
Мөн энэ өдөр тэмцээний тавдугаарт эрэмблэгдсэн Хорватын Иван Любичич тоглолтоо хийжээ. Дэлхийн чансааны 14 дэх теннисчний энэ удаагийн өрсөлдөгч нь өөрөөс нь 328 байрны ард бичигдэх Украйны теннисчин Сергей Бубка байлаа. Домогт хөнгөн атлетикч Сергей Бубкагийн хүү 2005 оны энэ тэмцээний цомын төлөө өрсөлдөж байсан Хорват теннисчний эсрэг тоглох аргаа олсон байлаа. Ердөө нэг л сет алдаж, тоглолтыг хянаж эхэлсэн бол дараагийн сетийн тоглолт эхлээд явж байх үед Иван Любичич гэмтлээсээ шалтгаалж тоглохоос татгалзсанаар хожил Сергей Бубкад иржээ.
Дубайд эрчүүд ширүүн тэмцэл өрнүүлж байгаа бол бүсгүйчүүдийн өрсөлдөөн Катар улсын Доха хотын коурт дээр өрнөж эхэллээ.
Тэмцээний эхний өдөр болсон тоглолтуудаас хамгийн их өрсөлдөөнтөй явагдсан тоглолт Польшийн Агнешка Радванска Чехийн теннисчин Люси Сафарова нарын хооронд өрнөсөн юм. Дэлхийн чансаанд бүртгэлгүй Сафарова тун авьяаслаг нэгэн болохоо ч Дохагийн хатуу хучилттай коурт дээр хангалттай нотлон харуулсан юм. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний шилдэг наймд шалгарсан анхны Польш теннисчин болж, шуугиан тарьж байсан бол энэ удаад дэлхийн чансааны 35-т эрэмбэтэй Радванскагийн эсрэг ухаалаг тоглон эхний сетийг тай брейкт авч чаджээ. Дараагийн сетэд бухимдлаасаа болж хяналтаа алдсан Агнешка Радванска гурван пойнт авч, зургааг алдсанаар тэмцээний эхний шатнаас хасагдлаа.
2007 оны “Уимбльдон” тэмцээний шигшээд шалгарсан Италийн Марион Бартоли Дохагийн нээлттэй тэмцээний эхний тоглолтоо Оросын өсч яваа залуу теннисчин Алиса Клебановатай хийлээ. Гэмтэл бэртлээс болж өнгөрсөн улирал хүссэн амжилтаа гаргаж чадаагүй Марион Бартоли энэ удаад өрсөлдөгчдөө боломж олгосонгүй, 7-5; 6-2 харьцаатай ялснаар хоёрдугаар шатанд шалгарчээ.