Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Энэ шидэт тоо Монголын улс төрийн
амьдралыг орвонгоор нь эргүүлж мэдэхээр болжээ. Бараг хүн болгон амьсгал
даран хүлээж байна.

Та таав уу? Тиймээ. Энэ бол “Улс төрийн намын
тухай” хуулийн заалт. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
“… нам нэрээ өөрчлөхийг зөвшөөрчихсөн, харин нэрээ өөрчилсөн бол
хуучин нэрийг тухайн намын гишүүн бусад хүн ашиглахыг хориглож уг
хуулийн 15.6-д заасан. Хууль энэ, миний өмнө байна. Маш тодорхой.
МАХН-ын товчилсон болон бүтэн нэрийг санал нийлээгүй тус намын гишүүн
болон бусад хуулийн этгээд ашиглаж болохгүй гэсэн заалт өнөөдөр хүчинтэй
байна” гэж “Өдрийн сонин” өдөр тутмын сонингийн 2011 оны 2 дугаар сарын
11-ний 042 дугаарт өгсөн ярилцлагандаа дурджээ. Энэ тайлбар үнэн үү?
Эсвэл өөрийн үзэмжээр тайлбарлаад байна уу?

Намын нэрийн тухайд
Хэрвээ “Улс төрийн намын тухай”  хуулийн шинэчилсэн найруулгыг харвал
үнэхээр 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон
нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга,
тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус
намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх,
үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно. “ гэж заажээ. Гэхдээ гол асуудал нэр
гэдэг дээр байна. Намын нэр гэж юу юм бэ? Уг хуулийн 6 дугаар зүйлд
намын нэр гэдгийг намын оноосон нэр гэж заасан байгаа мөн 8 дугаар зүйлд
үүсгэн байгуулагчдын хурлаар намын нэрийг оноодог гэдгийг тодорхой
заажээ. Тэгэхээр намын нэрийг ламаас асууж хүүхдэд нэр хайрлуулахтай
адил Улсын бүртгэлийн ерөнхий газраас асуудаг зүйл биш болж таарлаа.
Харин 6 дугаар зүйлд зааснаар дагуу, жишээ нь, нэр давхардах тохиолдолд
Дээд шүүх бүртгэхгүй байх эрхтэй.  

Намын нэрийг өмчилж, урьдчилан бүртгүүлж болох уу
Мөн л энэ хуулийн заалтаар нам бол улс төрийн үйл ажиллагаа явуулах
зорилгоор байгууллагдсан иргэдийн нэгдэл. Тийм ч учраас эхлээд Дээд
шүүхэд бүртгүүлээд дараа нь хуулийн этгээдийн статустай болдог. Ингэхдээ
9 дүгээр зүйлд заасний дагуу “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай”
хуулийн 14.2-т заасан дагуу баримтуудыг бүрдүүлэн өгөх шаардлагатай юм
байна. Харин шаардлагатай баримтууд дунд нэрийн тухай баримт байхгүй
байгаа нь намын нэрийг зөвхөн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстойг улам баталж
байна.

Саяхан “МАХН” нэр ба товчлолыг өгөхгүйн тулд Улсын бүртгэлийн
ерөнхий газраас “нэр бөөндсөн” үйлдэл гарсан. Үүнд ямар нэгэн ач
холбогдол байна уу?

Товчхондоо бол үгүй. Яагаад гэвэл, дээр дурдсан тайлбараар намын нэрийг
заавал Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн нэр болгон бүртгүүлсэн байх
шаардлагагүй учраас намын нэр бүртгүүлэхэд гох дэгээ тавих нь уг хуулийн
8.7-д “Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага,
албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг
хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж байгаа үйлдэл мөн.

Тэгвэл ХЗДХ-ийн сайдын тайлбарыг юу гэж ойлгох вэ?

Хамгийн гол асуудал сайд намын нэр ба намын хуучин нэр гэсэн ойлголтыг
том андуурсан байна. Өөрөөр хэлбэл, алдарт 15.6-д хуучин нэр гэж
заагаагүй учраас Дээд шүүхэд бүртгүүлсэн өдрөөс эхлэн намын нэр “Монгол
ардын нам” болох ба “Монгол ардын хувьсгалт нам” гэдэг нэр МАН-д огт
хамааралгүй болж байгаа юм.
Иймд Улсын дээд шүүхэд “Монгол ардын хувьсгалт нам” гэж бүртгэгдсэн нам
байхгүй тохиолдолд шинээр бүртгэхгүй гэж цааргалах шалтаг байхгүй.
Ингэхээр ХЗДХ-ийн сайдын тайлбар хуудуутай болж таарч байна даа.

Хууль сонирхогч Ц. Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж