
хийжээ. Уг дайны тухай маргаантай асуудал зуун дамжин үргэлжилж буй ч
Холливудын чанарын хэмжээнд 3D технологиор хийж, гурван хэмжээст
зурагтаар үзвэл түүхийг үнэн бодитоор үлдээхэд онцгой нөлөө үзүүлэх
болно хэмээн тэд үзсэн аж. Үүний нэгэн адил “Долдугаар сарын 1”-ний
үймээний тухай бодит үнэнийг ч 3D-ээр үзэх юмсан. УИХ-ын 2008 оны
сонгуулийн дараах олон нийтийг хамарсан үймээн гэгч чухам юу болоод
өнгөрсөн талаарх бодит үнэнийг бид өнгөрсөн гурван жилд олж мэдэж
чадсангүй. Хэн ч үүнд хариу хэлж чадахгүй байна. Удаа дараа ажлын хэсэг
байгуулан ажиллалаа. Үр дүн алга.
Одоогийн байдлаар тухайн үед ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газрын
удирдлагаар ажиллаж байсан хүмүүст ял төлөвлөөд байгаа ч зүйл анги нь
мөн өөрчлөгдөж буй сурагтай. Улсын ерөнхий прокурор шинээр
томилогдсоноос болов уу. Юуны учир дахин ажиллагаа зохион байгуулж,
нэр бүхий хүмүүст тулгасан хэргийн зүйл ангийг өөрчлөх болов гэдэгт
олон нийт эргэлзэж эхэллээ. Эхлээд тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж
байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Би буудах тушаал өгөөгүй” гэж
“яаралтай” мэдэгдсэн. Дараа нь мэдүүлгийн явцад Ч.Амарболд генерал
“Буудах тушаал өгөх ёстой хүн нь би. Гэхдээ би тийм тушаал өгөөгүй”
гэсэн. Харин одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох хэсэгт заасны
дагуу буюу өөрөөр хэлбэл буудах тушаал өгсөн ч, өгөөгүй ч яллах тийм
зүйл ангид холбогдуулан шалгаж эхэллээ.
Ямар ч байсан энд тухайн үед алба хашиж байсан цагдаагийн
байгууллагын удирдлагуудад ял тулгах нэгэн зорилт ил харагдаад байна.
Уг нь мөрдөн байцаах гэдэг үгийг ч бодсон мөрдөж шалгаад, байцаагаад,
хэргийг хүлээлгэх учиртай баймаар. Харин өрнөж буй үйл явцаас харахад
зөвхөн баривчлаад, байцааж, хэргээ хүлээхгүй бол тулган хүлээлгэдэг “нэг
л өөр” зарчмаар яваад байх шиг.Цагдаагийн байгууллагад ажиллаж буй
хүмүүсийн сэтгэлзүйн хувьд ч дахин ийм хэрэг гарах вий гэсэн айдас
хүйдэс бий болж, гарлаа гэхэд олон нийтийн төлөө эрсдэлээс айхгүй тэмцэх
эр зориг тодорхой хэмжээнд мохсон болов уу гэмээр байдал ажиглагддаг.
Тиймээс дараагийн сонгуулиас өмнө энэ хэргийг нэг тийш болгох хэрэгтэй.
Гэхдээ яаравчилж, дахин хэлмэгдүүлэлт үүсгэхээс болгоомжлохоос аргагүй
юм.
Нөгөөтэйгүүр хэргийг шалгаж буй байдлаас харахад “Цагдаагийнхан буудсан
уу? Буудсан бол хэний тушаалаар?” гэдэгт л хариулт хайгаад,
таамаглалуудаа нотлох гээд байгаа болохоос энэ хэрэгтэй холбоотой бүх
сэжиг, таамгийг шалгахгүй байгаа нь өрөөсгөл санагдана. Тухайлбал,
талийгаач Э.Доржсүрэн. Мөнх-Эрдэнэ нар 2008 оны долдугаар сарын 1-ний
шөнийн 01.30 цагийн үед Улсын клиникийн төв эмнэлгийн хойд талын замын
уулзвар дээр эрүүнийхээ орчимд буудуулж амь насаа алдсан байдаг.
Шинжээчийн дүгнэлтээр холын зайнаас буудуулсан болохыг тогтоосон бөгөөд
харанхуй шөнөөр хоёуланг нь яг эрүүнд нь оносон явдал буудсан этгээд
ямар нэг хэмжээгээр бэлтгэгдсэн хүн байсан юм биш үү гэсэн сэжиг
төрүүлдэг. Гэхдээ тухайн үед зарим хэвлэлийнхний мэдээлж байсан шиг
өндөр байшингийн орой дээр мэргэн бууч байрлаад гохоо дарахад бэлэн
зогсч байсан уу гэвэл бас нотлогддоггүй. Мөн “Долдугаар сарын 1”-ний
үймээнтэй холбоотой гэрэл зургуудыг эмхэтгэн ном гаргасан байдаг. Түүн
дээр буудаагүй хоёр ширхэг сумны зураг байдаг бөгөөд үүнийг армийнхны
ч, цагдаагийнхны зэвсэглэлд ашигладаггүй маш нарийхан сум байна гэцгээж
байв. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт хөлөндөө буудуулан шархдаад ирсэн
хүүхдийг үзэж байхдаа шөвгөөр хатгасан мэт нарийн сумаар буудсан болохыг
үзээд гайхаж байсныг үүнтэй холбон шалгаагүй нь харамсалтай.
Долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатарын талбайд автобус түрэн орж ирж
зогсоод, уг автобуснаас хөдөөний бололтой хүмүүс бууж ирмэгцээ “МАХН-ын
байр хаана байна” хэмээн асуусан, учир мэдэх хүмүүс үүнийг гадаадынхны
оролцоотой байсан хэмээн батлан хэлдэг зэрэг анхаарал татсан баримт,
таамаглал олон байдаг. Тухайлбал УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан
Д.Одбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголчуудын дотооддоо
хагаралтай, эв түнжингүй байхыг дэмждэг, гадаадын зохион байгуулалттай
бүлэглэлүүд ч байгаа. Нууц албаныхан ч ажиллаж байна. Жишээ нь би манай
намын байрыг хэдэн сайн эр шатаачихсан гэж боддоггүй. Цаана нь заавал
хатгалга, дэмжлэг, захиалга байсан. Тодорхой хүний нэрийг хэлэх цаг ирнэ
гэж боддог” хэмээсэн юм. Тэрбээр энэ тухай лавшруулан асуухад
“Гадаадын нэг амьтан”бий. Түүний нэрийг би хэллээ гэхэд мөнгө,
хөрөнгөө ийш тийш цацаад, Украин, Гүржээр тоглоод санаагаа амраачихсан
хүнийг бид энд яах юм бэ. Тэртэй тэргүй мэдэх хүмүүс нь мэдэж байгаа
гэсэн. Харин “Тэр гадаад амьтан чинь долдугаар сарын нэгэнд МАХН-ын
байрыг шатаасан захиалагч гэж та хэлээд байна уу?” гэхэд “Тийм болохоор л
хэлж байна” гэж хариулсан. Хуулийн хүн улс төрийн хэрэгтэй холбоотой
асуултад үүнээс дэлгэрэнгүйгээр хэрхэн хариулах билээ. Ямартай ч
тэрбээр гаднын оролцоо байсныг цөөн үгээр батлан хэлсэн. Долдугаар сарын
нэгний үймээний хэргийн улмаас шалгагдаж буй ЦЕГ-ын дарга асан, хошууч
генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл ч мөн УИХ-ын гишүүн
Д.Одбаярын ярьсныг баталж манай сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр өдөр төр,
засгийн байгууллага руу халдана гэсэн мэдээлэл, ард иргэдийн наад захын
амьжиргаатай холбоотой эрчим хүчний сүлжээг дэлбэлэх гэж байна гэсэн
мэдээлэл тархсан байдаг юм. Дээр нь тодорхой хувь хүмүүсийн амь насанд
халдах үйлдэл ч гарах байсан. Хаа очиж цагдаагийн байгууллага маш
цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр үүргээ нэр төртэй биелүүлж үймээнийг
тараасан. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын гаргасан “Онц
байдал зарлах” шийдвэрийг зөв, буруу гэсэн шүүмжлэл олонтаа гарч
байсан. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд “зөв байсан” гэж
үзсэн. Одоо дахин энэ тухай ярихгүй. Хамгийн гол нь бид энэ үйл явдлаас
цаашид манай тусгаар тогтнол бол хэн ч халдашгүй бат бэх биш юм байна
шүү. Хэн нэгний захиалгаар, улс төрийн үймээн дэгдээж болдог юм байна
гэсэн сургамжтай үлдэх ёстой” гэж ярьсан юм. Тэрбээр “Өнгөрсөн
хугацаанд хэрэг шалгаж дуусаад би 25 хавтаст хэрэгтэй танилцсан. Мөрдөн
байцаалтын нууц учраас энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Гэхдээ
эдгээр хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан хүний хувьд нэг л зүйлийг
хариуцлагатайгаар хэлж чадна. Цагдаа байлдааны сум хэрэглээд хүний амь
насыг хохироосон гэх үндэслэл ямар ч байсан өнгөрсөн хугацаанд
тогтоогдоогүй” хэмээсэн билээ.
Дашрамд дурьдахад талийгаач Э.Доржсүрэнгийн намтар, сурсан сургууль,
ажилласан газар нь анхаарал татдагийг мэргэжлийн эх сурвалж өгүүлж
байсан удаатай. Эх сурвалжийн нэрийг мэдээж нууцлах ёстой. Харин
талийгаачийн хувьд АНУ-д сурч ажиллаж байсан, энд ирээд ресторан
ажиллуулж байсан хөдөлмөрч, боловсролтой залуу байсан тухай хэвлэлүүд
мэдээлж байсан. Нэмж хэлэхэд тэрбээр АНУ-ын Монтана муж улсад Хожуу
үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Морманы сүмийн шугамаар шашны сургуульд
Киргиз, Украин, Гүрж иргэдтэй хамт суралцан , “Caml” гэдэг компанид
ажиллаж байсан гэдэг. Архи, тамхи хэрэглэдэггүй, найз бүсгүйгүй, тэр бүр
залуустай нөхөрлөөд наргиж цэнгээд явдаггүй нэгэн байсан нь
сонирхолтой. Яг одоо долдугаар сарын 1-ний үймээн шиг улс төрийн хямралт
үйл явдлууд Тунис, Египет, Ливид хэрхэн үргэлжилж буйг бид харж байна.
Эцэст нь хэлэхэд энэ асуудлыг улстөржүүлэлгүй, яг байгаа баримтад
тулгуурлаад үнэн зөвөөр шийдвэрлэж дуусаасай. Энэ хэргийг хэрхэн үнэн
зөв шийдвэрлэхээс цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл
ажиллагаа, нэр хүнд ихээхэн шалтгаална. Цагдаа бол төрийн дархлаа.
Түүхийн хуудсанд болсон үйл явдлыг буруугаар бичиж үлдээх, төрийн албанд
зүтгэсэн хүмүүсээ хилсээр хэлмэгдүүлэн, хэрэг тулган хүлээлгэх эрх
ардчилсан нийгэмд байх ёсгүй. Тиймээс төрийн нууц гэдгээр халхавчлан
улстөрчдийн амыг харах бус, ажлын хэсэг байгуулан шалгасан бүх эх
сурвалж болсон явдлын бодит үнэнийг нээлттэй танилцуулаач гэж хүсмээр
байна. Тэртээх 70 жилийн өмнөх дайныг 3D-ээр харуулж болоод байхад
гурван жилийн өмнө болсон сонгуулийн дараах үймээнийг хэн зохион
байгуулж, хэнийг хэлмэгдүүлчихээд байгааг бүх талаас нь яг бодитойгоор
харж, чухам юу болоод өнгөрснийг мэдмээр байна шүү дээ. Дахиад сонгууль
болно гэхээс айж байна. Муугаар бодоход үймээн самуун давтагдлаа
гэхэд биднийг хэн хамгаалах билээ. Хамгаалсныг нь хожим хилсээр хэрэг
тулгаж яллавал яана гэхчлэн олон эргэлзээ байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин