Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австралид хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Дагалдан яваа хүмүүсийн хамт Австралийн бизнес, санхүүгийн төв Сидней хотоос айлчлалаа эхэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр тус улсын нийслэл Канберрад хүрэлцэн ирлээ. Канберра бол Австрали улсын парламент, Засгийн газар, яамд, төр захиргааны байгууллагууд болон гадаадын ЭСЯ-д байрладаг улс төрийн гол төв хот нь юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа, Ерөнхий сайдуудын уулзалт хэлэлцээ, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг үзэглэх ёслол маргааш болно. Энэ өдөр Ерөнхий сайд Австрали Улсад айлчилж буй гадаадын төр засгийн тэргүүнүүдийн тогтсон заншлын дагуу тус улсын нэр нь үл мэдэгдэх дайчдын бунханд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.