Нохойд хазуулаад 60 оёо тавиулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Нохойд хазуулаад 60 оёо тавиулжээ

Нийслэлийн захын дүүрэг, аймгийн төвд золбин ноход олноороо хүн рүү дайрлаа гэх мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байсан бол өнгөрсөн сард Дархан-Уул аймагт нэгэн эмэгтэй рүү найман ноход дайрч, хүнд гэмтээсэн тухай бид мэдээлж байсан. Тус аймгийн Наймдугаар багийн оршин суугч 44 настай Ж гэх эмэгтэй рүү өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн 22:00 цагийн орчимд гэртээ харьж явах замд нь олон ноход зэрэг дайрчээ. Хохирогч эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, 96 оёдол тавиулан өнөөдрийг хүртэл сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Амьдралын боломжоор тааруу, сүү зарж өдрийн хоолоо залгуулдаг байсан тэрээр одоо биеийн байдал нь дээрдэхгүй байгаа тул орон нутгийн удирдлагуудад хандсан ч өнөөдрийн байдлаар тодорхой хариу ирүүлээгүй байна. Нохойд хазуулсан Жаргалын нөхөр А.Сүрэнжаваас түүний биеийн байдал ямар байгаа талаар тодрууллаа.

-Танай гэр бүлийн хүний тань биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Биеийн байдал нь дунд зэрэг гэх үү дээ. Хоол унд идэхдээ муу. Сэтгэл санааны гүн цочролоос одоо хэр нь гараагүй байгаа. Тухайн үед яах гэж явсан, юу барьж явсан, юу болсон гэх мэтийг ерөөс санахгүй байх шиг байна. Одоогоор биеийн ил шарх, оёдлууд нь эдгэсэн ч байнгын өвчин намдаах эм хэрэглэж байна.

-Энэ хугацаанд эм, эмчилгээний зардал зөндөө л гарсан байх. Эзэнгүй нохдод хазуулсан хохирлыг барагдуулах талаар орон нутгийн удирдлага, цагдаа, шүүхийн байгууллагад хандсан уу?

-Нохойд хазуулсны дараа цагдаагаас ирж, мэдүүлэг авсан. Хазсан нохойнуудаас шинжилгээ авсан, шинжилгээний хариу ирэхээр асуудлыг шийднэ гэхээс өөр үг хэлээгүй. Эмнэлэгт хэвтээд долоо хонож байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хоёр хүн ирж уулзаад цаашид тусалж дэмжих талаар хэлээд явсан ч өнөөдрийг хүртэл сураггүй байгаа. Манай хүн өдөрт сүү зарж, өдрийн хоолондоо нэмэрлэдэг. Би өөрөө улирлын чанартай барилгын туслах ажил хийдэг. Одоогоор ажил эрхлэхгүй байгаа болохоор эм тарианы мөнгө хэцүүхэн л байна. Дөрвөн хүүхэд маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Гэхдээ аль бүхнийг хэцүү гээд явах вэ, ах дүү, хамаатан садан туслаад болж л байна.

-Тэр хавьд золбин нохой олон байдаг уу, золбин нохдыг устгах ажил тэр өдрөөс хойш хир хийгдэж байгаа вэ?

-Их олон нохой байдаг байсан. Одоо Онцгой байдлын газраас тэр хавийн нохойг устгаж дуусгасан юм шиг байна, ойрд нохой харагдах нь цөөрсөн.

-Тухайн өдөр танай гэр бүлийн хүн гэрээсээ яах зорилготой гарсан бэ, тухайн үед юу болсон бэ?

-Тэр өглөө гэрээсээ сүү, цагаан идээ зарна гээд гарсан. Орой 22.00 цагийн орчимд Дэвшил, Манхан багийн дунд байдаг төв зам дээр ноход дайрч түүний толгой, нүүр, гар, нуруу хэсгүүдэд хазаж нэлээд их хэмжээний гэмтэл учруулж нийт 96 оёдол тавиулсан. Нохой дайрсан даруйд орилж, хашгирах дуунаар манай аймгийн Онцгойгийн ажилтан яаралтай аварсан. Хэргийн газар очиход түүний толгойн хэсгээс зуурч сэгсэрч байсан гэж ярьж байсан. Одоо миний эхнэр зөвхөн толгойдоо л гэхэд 60 оёдол тавиулсан. Хүүхдээ асардаг байсан хүн, өөрөө хүүхдүүдийнхээ асаргаанд орчихоод л байж байна.

Тус аймагт золбин ноход устгах, дээрх байдалд хэрхэн анхаарч байгаа талаар Дархан-Уул сумын Засаг даргын  Тамгын газрын дарга н.Ганболдоос тодруулахад “Аймгийн хэмжээнд одоогоор 300 гаруй золбин нохой устгаад байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн сард нохойд хазуулсан иргэн н.Жаргалд тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарах асуудал яригдаж байгаа. Түүн рүү дайрсан ноход бүгд эзэнтэй юм билээ. Хазсан таван нохойг устгасан, гурвыг нь устгаагүй байгаа. Эзэд нь дайраагүй гээд байгаа учраас цагдаагийн төв байгууллагын лабораторид шинжлүүлэхээр шүлсний дээжийг авч явуулсан. Шинжилгээний хариу ирэхээр хохирлыг барагдуулах асуудлыг шийднэ” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж