Буудаж, шороонд булжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Буудаж, шороонд булжээ

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөн улмаар шороонд булсан онц ноцтой гэмт хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан эсэхийг Төв аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа н.Болдбаатараас тодрууллаа.

– Өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийн хоёр хүнийг буудсан хэрэг танай аймагт  гарсан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Энэ сарын 20-ны өдөр манай цагдаагийн газарт дээрх хэргийн дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу очиход Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Баянгийн даваа гэдэг газарт  37 настай эмэгтэй,  40 орчим  насны эрэгтэй  гэр бүлийн хоёр хүнийг  буудаж улмаар  кариарын нүхэнд булсан байсныг тогтоогоод байна.

– Сэжигтэн этгээдийг баривчилсан уу?

-Хэргийг үйлдсэн этгээд 20 настай урьд нь ял сонсоогүй Н гэгч  үйлдсэн болохыг тогтоосон. Сэжигтэн Н нь  хохирогч болох  гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хоёртой  ойр дотно харилцаатай байсан юм билээ.Бидэнд олдсон мэдээллээр хэргийг үйлдсэн залуу  Н хохирогчдын том охинтой нь үерхдэг байсан гэсэн.  Гэр бүлийн маргаан хувийн өс хонзонгийн улмаас  үл ойлгоцох байдал үүсч энэ хэргийг үйлдсэн юм шиг байгаа юм. Гэхдээ хэрэг одоогоор мөрдөн байцаах шатанд байгаа учраас нарийн зүйлүүдийг хэлэх боломжгүй.

– Сэжигтнийг  хаанаас хэзээ баривчилсан бэ?

-Хэрэг гарсан цагаас  5-6 цагийн дараа Эрдэнэ сумын төвөөс гэрээсээ гарч явахад нь манай аймгийн цагдаагийн ажилтнууд   саатуулсан.

-Халдлагад өртсөн хоёр хүн амь насаа алдсан уу?

– Буудуулсаныхаа дараа шороонд булагдах үедээ гэрийн эзэгтэй амьд сэрүүн байсан гэсэн. Гэхдээ тухайн үед ухаан алдсан  байсан гэнэ лээ. Гэмт этгээд тэднийг шороонд булаад орхисон байгаа юм. Гэр бүлийн хоёрын эмэгтэй нь хэсэг хугацааны дараа  ухаан орсон гэж мэдүүлсэн. Дараа нь гэрийн эзэгтэй манай цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж