Эрүүл мэндийн сайдын тушаалаар Говь-Алтай, Өмнөговь, Увс аймгуудад гурван сарын хугацаатай ажилласан эмч, сувилагч нарын баг хөдөөгийн хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутагт нь мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулах үүргээ амжилттай биелүүлээд иржээ. Тэднийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ЭМЯ дээр хүлээн авч уулзан, ажлын тайланг нь сонслоо. Багийн ажлын тайланд цаашид Эрүүл мэндийн сайдын 2010 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих, ажлын байранд дадлагажуулах, ур чадвар сайжруулах сургалт зохион байгуулах, бусад нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдээр сургалт хийх, мэс заслын эмч нарыг проктологи, урологи, гэмтэл г.м тодорхой чиглэлээр мэргэшүүлэх, хөдөө орон нутгийн эмч нарын алсын дуудлагын томилолтын мөнгийг нэмэх зэрэг асуудлыг хөндсөн байна. Мөн хөдөө орон нутагт явуулах сургалтыг дулааны улиралд явуулах, цаг агаар, техникийн боломжтой үед алслагдсан хөдөө сумдад мэргэжлийн үзлэг хийх, тусламж үзүүлэх, тухайн орон нутгийн онцлог нөхцөлд зохицуулан шийдвэрлэх шаардлагатай асуудлыгн талаар эмч мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдад танилцуулсан байна.
С.Отгон