– Өнгөрсөн амралтын өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын тухай “Үнэн түүх” хэмээх захиалгат нэвтрүүлэг телевизүүдээр гарсан. Энэхүү нэвтрүүлгийг Монголын бодит түүхийн нийгэмлэг, Даяар Монголын ариун голомт төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан гэж МАН-ын НБД Ц.Сүхбаатар хэллээ. Хэвлэлийн хуралд Д.Сүхбаатарын эх Хандын дөрөв дэх удмын хүн болох н.Хүрэлсүх болон Сүхбаатар дагнан судлаач эрдэмтэн Академич Т.Намжил нарын төлөөлөгчид оролцсон юм.
Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. МАН-ын зүгээс тухайн нэвтрүүлгийг үзэж судлан мониторинг хийж, 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулсан Д.Сүхбаатар, хамтран зүтгэсэн партизанууд эх орончдын хийсэн үйл ажиллагааг үгүйсгэж гутаан доромжилсон үйл ажиллагаа болсон. Мөн Д.Сүхбаатар жанжныг хятад гарал угсаатай гэж доромжилсон гэж дүгнэжээ. Өнөөгийн байдлаар Сүхбаатар дагнан судладаг эрдэмтэн судлаачид Д.Сүхбаатарыг өмнөх ба хойчийн есөн үеийг тогтоосон гэнэ. Тус нэвтрүүлэгт оролцсон түүхч судлаачдыг хэн болох, түүний ард ямар хүмүүс байгааг тогтоож шүүх цагдаагийн байгууллагад хандах тухай МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэллээ. Мөн Сүхбаатар аймгийн иргэдээс захидал ирүүлсэн аж. Энэхүү захидлуудыг нэгтгэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах тухай мөн хэлсэн юм. Тэрбээр “Д.Сүхбаатар бол Монгол ард түмний бэлэг тэмдэг Монгол хүн, улсын чухал асуудалтай холбоотой 300 гаруй тушаал шийдвэр гаргаж байсан МАН-ын анхдугаар их хурлыг зохион байгуулж байсан 17 хүний нэг нь” гэсэн юм.
Нөгөөтэйгүүр Д.Сүхбаатар жанжны тухай өгүүлсэн “Үнэн түүх” хэмээх нэвтрүүлэг нь МАН-ын нэр хүндийг гутаах гэсэн оролдлого гэж үзээд үүнийг няцаахын тулд МАН-ын зүгээс 1921 оны Ардын хувьсгал МАН-ын түүхтэй холбоотой үзэсгэлэнг 90 жилийн ойн өдөр гаргах болжээ. Уг үзэсгэлэнд Д.Сүхбаатар жанжны МАН-ын архивт хадгалагдаж үлдсэн түүх болон МАН-аас МАХН, МАХН-аас МАН хүртэл архивийн баримт дэлгэгдэн гаргах, Д.Сүхбаатар жанжны тухай баримтат кино гаргах аж.
Харин өнгөрсөн 2008 оны парламентийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй долдугаар сарын 1-ний улс төрийн үймээний үед МАХН-ын байр шатахад намын байрны архивт байсан 1990 оноос өмнөх түүхийн баримт сэлт шатсан хэмээн МАХН-ын дарга тухайн үед С.Баяр хэлж байсан. Харин МАН-ын үзэсгэлэн гаргахад түүхийн барим сэлт хангалттай байх эсэх талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас асуухад 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр 1990 оноос сүүлд архивлагдсан зарим нэг цөөхөн баримт галд өртсөн заримыг нь нөхөн сэргээсэн, ямар ч баримт дутахгүй гэлээ.
Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин хуучин ЗХУ байх үед Монгол Улсын талаар архивын баримт сэлтийш хувилан өгөх тухай харилцан тохиролцсон. ОХУ-ын архивт манай улсад байхгүй баримт материал байдаг аж. Харин хувьсгалын үед Монгол Улсад үндэсний сэхээтнүүдийг устгах аллага ЗХУ-ын тусламжтай явагдаж байсан. Тэгэхээр ОХУ-аас авах түүх үнэн бодитой байж чадах эсэх талаар МАН-ын зүгээс нягталж үзэх аж. Саяхан МАН-ын түүхийн материалуудыг ОХУ-д шилжүүлсэн байна. Ингэхдээ Монгол Улсад хадгалагдаж байсан ОХУ-ын түүхийн ач холбогдолтой материалуудыг өгсөн байна.