“Реал Мадрид” vs “Лион”

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” vs “Лион”

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Өнөөдрийн хамгийн ихээр анхаарал татаж байгаа тоглолт Франц улсын хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөнө. Талбайн эзэн, Францын долоон удаагийн аварга “Олимпик Лион” хасагдах шатны шөвгийн 16-д Испанийн цог жавхлант Эзэн хааны багтай учраа таарсан билээ. Өнгөрсөн жил хоёр баг яг энэ шатанд учраа тааран тоглоход Францын баг илүүрхэн цомын тэмцээний шөвгийн наймд шалгарч байсан удаатай. Мөн түүнчлэн “Олимпик Лион” Аваргуудын лигийн тавцанд Испанийн багуудтай зургаан удаа учраа таарч тоглоход нэг ч хожигдоогүй гэсэн амжилтыг эзэмшдэг юм. Гэхдээ тэд Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолт болсон цагаас хойш 11 тоглолт хийхдээ ердөө таван хожил байгуулаад байна. Энэ үзүүлэлт тэдний тоглолт өнгөрсөн оны сүүлчээс эхлэн унаж байгааг харуулсан хэрэг юм. Өвлийн солилцооны цонхоор тэд “Астон Вилла” клубт багийн хагас хамгаалагч Жеан Макуныг өгсөн нь буруу шийдвэр байсан тухай мэргэжилтнүүд бичиж байна. Хэдийгээр багийн довтолгоо бага зэрэг унаад байгаа ч багийн хамгаалалт шилдэг хэвээрээ байгаа билээ. Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад “Лион” хиймэл отон тоглолтыг 30 удаа хийсэн нь өөр ямар ч багийн үзүүлээгүй амжилт болжээ. Мөн тэд өөрсдийн “Стейт де Жерлан” цэнгэлдэх хүрээлэндээ итгэлтэй тоглолт гаргадаг. Хасагдах шатны тоглолтын хувь заяаг хоёр тоглолт шийддэг учир өөрийн талбайдаа хийх тоглолт тун өндөр хариуцлагатай. Энэ ч утгаараа талбайн эзэд өнөөдөр орчин цагийн “Галактикос”-ын эсрэг бүхий л хүчээ дайчлан тоглохоо амлаж байна.

Харин тэдний өрсөлдөгч “Реал Мадрид” өөр бодолтой байна. Хүссэн амжилтаа үзүүлхэд Францын “Олимпик Лион” саад болж чадахгүй гэнэ.

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тавцанд хоёр өөр багийг удирдан цом өргөсөн дасгалжуулагч хуруу дарам цөөн. Харин тэдний нэг “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо гурав дахь багаа удирдан энэхүү нэр хүндтэй цомыг өргөх “аян дайн”-д хэдийнэ гарсан билээ. Өнгөрсөн жил юу болсныг хүн бүхэн дурсч байгаад дурамжхан байгаагаа илэрхийлээд “Өнгөрсөн жил бол өнгөрсөн жил” гэсэн байна. Багийн тоглолт ч өөлөх зүйлгүй байгаа тэд Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудын үеэр хаалгаа оносон 52 цохилт хийсэн нь өөр ямар ч багийн үзүүлээгүй амжилт болсон юм. Үүнээс 16 цохилт нь Криштиан Роналдугийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь мөн л дээд амжилт болжээ. “Реал”-ын Аргентин тоглогч Гонзало Игуайн гэмтэл авсан нь “Реал”-ын довтолгоог хүчгүйдүүлж байгаа. Энэ орон зайг нөхөхөөр “Онцгой нэгэн” “Манчестер Сити” багийн Того довтлогч Эммануэль Адебайорыг зээллэгээр аваад байгаа. Харин өнөөдөр Того довтлогчийг уу, “Лион”-ы экс  довтлогч Карим Бенземаг сонгох уу гэдэг нь тодроогүй байна. Харин Месут Өзил, Криштиан Роналду, Анхель де Мария гэсэн хагас хамгаалагчид нь тун форм сайтай байгаа билээ. Итгэхэд хэцүү ч “Реал Мадрид” хамгийн сүүлд 2003-2004 оны улиралд энэ шатыг давсан бөгөөд “Онцгой нэгэн” үүнийг хийж чадна гэдэгт олонх мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж