Ерөнхий сайд Канберрад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Канберрад хүрэлцэн ирлээ

Австралийн бизнес, санхүүгийн төв Сидней хотоос айлчлалаа эхэлсэн Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболд өчигдөр  тус улсын нийслэл Канберрад  хүрэлцэн ирлээ. Тус хотод Австрали улсын парламент, Засгийн газар, яамд, төр захиргааны байгууллагууд болон гадаадын ЭСЯ-д байрладаг улс төрийн төв нь юм.

 Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа, Ерөнхий сайдуудын уулзалт хэлэлцээ, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг үзэглэх ёслол  маргааш болно. Энэ өдөр Ерөнхий сайд  Австрали улсад айлчилж буй гадаадын төр засгийн тэргүүнүүдийн тогтсон заншлын дагуу тус улсын нэр нь үл мэдэгдэх дайчдын бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Харилцан ашигтай түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Өргөн уудам газар нутагтай, хөрсөн дороо эрднэсээр дүүрэн,уул уурхай,эрчимжсэн мал аж ахуй,газар тариалан өндөр хөгжсөн Австрали Улс Монгол  орныг “байгалийн түншээ” хэмээн сонирхож байна. Өөрөөр хэлбэл, бурхнаас заяасан баялгаа зөв зохистой ашиглах, хүнээ чадавхтай, улсаа хөгжилтэй болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ Австралийн тал бүхий л түвшиндээ илэрхийлж байна.

Эдийн засгийн хүчин чадлаар улсдаа тэргүүлдэг Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч  хатагтай Мари Башир Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяа нарыг хүндэтгэн барьсан үдийн зоогт Австралийн хөгжлийн зүтгүүр болсон бизнесийн томчууд, нөлөө бүхий улс төрчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж бүтэн хоёр  цагийн турш мужийн захирагчийн тансаг ордон Монголоор амьсгалав.
 Австралидаа нэр хүндтэй, муж улсаа чадварлаг удирддаг хэмээн үнэлэгдсэн хатагтай Мари Башир зочноо хүндэтгэн хэлсэн үгээ “Монгол Улс бол бахархам түүхтэй гайхалтай орон. Би нэг удаа очоод л шууд сэтгэл татагдсан.

Монгол хүмүүс найрсаг сайхан сэтгэлтэй, бас ухаалаг, авъяастай. Энд хүрэлцэн ирсэн бүх Австрали хүнийг би Монголд зочлон очиж нүдээр үзээрэй гэж хэлэх байна” хэмээн эхлэв. Мөн Австралид мэргэжил эзэмшсэн цөөнгүй монголчууд байгаа. Одоо ч сурч байгаа. Монголд элэгтэй Австрали хүн олон байдаг.
 Тэд хоёр улсын харилцааны гүүр болж эдийн засаг худалдаа, боловсрол, эрүүл мэнд хүмүүнлэг гэх мэт олон салбарт идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломж бий. Бид та бүхэнтэй найрсаг харилцахдаа чин сэтгэлээсээ баяртай байх болно  гэж хатагтай Мари хэлэв.

Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ Сидней хотод болсон Бизнес форумд уул уурхай, хөдөө аж ахуй, төслийн гээд олон салбарын төлөөлөл бүхий томоохон хөрөнгө оруулагчид оролцсон ажил хэрэгч  чухал арга хэмжээ болсныг тэмдэглэлээ.

Ингэхдээ байгалийн баялаг ихтэй өргөн уудам газар нутагт  эрх чөлөөтэй амьдарч байгаа Монгол Австрали хүмүүс азтай.

 Энэ баялгаа иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зөв ашиглах учиртай. Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого барьж байна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн мужийн захирагч хатагтай Мари Баширыг Монголд айлчлахыг урилаа хэмээн Засгийн газрын  Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж