Уран бүтээлчдийг улс төрд чангаалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчдийг улс төрд чангаалаа

Ардын
намынхан МАХН-аас өрсч ирэх гуравдугаар сарын 1-нд болох “Эх орончдын
өдөр”-ийг угтан яруу найргийн наадам зо­хион байгуулах гэж байна. Нийгэм
рүү чиглэсэн өргөн фронтын ээлжит аянаа ингэж үргэлжлүүлж байна. Гэтэл
өнөө хэд нь бас яаж зүгээр байх билээ. МАХН-аас шилдэг дууны уралдаан
зохион байгуулж  байгаа юм гэнэ. Хоёулаа л тусгаар тогтнолын үнэ цэнэ,
бахархлыг дуу, шүлгээр илэрхийлсэн байхыг оролцогчдод гол шалгуур
болгосон аж. Цаа­гуураа бол “Эх орончдын өдөр”-ийг булаацалдаж байгаа нь
илт.

Хоног хугацаа нь  тулчихсан болохоос аль, аль нь бүжгийн тэмцээн,
зургийн уралдаан ч зарлах байсан байж магадгүй. Намын гишүүдээ хоёр
талцуулж, толгойг нь эргүүлж будилуулсан шигээ уран бүтээлчдийг үзэл
бодол, сэтгэхүйгээр нь хоёр тал болгох гэж буйгаа МАН ч, МАХН ч юман
чинээ тоохгүй янзтай. Яруу найраг ямар цэвэр, тансаг байх учиртайг,
урлаг бүхэлдээ хэн дуртай нь гар хүрч зүрхэлдэггүй  ариун сүм байдгийг
тэд уландаа гишгэв. Нэгмөсөн ерөөлч, магтаалчдын улсын уралдааныг
сэргээгээд зохион байгуулбал таарна. Тайзны шүлгээр яруу найргийг
хэмжиж, хүмүүст ингэж таниулсан хэдэн яруу найрагч “Эх орончдын өдөр бол
манайх, Энхбаяр нарын урвагчдыг ширмэн бөмбөгөөр сөнөөе” гэх юм уу,
“Хүрэлсүх даанч яав даа, Хүнийрхүү хандаж намаа сөнөөлөө” гэсэн утгатай
мөр шад бодож олох гээд толгойгоо гашилгаж сууна. Нэгэнт л өгсөн сэдвийн
хүрээнд уран бүтээл туурвих учиртай болохоор хайр, үхэл хагацал,
ганцаардал энэ тэр гээд жаахан л “чөлөөтэй” бичвэл МАН-ын
гишүүн-шүүгчдэд таа­­лагдахгүй. Нам, засгийг муулж эсвэл шүүмжилсэн
утга­тай шүлэг уншвал хол явах­­гүй болохоор ямархуу агуул­­гатай байвал
дээр бол гэж бо­дох юмгүй. Магтах эсвэл өр­сөлдөгчийг нь “байхгүй”
болтол матарлах ёстой байх. Угаасаа ойрдоо энэ хоёр нам бие биеэ
хангалттай баалсан учраас юуг хамгийн их хүсч байгаа нь ч  тодорхой биз.
Тийм болохоор социализмын үед болдог бай­сан улс төрийн дууны урал­даан
шиг уур амьсгал дунд уран бүтээлчид маань нэгийгээ үзэж, нэхий дээлээ
тайлалцах бололтой. Дуучдын хувьд ч ялгаагүй. “Шивээ хиагт” шиг дуу
зохиогоод зүтгүүлчихсэн байхад МАХН-аас зарласан уралдаанд түрүүлэхгүй
гэхэд нэг юм дуулгаж л таарна. Тэгээд Ардын намаас энд, тэнд зохион
байгуулсан янз бүрийн арга хэмжээнд оролцоогүй “нэр цэвэр” дуучин
сонгоод дуулуулчихвал бүр сайн.  Нэг эхээс төрсөн “ах дүүс” урдаа яруу
найрагч, уран бүтээлчдийг барьж байгаад хоорондоо арай өөр аргаар ингэж
тэмцэхээр  шийджээ. Булаацалдаж буй зүйлээ ямар ч хамаагүй үнээр өөрийн
болгохоор тэд  улайрч байна. Уран бүтээлчдийг  улс төр рүү чангааж
байна. Соён гэгээрүүлж, уран бүтээлчдийг дэмжихээсээ илүү тус тусын үйл
ажиллагаа, зам мөрийг олон нийтэд ийм аргаар хүргэхийг тэд илүүд
үзжээ.               

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж