Д.Энхбатын хүүхдүүд Ерөнхийлөгчид ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Д.Энхбатын хүүхдүүд Ерөнхийлөгчид ханджээ

Их Британийн Лондон хотноо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болж түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.  Германы талд энэ хэрэг шилжсэн нь Франц улсаас хууль бусаар Д.Энхбатыг хулгайлж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж буй юм. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, 2003 онд Франц улсаас хулгайлагдаж,  улмаар нас барсан  Д.Энхбатын  хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдөл гаргажээ. Тэдний ирүүлсэн өргөдөлд “Бидний аав Д.Энхбат 2004 онд хорих ангиас суллагдаад хэдхэн хоногийн дараа нас барсан. Миний аав энэ хэрэгт холбогдож, хилсээр шийтгэгдэж байх үед ч “Аав нь удахгүй ирнэ” гэх ээжийн үгэнд итгэж байсан. Өнөөдрийг хүртэл С.Зориг гэдэг хүний үхэлд буруутгагдаж, тэр нь нотлогдоогүй байсаар байтал аавыг минь цагаатгаасай, муу хүн байгаагүй гэдгийг хэлэх хүслээ тэвчин тохиромжтой цагийг хүлээж байлаа. Тэр цаг нь өнөөдөр тохиосонд бурханд бид талархаж байна… Англи улсад Б.Хурц гэдэг хүнийг саатуулж, шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэг хууль бус, хүний амьд явах эрхэнд халдсан ноцтой явдал байсан гэдгийг нотолсоор байна. Бидний аав зохион байгуулалттай хилс хэргийн улмаас эрүүдэн тамлуулж, амиа алдсан нь үнэн тул аавын минь нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү” гэжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж