Б.Нямхандад холбогдох хэргийг прокурорт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Б.Нямхандад холбогдох хэргийг прокурорт шилжүүлнэ

Тагнуулын ерөнхий газарт нөлөө бүхий албан тушаал хашиж байсан Б.Нямхандыг эрүүгийн хэрэгт хол­богдуулан шалгаж байгаа талаар өмнө нь манай сонин мэдээлсэн. Мөрдөн байцаагчид түү­нийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар ял сонсгон яллагдагчаар татжээ. Эрүүгийн хуулийн уг зүйл ангид “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хүний амь хөнөөсөнтэй дүйцэх хэмжээний ял сонсгох заалттай хуулийн дээрх зүйл ангиар Монгол Улсад анх удаа УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан ял сонссон. Харин энэ удаа тагнуулын ажилтан эх орноосоо урвасан эсэх талаар хуулийн байгууллагад мэдүүлэг өгч байна. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Б.Нямхандад холбогдох эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа аж. Түүнийг өнгөрсөн оноос сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд хоёр сарын өмнө “Ганц худаг” дахь Урьдчилан саатуулах төвд хорьжээ. Б.Нямхандын үйлдсэн гэх хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар тог­тоогдсон. Гэхдээ эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны талаар мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Харин Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас эх орноосоо урвасан гэх тагнуулчийн талаар тодруулахад “Б.Нямханд Таг­нуулын ерөнхий газарт ажиллаж байсан. Түүнийг эх орноосоо урвасан гэх зүйл ангиар шалгаж байгаа. Холбогдсон хэрэг нь улсын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Б.Нямхандад холбогдох хэргийн мөрдөн байцаалт ерөнхийдөө дуусч, прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болжээ. Юутай ч Тагнуулын ерөнхий газрын түүхэнд тагнуулч гэх бүртгэлтэй Б.Нямханд албан тушаалаа ашиг­лаж улсын нууц задруулсан нь баримтаар нотлогдсон аж. Түүнийг Б.Хурцын талаарх мэдээллийг га­даа­дын тагнуулын байгууллагад дам­жуулсан, хоёр хөр­шийн тусгай ал­бадтай холбоотой ажилладаг гэх зэргээр сэжиглэн шалгаж байгаа аж. Харин Б.Ням­хандыг эх орноосоо урвасан эсэ­хийг шүүх эцэслэн тогтоох л үлджээ. Түүний өмгөөлөгчөөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан С.Жанцан ажиллаж байгаа ажээ.

Б.НЯМХАНД ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр хуульч мэргэжилтэй, 36 настай нэгэн. Түүнийг хамгаалагчаар ажлын гараагаа эхэлсэн гэдэг юм билээ. Харин найзынхаа ачаар Тагнуулын ерөнхий газарт ажилд орсон аж. Тодруулбал, Лондонд саатуулагдаж, Германы хууль сахиулагчдад мэдүүлэг өгөхөөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц түүний дотны анд гэнэ. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Билэгт  залуухан тагнуулч Б.Хур­цыг 2004 онд Сөрөх тагнуулын хэлт­сийн даргаар томилж орлогчоо сонгох эрх олгосон гэдэг. Тухайн үед Б.Хурц дотны анд Б.Нямхандыг орлогчоороо томилж байжээ. ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга Б.Нямханд найзтайгаа нэг өрөөнд суудаг байсан байна. Мөн хамт олон нь Б.Хурц, Б.Нямханд хоёрыг хам­гийн бийлэгжүү тагнуулчдаар ч тодруулсан удаатай гэх. Гэхдээ Б.Хурц авлигын хэрэгт холбогдож ажлаасаа гарахад Б.Нямханд да­гаад гарчээ. Өөрөөр хэлбэл, тэр­бээр Тагнуулын ерөнхий газарт гурван жил ажилласан намтартай. Тагнуулын байгууллагын тухай хуульд “Сөрөх тагнуулын ажил гэж Монгол Улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон Тагнуулын ерөнхий газарт хуулиар харъяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажил­лагааг хэлнэ” гэж заасан бай­даг. Өөрөөр хэлбэл, сөрөх таг­нуулчид гадаадын тагнуулын байгууллагуудыг тандаж, болзошгүй сөрөг үйлдлүүдийг таслан зогсоон улс орноо хамгаалах үүрэгтэй. Гэтэл сөрөх тагнуулын ажилтан гадаадын тагнуулчидтай “найзлаад” эхэлбэл улсын нууц задрах асуудал энүүхэнд болох нь тодорхой. Үүнээс гадна тус хуульд зааснаар ТЕГ-ын ажилтнууд ажлаасаа гарснаас хойш хоёр жилийн хугацаанд тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчих ёсгүй. Гэтэл Б.Нямханд ажлаа өгсний дараа Өмнөд Солонгост нэг бус удаа очсон мэдээ ч байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж