
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуур дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 29 асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Түүний дотор Гадаад бодлогын үзэл баримтлалын тухай асуудал хамгийн томд тооцогдох аж. Мөн тус байнгын хорооны дарга саяхан хилийн цэргийн ангид ажиллажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаан-Уул отрядад ажилласан. Тус отрядад анхны гэрээт хилчид алба хааж буй. Гэрээт хилчид хоёроос дээш жил алба хаана. Гэрээт хилчид хил манах болсноор хэрэг зөрчил гарахгүй болжээ. Тэд мөн албандаа хариуцлагатай хандаж буй. Тиймээс цаашид гэрээт хилчдээр хил мануулах нь хамгийн үр дүнтэй байна гэдгийг Хил хамгаалах газрынхан энэ үеэр онцлон дурдсан байна. Харин ойрын хугацаанд шийдвэрлэх чухал ажил нь Монгол Улс урд хилийнхээ багануудыг шинэчлэх явдал аж. Шургааган шонгууд илжирч муудсан тул оронд нь бетонон багана барих, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг байнгын хорооны дарга онцоллоо. Хилийн багануудаа шинэчлэн засварласнаар салхи шуурганд мал уруудан, хил давах, гаднаас хил зөрчигчид орж ирэх гэх мэт асуудал тодорхой хэмжээгээр багасах талтай гэнэ.
Г.Дарь