Засаг даргын гар, хөл болсон хэсгийн дарга нарыг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Засаг даргын гар, хөл болсон хэсгийн дарга нарыг яах вэ?

Хааяахан айл бүрийн хаалга тогшин “Хогондоо гараарай, машин ирж байна шүү” хэмээн зар түгээн гүйж явдаг хороодын хэсгийн дарга нар үндсэн ажлаа хийхээсээ илүүтэй, дүүргийнхээ Засаг даргын гар, хөл нь болж, амьдрах аргаа өөрчилжээ.

Хэсгийн дарга хорооныхоо иргэдээс хэн нь аль намд талтайг хамгийн сайн мэддэг тул Засаг даргын зараалаар хэнд лобби хийхээ андахгүй. Тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүдийн өгсөн бэлгийг лоббид нь ордог, олон нийтийн хурал болоход хорооны Засаг даргын ажлыг өндөрт өргөн магтдаг тийм л гарын хүндээ гардуулна. Сонгуулийн уухай хадахад хэсгийн дарга нарын үндсэн ажил цалгардана. Юун хог шороо ачуулах ажил хөөцөлдөх манатай. Засаг даргаас өгсөн зааврын дагуу иргэдтэй тулж ажиллан, гурил, будаа зөөн гүйж, сэтгэлийг нь урвуулан, санал “зулгаах” арга хайна. Ийм л ажилдаа хорооны хэсгийн дарга нар гаргуун болжээ. Тийм ч учраас “гүйдэг харуудаа” нийслэлийн удирдлагууд сонгуульд ашиглахаа бодож, сарынх нь цалинг 108 мянган төгрөг болгож, өсгөсөн бололтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн дагуу Улаанбаатар хотын 130 орчим хорооны хэсгийн дарга нарыг цалинжуулахад 2011 онд нийтдээ 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар болж, тусгасан байна. Уг нь ч 108 мянган төгрөг, хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ. Дэндүү бага цалин мэт санагдах ч, үндсэн ажлаасаа хазайсан тэдэнд үйлчилж буй намаас нь цалинжуулаад явбал төсвийн 1.3 тэрбум төгрөгийг хэмнэчих бололцоотой. Улаанбаатар хотод шийдлээ хүлээсэн, шилээ дарсан олон ажил хүлээгдэн, хөрөнгө мөнгөгүйгээс гацаанд орчихоод хараал барж буй нь их. Тиймээс Засаг даргын гар хөл болж, намд үйлчлэхээс өөр ажил гүйцэтгэж чадахаа байсан хороодын хэсгийн дарга нарыг яах вэ гэдэг асуудлыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон “Нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, хотын хөгжилд оруулах хувь нэмэр” хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Хэлэлцүүлгийг нийслэлийн Ардчилсан нам хамтран зохион байгуулж, түүнд нийслэлийн дүүргүүд дэх хороодын Засаг дарга, мөн Иргэдийн хурлын тэргүүлэгчид оролцлоо. Оролцогчдын хэлснээр улстөржихөөс өөрийг мэдэхээ байсан хэсгийн дарга нарыг үндсэн ажлыг нь сайтар хийлгэхийн тулд тусгай бодлого боловсруулах шаардлагатай байна гэдгийг онцоллоо. Үүний тулд тулд дүүргийн Засаг дарга хэсгийн даргыг томилж байгааг өөрчилж, төрийн албаны ажилтан гэсэн статуст хамааруулах нь чухал гэж үзэж буй юм. Хэрвээ ийм өөрчлөлтийг 2012 оны УИХ-ын сонгуулиас урьтаж хийж чадахгүй бол хэсгийн дарга нар дүүргээс шидсэн чулууны барьц болон хувирч, улстөрийн ээлжит тоглолт үргэлжлэх болно гэж тэд анхаарууллаа. Үүнийг дагаад Улаанбаатар хотод шийдлээ хүлээж байгаа олон асуудал иргэдийн талд шийдвэрлэгдэж чадахгүйд хүрнэ гэх сэрэмжүүлгийг ч өгч буй юм.

Мөн анхааралд байх асуудлын нэг нь нийслэлийн хороодын Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх явдал гэж үзэв. Учир нь хүн амынх нь дийлэнх хэсэг буюу 1.2 сая шахам иргэн амьдарч буй Улаанбаатар хотод одоогоор 130 орчим хороо байдаг аж. Нийслэлээс баталсан төсвийн дагуу энэ онд нэмж 20 хороог шинээр байгуулна. Дүүргүүдээс хамгийн их хүн амтай нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг хамааруулж болно. Эдгээр дүүргийг сумтай харьцуулбал, ярих ч юм биш. Зөвхөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо гэхэд 14 мянган хүн амтай, 4000 шахам өрхтэй. Гэтэл хамгийн томд тооцогдох сумын төв 6000-7000 хүн амтай, таван багтай байдаг. Хорооны Засаг дарга нь сумын Засаг даргаас эрх мэдлийн хувьд доогуур. Сумын Засаг дарга УАЗ-469 машин хөлөглөөд ажлаа амжуулаад байдаг бол хорооны Засаг даргад тийм эрх мэдэлгүй. Зөвхөн тодорхойлолт бичдэг ажилтай. Тиймээс дүүргийн хорооны Засаг дарга, сумын Засаг дарга нарын эрх мэдлийг нэг төвшинд хүргэх, хариуцлагын тогтолцоог сайжруулж, ажил хийж чаддаггүй Засаг даргыг хорооныхоо иргэдийн нийтийн хурлаар авч хэлэлцээд, огцруулдаг байх гээд бодлогын шинж чанартай өөрчлөлт хийх цаг болсныг ч оролцогчид энэ үеэр хөндлөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж