
-Танай байгууллага Монголын Кластерийн хөгжлийн санаачилга гарган ажиллаж байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн энэ ойлголтыг бэхжүүлэх, хөгжүүлэх ямар боломж, арга зам байна вэ?
-Монголд кластер бий болгох чиглэлд оролцогчдын сонирхол бий болчихсон хэд хэдэн салбар байдаг. Жишээ нь, уул уурхайн салбарыг нэрлэж болно. Гэхдээ жинхэнэ утгаараа кластер болж бүрэлдэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүргэхэд нэлээд дэмжлэг хэрэгтэй. Тийм учраас бид Монголын Кластерийн хөгжлийн санаачилгыг гаргасан. Дэмжлэг гэдэг нь зөвхөн Засгийн газрын хийх ажил биш. Бидний зүгээс зөвлөх үйлчилгээний салбараас тодорхой кластеруудыг дэмжих үндэсний зөвлөхийн сүлжээ байгуулахыг оролдож байна. Харин Засгийн газар тодорхой салбаруудыг бодлогын хүрээнд авч үзээд яг кластерийн өнцгөөс нь асуудалд хандах шаардлагатай юм. Монголын хувьд кластер хөгжих боломж, онцлогтой олон салбар бий. Жишээ нь, чанарын хувьд дэлхийд томоохон байр суурь эзэлдэг түүхий ноолуур, чацаргана гэх мэтийг дурьдаж болно. Дээр нь оюуны чадавхид суурилсан материалын үйлдвэрлэл, нанотехнологи, биотехнологи зэргийг хөгжүүлэх бололцоо бий. Гэхдээ энэ бүхнийг бодит ажил хэрэг болгоход бүх талын оролцоо, нэгдсэн ойлголт хэрэгтэй. Ялангуяа кластерт оролцож байгаа сонирхлын бүлгүүд харилцан ойлголцож, итгэлцэл бий болгох шаардлагатай.
-Бүх зүйл дээр дэмжлэг хэрэгтэй гэж ярьдаг. Тухайлбал, Засгийн газар кластерийн хөгжлийг дэмжихийн тулд яг юу хийх ёстой вэ?
-Засгийн газар хамгийн эхэнд бизнесийн орчныг цэвэрлэж өгөх ёстой. Бизнесийн байгууллагуудад өрсөлдөх боломж олгох шаардлагатай. Аль ч салбарт маш олон тусгай зөвшөөрөл олгож байна. Жишээ нь, барилга барих эрхийг зөвхөн төрөөс олгодог нь өрсөлдөх боломжийг хязгаарлаж байгаа юм. Тиймээс зөвшөөрөл олгох, хяналт тавих бүх эрхийг салбар бүрийн мэргэжлийн холбоодод шилжүүлэх хэрэгтэй юм. Ингэвэл өрсөлдөөн нээлттэй болно. Бас шударга, ил тод, хүнд сурталгүй орчин бүрдэнэ. Үүнээс гадна төр татварын болон худалдан авах ажиллагааны бодлогоор кластерийн хөгжилд дэмжлэг үзүүлж болно.
-Төр засаг одоо энэ чиглэлээр тодорхой алхам хийж чадаж байна уу?
-Саяхан УИХ-ын гишүүн Д.Энхбат Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төсөл санаачилсан байна билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Яагаад гэхээр нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй ашгийн бус байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хамтад нь нэг хуулиар зохицуулж байна. Тиймээс байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох үүднээс эрх зүйн орчныг эргэж харахаас аргагүй. Сүүлийн хэдэн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр зарим төрлийн тоног төхөөрөмжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ нь импортыг орлуулахад чиглээд байна уу, экспортыг тэлэх зорилго агуулж байна уу гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Жишээ нь, шар буурцаг, улаанбуудай хоёрын алиных нь тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх нь манайд ашигтай вэ гэдгээ эхлээд сонгох ёстой.
-Ер нь Засгийн газар Кластерийн хөгжлийн санаачилгыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Одоохондоо Засгийн газар энэ чиглэлд дорвитой анхаарал хандуулж чадахгүй байна. Гэхдээ нэгэнт холбогдох бүтцийг бий болгохоор тал бүрээс нь оролдож байгаа болохоор энэ жилдээ багтаад Засгийн газарт нэг бүтэц бий болчих болов уу гэсэн горьдлого байна. Цаашид кластерийн хөгжлийг дэмжих хамгийн гол тулгуур нь хувийн хэвшлүүд болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд юм. Засгийн газар шууд оролцох бус, хөндлөнгөөс дэмжээд явах учиртай. Яагаад гэвэл өрсөлдөх чадвар гэдэг өөрөө микро эдийн засгийн үндсэн оролцогчдын өрсөлдөөнд тулгуурлаж бий болдог болохоор хувийн хэвшлийг дэмжих бүтцүүд л чухал үүрэгтэй байх юм. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд нь хүчирхэг болж, жинхэнэ утгаараа ажиллаад эхлэхээр кластер аяндаа бий болдог.
-Тэгвэл төрийн бус бүтцүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна уу?
-Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бидний санаачилгыг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллахаар тохиролцож, өнгөрсөн сард санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ мэтээр улс орны өрсөлдөх чадварыг сайжруулах, үндэсний кластеруудыг дэмжих ажил тодорхой хэмжээгээр урагшилж байна. Харин бизнесийн тодорхой салбаруудын хувьд ойлголт нь сайн жигдрээгүй. Жишээ нь, саяхан ноос, ноолуурын салбарынхны уулзалт боллоо. Үүнийг кластерийн үүднээс нь харах юм бол шүүмжлэлтэй зүйл их байсан. Тодруулбал, тэнд кластерийн зөвхөн нэг л хэсгийнхэн чуулж байгаа юм. Ноолуурын тоног төхөөрөмж, технологи судалдаг хэсэг, бэлчээрийн менежмент судалдаг хүмүүс, малчид, зах зээлийг нь судалдаг хэсэг гээд бүх талын оролцоотой байж тухайн салбарын хөгжлийн оновчтой гарцыг тодорхойлно. Ийм бодлогоор л Монгол ноолуур дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрнэ. Харин зөвхөн боловсруулах салбарынхан нь цуглачихаад төрөөс мөнгө нэхэж, асуудлаа яриад байвал кластер хөгжихгүй.
-Удахгүй болох Эдийн засгийн II чуулганаар кластерийн хөгжлийн талаар хэлэлцэхээр тусгасан байсан. Эндээс бодлогын түвшинд дорвитой үр дүн гарах болов уу?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн онд байгуулагдсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн яг энэ сэдвээр голлон ярих юм шиг байна лээ. Тэд Монгол Улсын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох чиглэлээр өнгөрсөн хугацаанд нэлээд ажил хийсэн. Гэхдээ энэ бол макро түвшний ажил. Энэ нь тодорхой үзүүлэлтүүдийг илэрхийлдэг учраас бидний зорилгод чиглэсэн бодлого эндээс гарахгүй. Бид маргааш юм уу, таван жилийн дараа дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, стратегитэй болъё гэвэл тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулж, энэ өнцгөөс нь ярих ёстой. Тиймээс бидний чуулганд оролцох бодолтой байгаа.
-Цаашид та бүхэн ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Бид 2012 ондоо багтаагаад ядаж гурван кластерийн зураглал, тойм судалгаа, стратеги боловсруулах ажил хийхийг зорьж байгаа. Үүнд бусад талуудыг татан оролцуулахаар эхнээсээ гэрээ, хэлцэл байгуулаад явж байна. Эхний ээлжинд чацаргана, махны кластерийн тойм судалгааг хийгээд томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөчихсөн. Зунаас ноолуурын кластерт төвлөрч ажиллана. Төрийн бус байгууллага учраас энэ ажлыг өргөн цар хүрээтэй хийхэд санхүүгийн хувьд бэрхшээл их бий. Гэхдээ тэглээ гээд бид зүгээр суулгүй гадаад, дотоодын байгууллагуудаас дэмжлэг хүсч, санал солилцоод явж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин