“Алтан бийр 5” үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Алтан бийр 5” үзэсгэлэн үргэлжилж байна

Соёл урлагийн их сургуулийн уран зургийн багш, Монголын урчуудын хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн тэргүүн О.Энхтайвантай урчуудын эвлэлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн “Алтан бийр 5” үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.

-“Алтан бийр 5” үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Энэ удаагийн Алтан бийр үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг анх удаа эмэгтэй уран бүтээлч хүртлээ.

-Энэ удаагийн үзэсгэлэнд нийт хэдэн уран бүтээлч оролцсон бэ?

-Үзэсгэлэнд 90 гаруй зураачдын 190 гаруй уран бүтээл ирснээс 80 гаруй уран бүтээлчийн 140 гаруй бүтээл дэлгэгдлээ.

-Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ямар шалгуураар шүүн оролцуулдаг вэ?

-Монголын залуу уран бүтээлчдийн нэгдэл долоо хүний бүрэлдэхүүнтэй. Тэндээс шалгаруулалт хийн санал хураан заримыг нь хасдаг. Уран бүтээлчдэд барьдаг гол бодлого, шалгуур бол урлаг бол соёлтой байх ёстой, мэргэжлийн өндөр түвшинд, орчин үеийн чиг хандлага орсон, хамгийн гол нь манай үзэсгэлэн “Art of tomorrow” буюу “Маргаашийн урлаг” гэсэн уриан дор явагдаж байгаа учраас тэр зарчмаа барин бүх зүйлсийг нь харж нууц санал хураалтаар шийддэг зарчимтай.

-“Алтан бийр” уралдааны комиссын гишүүнд ямар уран бүтээлчид багтдаг бол?

-Комиссын гишүүнийг залуу уран бүтээлчдийн нэгдлээс зохион байгуулдаг. Есөн хүн байдаг. Миний бие болон Монгол улсын боловсролын их сургуулийн багш Батцоож, Занаду арт галерейн ерөнхий менежер Зэсээ, Соёл урлагийн их сургуулийн докторант Сарнай, Каллиграфийн холбооны ерөнхйи нарийн бичгийн дарга Ганбаатар, Уран зургийн галерейн менежер Доржготов зэрэг залуучууд удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

-“Залуу уран бүтээлчдийн нэгдэл” “Алтан бийр” үзэсгэлэнг зохиохоос гадна залуу уран бүтээлч рүү хандсан өөр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Ер нь жилд хоёроос гурван үзэсгэлэн зохиодог. Эхнийх нь “Алтан бийр” дараагийнх нь  “Хавар” үзэсгэлэнд хамтарч оролцдог. Мөн Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай 5000 ам.долларын шагналын сантай үзэсгэлэнг 18-35 насны уран бүтээлчдийн дунд үзэсгэлэнг зохион байгуулдаг. Үүний хажуугаар мэдээллийн чанартай “Art workshop”-ыг Занаду арт галерей болон Урчуудын эвлэлийн хороотой хамтран зохион байгуулдаг. Тэтгэлэгт хөтөлбөрүүд зохион байгуулан ивээн тэтгэх ажлууд хийн эхний арван залуу энэхүү ажилд оролцоод явж байгаа.

Дүрслэх урлагийн хичнээн төрлөөр бүтээлүүд ирсэн бэ?

-Уран зураг, график, баримал, керамик, Монгол зураг, холимог техникийн ажлуудыг дэлгэн тавьсан.

-5000 ам.долларын шагналын сантай Солонгосын хөрөнгө оруулалттай үзэсгэлэн хэдийгээр зохион байгуулагдах вэ?

-Ирэх долоон сарын 14-нд урчуудын эвлэлийн хорооны танхимд нээлтээ хийнэ. Солонгосын соёлын солилцооны нийгэмлэг Ок корпораци Монголын дүрслэх урлагийн сургууль, Монголын урчуудын эвлэлийн хороо, Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтран зохион байгуулдаг. Дүрслэх урлагийн үндсэн уран зураг, зураасан зураг, баримал, холимог техник, Монгол зураг гэсэн ерөнхий таван төрөлд базан төрөл тус бүрт шилдэг нэг уран бүтээлчийг шалгаруулан 500 ам. доллараар шагнадаг. Бүх төрлөөсөө “Гранпри”-г шалгаруулан 1000 ам. доллар, тусгай байруудад 400 ам.доллар өгөн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээр каталог гардаг. 
 
-Энэхүү үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг хэзээ авч эхэлдэг вэ?

-оролцох бүтээлүүдийг дөрвөн сарын сүүлээр аваад бүх материалыг Солонгос руу явуулан тэндээс материалууд ирж байж үзэсгэлэнгээ нээн шилдгээ шалгаруулдаг.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж