Концессийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Концессийн хуулийг хэлэлцэж байна

Концесс олгох төслүүдийн хувьд  онцлогтой. Тухайн дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг барьж байгуулахад эхний үе шатанд их хэмжээний хөрөнгө шаардагдах ч ашиглаж эхэлснээр жил бүр тодорхой хэмжээний орлогын урсгал бий болно. Тэгээд энэхүү орлогоосоо тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал, татваруудыг төлсний дараа үлдэх хэсгийг зээлийн графикийн дагуу сар, улирлаар эргэж төлөх жишээтэй.

Зам тавина, эсвэл барилга босгоно гэх эцэс төгсгөлгүй бүтээн байгуулалтын жагсаалтын цаана түүнд зарцуулах төсвийн хөрөнгө хэр билээ гэсэн ядуугийн бодол төсөв захиран зарцуулагчдын мөнхийн шүдний өвчин байв. Төсөвт цугласан хэдэн төгрөгөөрөө замаа тавих уу, эмнэлэг барих уу алийг нь хийх вэ гэсэн олон сонголтын өмнө шийдвэр гаргаж ядан байсан цаг саяхан. Харин энэ жилээс төр хувийн хэвшилтэй хамтарч, тэдний туслалцааг авч шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж байна. УИХ өнгөрсөн жил Концессын тухай хуулийг баталсан бол түүнийг дагаж мөрдөх журмыг боловсруулан, аргачлалыг гаргажээ. Мөн Засгийн газар концессын гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг батлан гаргасан байгааг энэ дурдъя. Товчхондоо бол Концессын тухай хууль хэрэгжихэд бэлэн болжээ. Гагцхүү хэрэгжүүлэгч болон оролцогчид энэ талаар мэдлэгтэй болох л үлдсэн байна.

Нэмж дуулгахад, Улаанбаатар хотын концессийн гэрээгээр хийх ажлын жагсаалт бэлэн болсон байна. Нийслэл энэ ажлыг эрчимжүүлж хамгийн эхний концессын гэрээг нүхэн гарц барих ажлаар хийх гэж байгаа. Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай, замын хөдөлгөөний ачаалал ихтэй таван газарт нүхэн гарц барина. Ингэхдээ хувийн хэвшлийн туслалцааг авч концессын гэрээгээр гүйцэтгүүлэх юм.

Концесс гэж юу вэ?

Концесс гэдэг нь төр, хувийн хэвшил яаж хамтран ажиллаж болох вэ гэсэн бизнесийн нэг арга хэлбэр юм. Төр захиалагч нь байж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаараа тухайн объектыг барьж байгуулна. Төр, хувийн хэвшил аль аль талдаа ашигтай бүтээн байгуулалтын үр дүн нь иргэдэд чиглэсэн байна. Тухайлбал, V цахилгаан станц, Цахим оношлогоо эмчилгээний төв, орон сууцны хороолол гэх мэт нийгмийн чанартай бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх юм. Концессын гэрээ нь хэд хэдэн төрөл байдаг. Харин хуульд үндсэн долоон төрлийг тусгасан байна. Үндсэндээ бол барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэсэн утгатай. Гэрээ бүрт энэ бүхнийг тохирч ямар байдлаар хийх вэ гэдгээ тодорхойлсон байх юм.

Концесс олгох төслүүдийн хувьд  онцлогтой. Тухайн дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг барьж байгуулахад эхний үе шатанд их хэмжээний хөрөнгө шаардагдах ч ашиглаж эхэлснээр жил бүр тодорхой хэмжээний орлогын урсгал бий болно. Тэгээд энэхүү орлогоосоо тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал, татваруудыг төлсний дараа үлдэх хэсгийг зээлийн графикийн дагуу сар, улирлаар эргэж төлөх жишээтэй. Концессын төслүүдийн эргэн төлөлт нь:

1.    Тухайн үйлчилгээний тариф эсвэл хэрэглээний төлбөрийг эцсийн хэрэглэгч өөрөө төлөх,
2.    Засгийн газраас үйлчилгээний тариф эсвэл хэрэглээний төлбөрийг төлөх,
3.    Дээрх хоёр хэлбэрийн хосолсон холимог хэлбэрээр байж болдог аж.
 

Цогц мэдлэг олгох сургалт болж байна

Төрийн өмчийн хороо зөвхөн хувьчлал явуулдаг байгууллага биш гэж албаны хүн хэлж байсан удаатай. Концессын тухай хуулийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн хороо байх юм. Харин Төрийн өмчийн хороонд Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрыг байгуулсан аж.

Төрийн өмчийн хороо концессын гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын захиалагч төрийн байгууллага болон гүйцэтгэгч хувийн хэвшлийнхэнд зориулсан сургалтыг өчигдрөөс эхлүүллээ. Сургалтаар концесс олгох төслийн саналыг боловсруулах, холбогдох судалгаа, үнэлгээ, шинжилгээнүүдийг хэрхэн хийх тухай мэдлэг өгч байгаа юм. Түүнчлэн уралдаант шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд яаж хяналт тавих зэрэг төслийн бүх үе шатыг багтаасан цогц ойлголт өгч байна. Сургалтад яам, агентлаг, аймаг нийслэлийн төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. Энэ үеэр Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабалаас зарим зүйлийг тодруулахад,

-Зээлээ төлж чадахгүй бол яах вэ?

-Энэ асуудлыг концессын гэрээндээ илүү тодорхой тусгаж өгөх ёстой. Концесс олгогч, концесс эзэмшигч, зээлдэгчийн цаашдын харилцаанууд нь гэрээний харилцаа болж хувирна. Гэрээ зөрчигдөх, орлогын урсгал хэвийн байхад зээлээ төлөхгүй гэх мэт асуудлууд үүсвэл зээлдэгч талд бүх өмч шилжих зэрэг зохицуулалтуудыг гэрээндээ тусгаж өгч болно. Гэхдээ төслийн онцлогуудаас нь хамаараад маш олон зохицуулалтын асуудлууд хөндөгдөж болно.

-Концессоор бүтээн байгуулах ажилд манай үндэсний компаниуд оролцох  боломж хэр вэ. Гадаадын компани ямар нөхцөлтэйгээр оролцох вэ?

-Концессын тухай хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт нь урьдчилсан шалгаруулалтын үе /RFQ/, уралдаант шалгаруулалтын үе /RFP/ гэсэн хоёр шаттай явагдана. Концессын зүйлийн жагсаалтад тусгагдсаны дагуу уралдаант шалгаруулалт явуулах төслүүдийн хувьд уралдаант шалгаруулалтыг зарлан явуулна. Үүнд оролцохыг хүссэн хуулийн этгээд дангаараа буюу хуулийн этгээдийн нэгдэл /корпораци/ хэлбэрээр оролцож болно. Энд гадаадын болон дотоодын хуулийн этгээд ч нэгдэж оролцох эрх нээлттэй гэсэн юм.

Сургалт гурван өдрийн турш үргэлжлэх ба өнөөдөр болох сургалт хувийн хэвшлийнхэнд зориулагдана.

                             Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж