Ченжүүдийг брокер болгох уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Ченжүүдийг брокер болгох уу?

Түүхий эдийн бирж байгуулж, ченжүүдийг брокер болгох уу?

Хавар болохоор эрчимждэг түүхий эдийн замбараагүй арилжаа удахгүй эхэлнэ. Улсын хэмжээнд энэ онд 4.5 сая ширхэг арьс, шир, 6000 тонн ноолуур, 22 мянган тонн ноос бэлтгэх тооцоо гарсан. Энэ нь ноос, ноолуурын хувьд л гэхэд өмнөх жилийнхээс даруй 30 хувиар буурсан үзүүлэлт боловч хангалттай тоо. Гэтэл энэ их хэмжээний түүхий эдийн дийлэнх нь ченжүүдийн гараар орж хэрэглэгчдэд өндөр үнээр хүрч байна. Үүнээс улбаалаад сүүлийн 20 жилийн турш түүхий эдийн зах зээлд худалдааны соёл, зохион байгуулалтгүй ченжийн захийн бизнес цэцэглэсэн гэхэд болно. Зохион байгуулалтгүй замбараагүй гэж хэлж байгаагийн шалтгаан нь манай улсаас өөр түүхий эдийн чанарыг бус овор хэмжээг нь үнэлдэг, зүгээр л бөөндчихдөг орон байхгүй. Бид ноолуурыг л гэхэд нэг, хоёрдугаар зэрэг гэж ярьж, энэ нь сайн, энэ нь арай муу гэж үнэлдэг мөртлөө “Эмээлт” зах дээр очиход ямар ч ноолуур байсан жинлэн авч байгааг харах болно. Мөн арьс, ширийг чанараар нь бус энд тэндээ цоорсон эсэхийг нь хараад ширхэглэн тоолж, байдгаар нь “доош хийж” байж ченжүүд үнээ хэлдэг.

Ийм хоцрогдсон, эмх замбараагүй арилжаанаас үүдэн зах зээлээс хол, мэдээлэл муутай малчид хаа хол орон нутгаас хэдэн шуудай түүхий эд авчирчихаад замын зардалдаа шатаад өнгөрдөг  тохиолдол олонтаа гарсаар байдаг. Мөн уг арилжаанаас болж хамгийн ихээр хохирдог бүлэг хүмүүс нь энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 50 орчим үйлдвэр бий. Харамсалтай нь эдгээр үйлдвэрүүдийн аль нь ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй аж. Учир нь тэд түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө муутай байдаг байна. Дээр нь гадны худалдан авагчид зах зээлийг нь бүрэн эзэлсэн болохоор түүхий эдийн үнийг манай зах зээлээс хамааралгүйгээр тогтоож, дотоодын үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ явуулахад нь хүндрэл учруулдаг байна. Салбар яамнаас мэдээлж буйгаар дийлэнх боловсруулах үйлдвэрүүд ажиллах хүчин чадлынхаа 30 орчим хувийг л зарцуулдаг байна. Тиймээс түүхий эдийн зах зээлийг соёлтой, гадныхны эрэлтэд дарлуулдаггүй болгохын тулд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийг байгуулах хэрэгтэй болж байгаа. Уг биржийн талаар олон жил ярьж байгаа ч энэ онд л бодит ажил болох нь.

Бирж байгуулагдана гэдэг нь зах зээлийн ханшаар түүхий эд үнэлэгдэх, гадныхан худалдаанд соёлтой оролцох боломжийг бий болгоно. Ихэнх орнууд түүхий эдийн биржийг гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор байгуулсан байдаг. Манайд уг тогтолцоо байхгүйгээс үүдэн Хятадуудаас өөр түүхий эдийн бизнест оролцох гадны худалдан авагч байдаггүй. Хятадуудад их хэмжээний эрэлт байгаа учраас тэд манай түүхий эдийг голохгүй авч байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс түүхий эдээ гадны орнуудад хүлээн зөвшөөрөгддөг чанар стандартаар нь ангилан худалдвал том зах зээлд гаргаж чадна.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж байгуулах нь тодорхой болж байна. Та уг хуулийн төсөл дээр эхнээс нь ажиллаж байгаа хүний хувьд ерөнхий мэдээллийг хүргэхгүй юү?

-Бирж гэхээр хүн бүхэн мэднэ дээ. Гол нь хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж байгуулагдсанаар эдийн засаг, нийгмийн олон ач холбогдолтой. Тухайлбал малчид бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр үйлдвэрт нийлүүлэх боломж бүрдэнэ. Манайх энэ биржийг харьцангуй хожим байгуулж байгаа. Анхны бирж АНУ-ын Чикаго хотод 1848 онд байгуулагдсан байдаг. Бирж байгуулахын тулд гадны биржүүдийг нэлээд судаллаа. Тэр дундаа ОХУ, Турк, АНУ зэрэг 10 гаруй орны биржийг судалсан.

-Бэлтгэл хангагдсан уу. Бирж  байгуулах орчин, мэргэжилтэн зэргийн хувьд ямар байгаа вэ?

-УИХ-д өргөн бариад Ардын намын бүлэг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор ороод энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр шат шатандаа гарсан. Одоо ч хоёр намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг энэ тал дээр ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд энэ хууль дээр ажиллаж байна. Тэгэхээр энэ хавар батлагдах байх гэж найдаж байгаа. Бирж байгууллаа гэхэд эхний ээлжинд Хөрөнгийн биржийн дэд бүтэц, сувгийг ашиглах байх. Өөр байр, ажиллах орчин байхгүй юм чинь. Харин ажиллах хүмүүсийн хувьд бидний байнга муулж байдаг энэ ченжүүд байна. Эд нарыг брокерийн үүрэгтэйгээр түүхий эдийн арилжаанд оролцохыг зөвшөөрч байгаа.

-Түүхий эдийн ченжүүд брокер хийж чадна гэж үү?

-Тэд бол энэ салбартаа олон жил ажилласан. Салбараа мэдэж байгаа. Ядаж л аль орон нутгийн ноос ноолуур нь чанар, бүтэц сайтай байх зэргийг мэднэ. Гэхдээ бүх ченжброкер болохгүй шүү дээ. Чадах нь л хийнэ.

-Бирж байгуулснаар гадны хөрөнгө оруулагчдыг татна гэж байна. Энэ талаар?

-Биржийн стандарт гэж бий. Үүнтэй холбогдоод малчид бүлэг, хоршоо байгуулж түүхий эдээ шуудайнд хийж хот руу шууд ачих бус анхан шатны тордолт хийх хэрэгтэй болно. Анхан шатны тордолт гэдэг нь ноос ноолуураа нэг, хоёр, гуравдугаар зэргээр нь ангилна гэсэн үг. Ноосыг гэхэд бутархай, нэг хоёрдугаар зэргийн гээд ангилна. Ингэж тодорхой стандартад нийцүүлбэл чанар нь сайжирна. Үнэ нь ч нэмэгдэнэ. Улмаар малчид сайн чанарын ноолуур өгдөг ямаагаа үржүүлж эхэлнэ. Үүний дараа гадны компаниуд манай түүхий эдийг сонирхож эхлэнэ. 

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж