Англичуудтай ирэх сард гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Англичуудтай ирэх сард гэрээ байгуулна

Хөрөнгийн бирж одоогоор эзгүй байна. Р.Содхүү Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар сонгогдож, Хөрөнгийн биржийн тамга тэмдгийг хүлээлгэж өгснөөс хойш бүтэн сар өнгөрчээ. Хөрөнгийн биржийг олон улсын хэмжээнд үйл ажилла­гаагаа өргөтгөх чадвартай болгохын тулд Лондонгийн хөрөнгийн биржийнхэнд итгэл хүлээлгээд байгаа. Нэг­дү­гээр сарын сүүлээр Лондон­гийн биржийн гүйцэтгэх хороо­ны гишүүн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Антони Версинг Монголд ирээд буцсан. “Millenium IT” компа­нийн захирал энэ эрхэм ирэхдээ олон улсад нэр хүнд­тэй “Millenium IT” программыг манай Монголд нэвтрүүлэх талаар ярьж байсан юм. Тэд Хөрөн­гийн биржид техникийн, бүт­цийн өөрчлөлт хийхээ дуулгасан бөгөөд Лондон­гоос  мэргэжилтэн дөрөвдүгээр сард багтаж ирэх бололтой. Лондонгийн бирж Монголд хэр хугацаанд ажиллах, ажиллах хугацаандаа ямар ажил ам­жуулах зэрэг нарийн асууд­лууд стратегийн гэрээнд тусах бололтой. Гэрээнд гарын үсэг зурах ажил тун удахгүй хийгдэх аж. Ирэх гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурах юм байна. Хөрөнгийн биржид 350 орчим компани бүртгүүлс­нээс 80 гаруй компани нь идэв­хитэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж