Бүх талын оролцоонд тулгуурлаж кластер хөгждөг

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Бүх талын оролцоонд тулгуурлаж кластер хөгждөг

Монголын Үндэсний зөвлөхүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Чимэддоржтой кластерийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Танай байгууллага Монголын Кластерийн хөгжлийн санаачилга гарган ажиллаж байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн энэ ойлголтыг бэхжүүлэх, хөгжүүлэх ямар боломж, арга зам байна вэ?

-Монголд кластер бий болгох чиглэлд оролцогчдын сонирхол бий болчихсон хэд хэдэн салбар байдаг. Жишээ нь, уул уурхайн салбарыг нэрлэж болно. Гэхдээ жинхэнэ утгаараа кластер болж бүрэлдэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүргэхэд нэлээд дэмжлэг хэрэгтэй. Тийм учраас бид Монголын Кластерийн хөгжлийн санаачилгыг гаргасан. Дэмжлэг гэдэг нь зөвхөн Засгийн газрын хийх ажил биш. Бидний зүгээс зөвлөх үйлчилгээний салбараас тодорхой кластеруудыг дэмжих үндэсний зөвлөхийн сүлжээ байгуулахыг оролдож байна. Харин Засгийн газар тодорхой салбаруудыг бодлогын хүрээнд авч үзээд яг кластерийн өнцгөөс нь асуудалд хандах шаардлагатай юм. Монголын хувьд кластер хөгжих боломж, онцлогтой олон салбар бий. Жишээ нь, чанарын хувьд дэлхийд томоохон байр суурь эзэлдэг түүхий ноолуур, чацаргана гэх мэтийг дурьдаж болно. Дээр нь оюуны чадавхид суурилсан материалын үйлдвэрлэл, нанотехнологи, биотехнологи зэр­гийг хөгжүүлэх бололцоо бий. Гэхдээ энэ бүхнийг бодит ажил хэрэг болгоход бүх талын оролцоо, нэгдсэн ойлголт хэрэгтэй. Ялангуяа кластерт оролцож байгаа сонирхлын бүлгүүд харилцан ойлголцож, итгэлцэл бий болгох шаардлагатай.

-Бүх зүйл дээр дэмжлэг хэрэгтэй гэж ярьдаг. Тухайлбал, Засгийн газар кластерийн хөгжлийг дэм­жихийн тулд яг юу хийх ёстой вэ?

-Засгийн газар хамгийн эхэнд бизнесийн орчныг цэвэрлэж өгөх ёстой. Бизнесийн бай­гууллагуудад өрсөлдөх боломж ол­гох шаардла­гатай. Аль ч салбарт маш олон тусгай зөвшөөрөл олгож байна. Жишээ нь, барилга барих эрхийг зөвхөн төрөөс олгодог нь өрсөлдөх боломжийг хязгаарлаж байгаа юм. Тиймээс зөвшөөрөл олгох, хяналт тавих бүх эрхийг салбар бүрийн мэргэжлийн холбоодод шилжүүлэх хэрэгтэй юм. Ингэвэл өр­сөлдөөн нээлттэй бол­но. Бас шударга, ил тод, хүнд сур­­талгүй орчин бүрдэнэ. Үүнээс гад­на төр татварын болон худалдан авах ажиллагааны бодлогоор класте­рийн хөгжилд дэмжлэг үзүүлж болно.

-Төр засаг одоо энэ чиглэлээр то­дорхой алхам хийж чадаж байна уу?

-Саяхан УИХ-ын гишүүн Д.Энх­бат Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төсөл санаачилсан байна билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Яагаад гэхээр нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй ашгийн бус байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хамтад нь нэг хуулиар зохицуулж байна. Тиймээс байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох үүднээс эрх зүйн орчныг эргэж харахаас аргагүй. Сүүлийн хэдэн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр зарим төрлийн тоног төхөөрөмжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ нь импортыг орлуулахад чиглээд байна уу, экспортыг тэлэх зорилго агуулж байна уу гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Жишээ нь, шар буурцаг, улаанбуудай хоёрын алиных нь тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх нь манайд ашигтай вэ гэдгээ эхлээд сонгох ёстой.

-Ер нь Засгийн газар Класте­рийн хөгжлийн санаачилгыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Одоохондоо Засгийн газар энэ чиглэлд дорвитой анхаарал хан­дуулж чадахгүй байна. Гэхдээ нэгэнт холбогдох бүтцийг бий болгохоор тал бүрээс нь оролдож байгаа болохоор энэ жилдээ багтаад Засгийн газарт нэг бүтэц бий болчих болов уу гэсэн горьдлого байна. Цаашид кластерийн хөгжлийг дэмжих хамгийн гол тул­гуур нь хувийн хэвшлүүд болон холбогдох эрдэм шинжилгээний бай­гууллагууд юм. Засгийн газар шууд оролцох бус, хөндлөнгөөс дэм­жээд явах учиртай. Яагаад гэвэл өрсөлдөх чадвар гэдэг өөрөө микро эдийн засгийн үндсэн оролцогчдын өрсөлдөөнд тулгуурлаж бий болдог болохоор хувийн хэвшлийг дэмжих бүтцүүд л чухал үүрэгтэй байх юм. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний бай­гууллагууд нь хүчирхэг болж, жин­хэнэ утгаараа ажиллаад эхлэхээр кластер аяндаа бий болдог.

-Тэгвэл төрийн бус бүтцүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна уу?

-Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бидний санаачилгыг идэвхтэй дэмжиж ажил­лахаа илэрхийлсэн. Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллахаар тохиролцож, өнгөрсөн сард санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ мэтээр улс орны өрсөлдөх чадварыг сайжруулах, үндэс­ний кластеруудыг дэмжих ажил то­дорхой хэмжээгээр урагшилж бай­на. Харин бизнесийн тодорхой салбаруудын хувьд ойлголт нь сайн жигдрээгүй. Жишээ нь, саяхан ноос, ноолуурын салбарынхны уулзалт боллоо. Үүнийг кластерийн үүднээс нь харах юм бол шүүмжлэлтэй зүйл их байсан. Тодруулбал, тэнд кластерийн зөвхөн нэг л хэсгийнхэн чуулж байгаа юм. Ноолуурын тоног төхөөрөмж, технологи судалдаг хэсэг, бэлчээрийн менежмент су­далдаг хүмүүс, малчид, зах зээлийг нь судалдаг хэсэг гээд бүх талын оролцоотой байж тухайн салбарын хөгжлийн оновчтой гарцыг тодор­хойлно. Ийм бодлогоор л Монгол ноолуур дэлхийн брэндүүдтэй өр­сөлдөх хэмжээнд хүрнэ. Харин зөвхөн боловсруулах салбарынхан нь цуглачихаад төрөөс мөнгө нэхэж, асуудлаа яриад байвал кластер хөгжихгүй.

-Удахгүй болох Эдийн засгийн II чуулганаар кластерийн хөгж­лийн талаар хэлэлцэхээр тусгасан байсан. Эндээс бодлогын түвшинд дорвитой үр дүн гарах болов уу?

-Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн онд байгуулагдсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн яг энэ сэдвээр голлон ярих юм шиг байна лээ. Тэд Монгол Улсын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох чиглэлээр өнгөрсөн хугацаанд нэлээд ажил хийсэн. Гэхдээ энэ бол макро түвшний ажил. Энэ нь тодорхой үзүүлэлтүүдийг илэрхийлдэг учраас бидний зорилгод чиглэсэн бодлого эндээс гарахгүй. Бид маргааш юм уу, таван жилийн дараа дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, стратегитэй болъё гэвэл тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулж, энэ өнцгөөс нь ярих ёстой. Тиймээс бидний чуулганд оролцох бодолтой байгаа.

-Цаашид та бүхэн ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Бид 2012 ондоо багтаагаад ядаж гурван кластерийн зураглал, тойм судалгаа, стратеги боловсруулах ажил хийхийг зорьж байгаа. Үүнд бусад талуудыг татан оролцуулахаар эхнээсээ гэрээ, хэлцэл байгуулаад явж байна. Эхний ээлжинд ча­цар­гана, махны кластерийн тойм су­далгааг хийгээд томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөчихсөн. Зунаас ноолуурын кластерт төвлөрч ажиллана. Төрийн бус байгууллага учраас энэ ажлыг өргөн цар хүрээтэй хийхэд санхүүгийн хувьд бэрхшээл их бий. Гэхдээ тэглээ гээд бид зүгээр суулгүй гадаад, дотоодын байгууллагуудаас дэмжлэг хүсч, са­нал солилцоод явж байна.         

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж