
Аливаа нэг засвар, шинэчлэлийн асуудал араасаа заавал нэхэл дагуултай байдаг. Жил бүрийн зам засварын ажил чанаргүй болж гүйцэтгэгч компаниуд нь хөрөнгө мөнгөнийхөө тал хувийг идэж, талаар нь зам барьдаг асуудал давтагддаг. Гэтэл энэ асуудал энэ жил давтагдахгүй гэдгийг нийслэлийн удирдлагууд амлаж байсан. Шинээр эцсийн буудал барих ажил мөн зам засварын ажил шиг хэл ам дагуулахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн захын дүүрэг болон бусад автобусны буудлын эцэст олон айлын орлогын эх үүсвэр байдаг. Автобусны буудлын эцэст дэлгүүр, цайны газар гэх мэт олон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Шинээр барих буудлыг цогцоор нь хийхэд 80 сая төгрөг зарцуулна. Буудлын эцсийг иж бүрэн тохижуулахад одоогийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хийх болно. Гэвч ажил эхэлсэн тохиолдолд тухай бүрт нь зохицуулах юм гэсэн. Гэхдээ энэ ажлыг бас нэг даргын эзэмшил болчих вий гэсэн хардлага төрөх юм. Хэрэв энэ буудал нэг хүний эзэмшил болвол олон хүний эрх ашиг хөндөгдөж, олон айлын орлогын эх үүсвэр хаагдах болно. Уг нь бол иж бүрэн автобусны буудалтай болно гэдэг сайхан санаа. Гэхдээ нэг л итгэлгүй сонсогдож байгаа биз. Үйлчилгээнд явдаг хэдэн автобусныхаа чанарыг сайжруулж чадахгүй тэр тусмаа өвлийн улиралд хүйтэн, бохир, кондукторууд нь харьцааны соёлгүй гэх мэт хэл аманд өртдөг нийтийн тээврийхэн энэ их мөнгөөр тоглоод өнгөрчих вий гэж эмээх юм. Хэн нэгэн хяналт тавьж хариуцлагатай хандахгүй бол бас нэг эрх мэдэлтний олз болоод өнгөрөх вий. Ямартай ч нийслэлчүүд бид 80 саяын үнэтэй буудалтай болох нь ээ. 80 саяых уу эсвэл 80 мянгых уу гэдгийг хүлээж л суухаас.