Монголд ТОLES авдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Монголд ТОLES авдаг боллоо

З.ГАНЧИМЭГ: ЭНЭ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ӨГСӨН ХУУЛЬЧИД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛД ОРОХ БОЛОМЖТОЙ БОЛДОГ


“Англи хэлний Академи” Монголд анх удаа TOLES /Test of Legal English skills/ буюу хууль зүйн англи хэлний олон улсын шалгалтыг албан ёсоор авах эрхтэй болжээ. Хуульчдын хувьд томоохон боломж олгосон энэ мэдээллийн талаар “Англи хэлний Академи”-ийн захирал, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, хууль зүйн ухааны бакалавр, дэд профессор З.Ганчимэгтэй даяаршлын эрин үе дэх англи хэлний хэрэглээ шаардлагын талаар ярилцав.

-Англи хэл монголчуудын хувьд зайлшгүй хэрэглээ мөн үү. Энэ асуултаар ярилцлагаа эхлэе?

-Мөн гэдгийг би нэг жишээгээр хэлье. Өмнө нь ямарваа нэг өөрчлөлтийг хийхэд хэдэн арван жил шаардлагатай байсан бол одоо хэдхэн сарын дотор үйл явдал өрнөж байна. Их сургуульд заалгасан мэдлэгийн 80 хувь нь сургууль төгсөх үед л хоцрогддог болжээ. Сургалтын агуулга нь хоцрогдохоос гадна чиг хандлага, загвар нь ч шинэчлэгдэж байна. Тухайлбал, Хонгконгд явуулсан судалгаагаар нийт төгсөгчдийн 85 хувь нь  ажил олгогчдын шаардлагыг хангахгүй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэж үзсэн байна. Өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг хурдан мэдэрч, өөрчлөлтийн эргүүлгийг амжилт болгон хувиргахад 1,5 тэрбум хүний ярьж, бичдэг дэлхийн бизнесийн харилцааны гол хэл болсон англи хэлний мэдлэг зайлшгүй чухал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Саяхан үндэстэн дамнасан корпорациудын 25 мянга гаруй ажиллагсдаас судалгаа авахад жинхэнэ хэрэглээнд орсон англи хэлний мэдлэг ажилдаа амжилт гаргахад нь зайлшгүй шардлагатай гэж хариулсан хүний тоо улирал тутам өсөн нэмэгдсэн бөгөөд тэдний 91 хувь нь англи хэлний мэдлэг асар их хэрэгтэй байна гэжээ. Мөн Европын холбооны улсуудын 945 мянган компанийн үйл ажиллагаанд судалгаа хийхэд, тэдний 11-ээс илүү хувь нь зөвхөн хэлний бэрхшээлийн улмаас бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжоо алдсан гэдэг дүгнэлт гаргасан байна. Хэлний мэдлэг, тэр дундаа мэргэжлийн англи хэлний мэдлэг, бизнесийн амжилт хоёрын хооронд шууд харилцан хамаарал байгааг уг судалгаагаар олж тогтоожээ. Компаниуд 4 янзаар хэлний асуудлыг зохицуулж байна. Үүнд, хэлний талаар тусгай стратеги боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх, төрөлх хэлтнүүд, маш сайн гадаад хэлний мэдлэгтэй дотоодын ажиллах хүчин ажиллуулах, эсвэл орчуулагч, хэлмэрчийн орон тоо гаргасан байна.  

-Монголд анх удаа TOLES /Test of Legal English skills/ буюу хууль зүйн англи хэлний олон улсын шалгалтыг албан ёсоор авах зөвшөөрлийг танай академи авчээ. Ач холбогдол нь юундаа байна вэ?

-Энэ шалгалтыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, хамгийн нэр хүндтэй шалгалтын тоонд зүй ёсоор оруулдаг. Үүнийг амжилттай өгч чадсан хуульчид олон улсын томоохон байгууллагуудад ажилд орох боломжтой болдог. Тухайлбал, Англи болон Уэльсийн Хуулийн нийгэмлэг, Европын Төв банк, Даймлер Крайслер, Сони Эриксоныг нэрлэж болно. Шалгалтын давуу тал нь хуулийн фирм, хууль зүйн хүрээлэн, хуульч, өмгөөлөгч, шүүгч, хуулийн зөвлөхийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох хамгийн оновчтой, үр дүнтэй тогтолцоо юм. Гол нь уг шалгалтыг 100 хувь практик хэрэглээнд тулгуурлан боловсруулсан учраас англи хэлний онолын мэдлэгээс илүүтэй, олон улсын хэмжээнд ажиллах хуульчийн өдөр тутмын ажлын хэрэгцээг чухалчилдаг. Ер нь хууль зүйн англи хэлийг мэргэжлийн бус хүн төдийлөн ойлгохгүй нэр томъёо, латин, франц үг их ашиглахаас гадна, эртний болон албан бичгийн найруулга ихтэй, өгүүлбэрүүд нь их урт, нийлмэл бүтэцтэй байдаг л даа.
 
-Монголд TOLES шалгалт авах шаардлага байна уу. Манай хуульчдын мэргэжлийн англи хэлний мэдлэг ер нь хэр зэрэг юм бол?

-“Khan Resourсes” Монголыг олон улсын шүүхэд өглөө”, “Тавантолгойн олборлогчийн шалгаруулалтад гаднын 11 компани өрсөлдөж байна” гэх мэт мэдээлэл их гарах болж. Ялангуяа, манайхан нөөц баялагаа стратегийн гэж нэрлэх болсон учраас энэ нь үндэсний хэмжээний том асуудал болох нь тодорхой. Гэрээ хэлэлцээрүүд ч англи хэлээр хийгдэж байна. Үүнийг Монгол Улсын болоод олон улсын хууль эрх зүйн заалтаар зохицуулж байгаа тул мэргэжлийн англи хэлтэй хуульч, хуулийн зөвлөх нэн чухал. Манай хуульчдын онолын мэдлэг, туршлага сайн боловч англи хэлний мэдлэг нь ихэнх тохиолдолд бодит хэрэглээнд ороогүй байдаг. Олон улсын бүхий л гэрээ хэлэлцээрийг англи хэл дээр үйлддэг болохоор гадаадаас хуулийн фирм хөлслөх нь цөөнгүй гардаг бололтой. Гэтэл гаднаас ирсэн хуульчид Монголын эрх зүйн орчны талаар ойлголт байдаггүй. Тэгэхээр мэргэжлийн бус орчуулагч ажиллуулах нь эрсдэлтэй. Одоо Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлыг ид татаж, энэ хэрээрээ олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээрийн дагуу хамтран ажиллах нь ихэслээ. Тэгэхээр маргаантай асуудал гарлаа гэхэд манайд биш, Лондонгийн ч юмуу аль нэг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ үед TOLES шалгалтыг давсан хуульч хамгийн түрүүнд аминд орно. Энэ шалгалт гүнзгийлсэн, шат ахисан, суурь шатны гэсэн гурван түвшинтэй.

-Манай залуучууд англи хэлийг маш ихээр сонирхдог болсон гэж бодож байна. Таны бодлоор?

-Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад дэлхий дээр 1,3 тэрбум хүн англиар ярьж байна гэсэн тооцоо гарчээ. Англи хэлний мэдлэг таны амьдрал, амжилт бүтээлийн нэгэн шалгуур, бас баталгаа болж байна. Сургалтын байгууллагууд тухайн хэлний сургалтаараа дамжуулан хувь хүний хөгжил, ерөнхий мэдлэг, багаар ажиллах, манлайлах чадварыг цогц утгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж санагддаг. Сургалт зөвхөн ангид явагдахаар хязгаарлагдах ёсгүй. Англи хэл сурч буй залууст тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл нь ярих, сурсан зүйлээ хэрэглэх орчин байхгүйд оршдог. Үнэхээр таны үзсэн хичээл хэрэглээнд орохгүй, үр жимсээ өгөхгүй бол сураад ч урамгүй шүү дээ.

-Тэгвэл ийм орчныг яаж бүрдүүлэх ёстой вэ?

-Ийм орчныг бүрдүүлэхээр Англи хэлний академиас анхны алхам хийгээд байна. Тухайлбал 113 оронд 12500 клубтэй, нийт 260000 гаруй гишүүнтэй, 1924 онд байгуулагдсан Toastmasters олон улсын байгууллагын клубыг Монголд анх удаа байгууллаа.  Энэ байгууллага нь ашгийн бус, төрийн бус боловсролын байгууллага юм. Энэ байгууллага нь сая сая хүмүүст өөртөө итгэлтэй, харилцааны чадвар өндөртэй, манлайлагч болоход тусалсаар байна. Долоо хоногт нэг удаа англи хэл дээр хурал, уулзалт зохион байгуулдаг. Клубын гишүүн бүр тодорхой үүрэг хүлээж, сайн илтгэгч болоод олон улсын тэмцээн уралдаанд оролцож болно. Хэн ч энэ клубын гишүүн болж болно.

-Танай академийн интерактив элит сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Академи гэдэг нь мэргэжлийн дээд зэрэглэлийн сургалтын хөтөлбөртэй боловсролын байгууллага юм. Үндсэндээ орчин үеийн мэдлэгийн болон когнитив онол, хэлний харьцуулсан судалгаа, хүний хөгжлийн хөтөлбөр дээр суурилсан сургалт юм.  2005 онд байгуулагдсанаас хойш англи хэл сурахыг хүссэн хувь хүмүүс болон томоохон аж ахуйн нэгжүүд болох “Мобиком” корпораци, “Ньютел” ХХК, “Туушин” ХХК, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр зэрэг газарт захиалгаар сургалт явуулж хамтран ажиллаж байна. Бидний хамгийн гол зорилго бол англи хэлийг бүрэн эзэмшиж болох юм байна гэсэн итгэлийг суралцагчдад бүрдүүлэх, англи хэлээр дамжуулан мэргэжилдээ амжилт гаргах боломжийг нээж өгөхөд чиглэгддэг юм. 

-Монголчуудад англи хэлийг сурахад ямар нэг өвөрмөц шинж байдаг уу?

-Хамгийн энгийн зүйл өөрийгөө танилцуулахаас эхэлдэг. Манайхан өөрийгөө танилцуулна уу гэхээр, намайг тэр гэдэг, би төдөн настай, гэрлэсэн гэрлээгүй гэж эхэлдэг. Яг үнэндээ цаад сонсож байгаа хүнд тэр нь сонин биш шүү дээ. Харин таны мэргэжил боловсрол, албан тушаал, аль байгууллагад хэр удаан ажиллаж байгаа нь чухал гэх мэт маш энгийн зүйлээс л сургалт эхлэх учиртай.

Сонирхуулахад, би нэгэн багшийн эрдмийн ажилд албан ёсны шүүмж бичсэн юм. Уг судалгааны ажлын зорилго нь монгол бизнесмений стереотип буюу нийтлэг дүр төрхийг Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй гадныхнаас тодруулах, сэтгэлгээний ялгаа, соёл, уламжлал хэрхэн нөлөөлж буйг тогтоох байсан. Уг судалгаанд монгол бизнесмений ерөнхий дүр зургийг гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөн багатай, яг юу бодож байгааг нь таахад бэрх, товч тодорхой ярьдаггүй, тойруу замаар санаандаа хүрдэг, албархуу, удирдах ажилтнууд нь өөрийгөө дээд тушаалын хүмүүсээр хүрээлүүлэх дуртай, шийдвэр шууд гаргахаас аль болох зайлсхийдэг гэжээ. Хэлний бэрхшээл мөн харилцахад хүндрэл учруулдаг байна. Жишээбэл,  “За” гэсэн үгийг монголчууд зөвхөн “yes” гэсэн үг гэж боддог. Тэгвэл “well” гэдэг үг нь “За, цааш нь ярь, ярь”, “ойлгож байна” гэх мэт маш олон утгыг илэрхийлдэг.

Би оюутнууддаа англи хэл дээр карманы нэг онигоо, дуу, шүлэгтэй байх хэрэгтэй гэж хэлдэг. Бизнесийн сайн түнштэй болоход зөвхөн албан уулзалтаас гадна, хувь хүний зан төлөв, харилцааны чадвар, хүн чанар, хошин шогийн мэдрэмж, нийгэм, улс төр, уламжлал, түүх соёлын өргөн мэдлэгтэй байх нь дотно харилцаа тогтоохын үндэс болдог юм.

Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж