнэхээр ч  уйгагүй хөдөлмөрлөжээ. Анх гэр бүлийн хоёр нийлэн хүнсний ногоо тарьж ажлаа эхэлсэн бөгөөд 2001 оноос 13 хүнийг нэгтгэн  хоршоо байгуулжээ. Одоо энэ хоршоо Архангай аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг дангаар хангадаг болтлоо хөгжиж томорч чадсан байна.  2009 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдан 10 сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай  авсан нь ихээхэн дэм болсон гэж агрономич С.Янжинлхам ярьж байсан юм. Эднийх хүнсний ногооноос гадна зөгий үржүүлж, жимс тариалдаг. Өндөр уулын бүсэд жилийн дөрвөн улиралд ашиглах зоорь барьж,  төмсний үрээ хоёр удаа шинэчлэн улсын тэргүүний хоршоогоор шалгарч байсан ажилсаг  хүмүүс. Тэдэнд Ерөнхийлөгч ихээхэн талархаж, дэмжиж ажиллахаа амлав. Ажилсаг, авхаалжтай, энэ хамт олныг орон нутгийн удирдлагууд өмнөө барихаас ч аргагүй санагдлаа.

Дотуур байр барьж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

Дотуур байрны хүрэлцээ туйлын хангалтгүй, ном сурах бичиг, мэдээллийн лаборатори дутмаг, оюутны тэтгэлгийн тухай асуулт, санал Ерөнхийлөгчийг МУБИС-ын харьяа Архангай аймгийн Багшийн сургуульд  ажиллах үед олонтаа хөндөгдөв.  Жаран  жилийн туршид төвийн болон баруун бүсийн дунд сургуулийн багш нарыг  бэлтгэсэн Архангай багшийн  сургуульд 1700 оюутан суралцаж байна. Үүний 1200 нь  өөр аймаг, сумаас ирсэн,амьдралын боломж тааруу, дотуур байранд амьдрах хүсэлтэй ч дөнгөж 245 нь байранд орох боломжтой гэнэ. Уулзалтын үеэр тус сургуулийн оюутнууд хамгийн хүндрэлтэй байгаа дотуур байр барьж өгөх, компютерийн лаборатортой болох, оюутны тэтгэлэг олгох асуудлыг тавьж байлаа. Жил тутам хэдэн зуун багш бэлтгэдэг  хөдөөгийн сургуулийн байдал  нэг иймэрхүү…

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж