Б.Хурцыг төр хамгаалах ёстой

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг төр хамгаалах ёстой

Английн шүүх саяхан Үндэс­ний аюулгүй байдлын ажлын албаны дарга
Б.Хурцад холбогдох хэргийг хэлэлцээд, Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсууриас дараах тодруулгыг хийлээ.

Английн шүүх саяхан Үндэс­ний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийг хэлэлцээд, Германы талд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дар­гын хувьд та үүнд ямар бодолтой байна вэ?

-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн орон.   Олон улсын конвенцид нэгд­сэн. Энэ дагуу  эрхээ эдлэн, үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын иргэн гадаадад саатуулагдаад, Английн шүүхээр шийдлээ.  Хэргийг тухайн улсын шүүх хэлэлцэн шийд­вэр­­лэдэг гол зарчимтай.  Бидний хувьд Монгол Улсын иргэнээ ямар ч буруутай байсан төр хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын төр бүх талаар хамгаалах үүрэгтэй. Цаашид энэ үүргээ биелүүлнэ.  Германы талтай гэрээ, хэлэлцээр явуулна. Ял эдлүүлэхгүй байх талаар бүх талын арга хэмжээг авна.

-УИХ-ын гишүүн З.Энхболд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа “Б.Хурцыг нууц ажиллагаа явуулс­ныг илчилсэн төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ гэж, түүнийг саатуулагдаад удаагүй байхад нь мэдэгдэж байсан. Та ажлыг нь хүлээн авсан хүний хувьд энэ тал дээр ажиллаж байгаа юу?

-Дахин давтан хэлье, бид иргэний­хээ эрхийг Монголын төр, Монголын Засгийн газар хамгаална. Энэ бол төрийн үүрэг. Ямар ч буруутай байсан, төр иргэнээ хамгаалах ёстой. Энэ асуудлыг жичдээ хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой, яг байнгын хороонд хамааралгүй асуудал.

-Египет улсад болсон үймээн самуунтай холбоотойгоор Монгол Улс иргэнээ эх орон руу нь татахаар хөрөнгө гаргасан. Тэдгээр иргэд бүгд ирсэн болов уу?

-Бид тодорхой арга хэмжээ авсан. Гадаад харилцааны  яам үүнийг хариуцаж байгаа.

-Та саяхан хилийн бүсүүдэд  ажиллаад ирсэн. Тэнд байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Замын­­-Үүдэд очиж төрийн албан хаагчдын дунд аюулгүй байдал, үзэл баримтлалыг сурталчлах талаар сургалт  зохион байгуулаад ирлээ. Энэ хугацаанд  Замын-Үүдийн хил гааль, нэвтрүүлэх үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Замын-Үүд өр­төөн дээр бараа таваар гаргахад саатал учирч байна. “Лонхны хүзүү” гэж яриад байгаа  газарт бөөгнөрөл, саатал үүсч, зорчигчдыг бухимдуулж байгаа юм билээ.  Үүнээс болоод Монгол Улсад бараа, таваарын ний­лүү­­лэлт саатаж, инфляци, үнийн хөөрөгдөл бий болж, бүгдээрээ хохирч байна.  Хилээр дамжин өнгөрүүлэх, нэвтрүүлэх шалганыг даруй өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Замын-Үүд чөлөөт бүсийн ажил хэр урагшилж байна вэ. Удаашралтай байгаа гэсэн шүүмжлэл дагуулах юм?

-Замын-Үүд суманд ажилласан гол зорилго бол хилээр дамжин өнгөрөх ачаа барааг чирэгдэлгүй нэвтрүүлэхэд анхаарах асуудал байлаа. Хилийн дамжин өнгөрүүлэх ачаа барааг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хугацааг сунгах хэрэгтэй болж байна. Одоо бол өглөөний 08.00- 18.00 цаг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаа бол дэндүү богино. Хил дээр бөөгнөрөл үүсч, үүнээс болоод хянах шалгах ажил хүлээгдэж байна.  Олон хүнийг хил дээр хонуулахгүйн тулд боловсон хүчнийг нэмэгдүүлэх, техник технологийг нэмэгдүүлэх шаардлагатай болж.  Орчин үе­ийн рентген аппаратуудыг авч ажиллуулах хэрэгтэй байна.  Бараа таваарыг техникийн тусламжтай шалган нэвтрүүлэхгүй бол хүний хүч хүрэлцэхгүй байна. Дээр нь боомтын барилгын  ажлыг өргөтгөх шаардлагатай нь харагдлаа. Хятадын тал маш олон дамжин өнгөрөх замын боомт барьсан бол манайх ганц замтай, мөн ганц дамжин өнгөрөх байгууламжтай байна. Мөн Замын-Үүд рүү зорчиж байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай.  Энэ талаар Гаалийн ерөнхий газар, Төмөр зам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг  оролцуулсан хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран зохион байгуулж, Засгийн газарт чиглэл өгнө. 

-Монголын төрийн далбаатай усан онгоцтой холбоотой хэрэг нэлээд гардаг. Энэ талаар мэдээлэл ирж байна уу?

-Өнгөрсөн жил байнгын хороон дээр ярилцаж байсан. Анхаарал тавьж ажиллана. Мэдээлэл сонсч хэлэлцэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж