Б.Хурцыг Английн Элчин баривчлуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Английн Элчин баривчлуулсан уу?

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын дипломат ямба эрхэнд халдаж, хууран мэхлэх замаар баривчилсан нь хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг Их Британийн шүүх бүрэлдэхүүнд  анхан шатны шүүх хурлын үеэр манай талаас өмгөөлөгч Алан Жонс нотлох баримт, тайлбарын хамт хүргүүлж улмаар хариуцагч талтай зургаан  удаа мэтгэлцсэн  юм.

Улмаар  энэ сарын 18-ны өдөр буюу долоо дахь удаагийн шүүх хурал тус улсын  Куентин Пурди дүүргийн, Вестминстер хотын Дээд шүүхэд болж  Б.Хурцыг Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу Германы талд шилжүүлэх шийдвэр гарсан нь олон нийтийг анхаарлыг татах болсон. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан уг мэдээлэлд  Английн шүүх бүрэлдэхүүн манай улсын өндөр албан тушаалтны дипломат ямба эрхэнд халдаж саатуулсан гэх үндэслэлийг няцааж дээрх шийдвэрийг гаргасан нь шудрага шийдвэр мөн эсэхэд олон хүн эргэлзэж буй. Тухайлбал, шүүх хурлын үеэр  Б.Хурцын халдашгүй ямба эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болохыг тус улсад зорчсон визний ангилал болохыг шүүх бүрэлдэхүүн тайлбартаа дурджээ.  Өөрөөр хэлбэл  Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  асан ноён Уильям Эндрю Диксон Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Б.Хурцыг виз хүсэх үед дипломат бус бизнесийн ангилалын виз олгосон нь түүнийг баривчлах гол үндэслэл болсон гэж ээ. Санаатай эсхүл холбогдох дүрэм журмын дагуу түүнд олгосон  дээрх  визээр зорчсон нь түүний дипломат ажилтан гэдгийг үгүйсгэх гол баримт болсон талар шүүгч Парди дурдсан тухай гадаадын хэвлэл мэдээллээр мэдээлж буй.  Энэхүү мэдээлэлд  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ” Хэрэв Их Британи Улсаас манай улсад суух Элчин сайд ноён Диксон Б.Хурцад дипломат виз олгосон бол  Serious Organised Crime Agency буюу Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагынхан түүнийг баривчлах боломжгүй байсан”  гэх  тайлбар хийв. Гэтэл   Б.Хурцад яагаад дипломат бус биенесийн ангилалын виз олгосон  асуудлыг манай талаас тухайн Элчин сайдын өөрийнх нь мэдэх хэрэг гэсэн  тайлбар өгч байгаа.

Хэрэв ноён Элчин сайд асан Диксон хийгээд Английн элчингийнхэн санаатай ийм үйлдэл хийсэн бол манай талаас тэднийг хариуцагчаар татаж гэм хороо арилгуулах талаар нэхэмжлэл гаргах үндэслэл бий эсэхийг мөн л ажлын хэсгийнхнээс тодруулахад” Их Британаас Монгол Улсад суух Элчин сайдын яамныхны дипломат халдашгүй эрхэнд халдаж, хариуцагчаар татах эрхзүйн зохицуулалт байхгүй. Огт боломжгүй” гэв.

Хэдийгээр шүүх хурлын үеэр Элчин сайд асан  ноён Диксоны  буруутгасан нотлох баримтыг өмгөөлөгч хангалттай гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзсан байна. Мөн бас нэг анхаарал татсан асуудал нь Б.Хурцыг тус улсад зорчин очиход баривчилсан  Их Британийн Онц ноцтой зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагынхан. Дээрх агентлаг манай улсын иргэн Б.Хурцыг Хитроу нисэх онгоцны буудлаас баривчилсан бөгөөд тухайн үед Монголд Элчин сайдаар сууж байсан ноён Диксонтой холбоотой ажилласан, мэдээлэл дамжуулсан байх магадлалтай гэж  зарим нэг сонин хэвлэлд дурдсан. Харин шүүх хурлыг даргалсан мужийн шүүгч ноён.

Ноён Парди шүүх хурлын үеэр хэлснийг ВВС дурдахдаа, “Ноён Б.Хурц үнэхээр нууц уулзалтад оролцохоор уригд­сан гэдэгт шүүгч итгэж байсан. Энэ талаар Британийн Онц ноцтой зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагынхан хэмээх байгууллага сонсч мэдсэн. Гэхдээ Гер­маны зүгээс тавьсан онцгой ач холбогдолтой тушаалыг шүүхийн зүгээс ч тэр бас Онц ноцтой зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагын зү­гээс ч ухамсарлан хүлээн авч биелүүлсэн хэмээн тайлба­рлалаа” гэжээ. Хар тамхи, хүн хулгайлах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой  уг агентлаг нь хуульд зааснаар Б.Хурцыг баривчлах бүрэн эрхтэй бөгөөд түүний халдашгүй дипломат эрхтэй зорчин ирээгүй  учраас  түүнийг саатуулахад нь ямар нэгэн байдлаар   хууль зөрчөөгүй  гэж үзжээ. Өөрөөр хэлбэл түүний Англид зорчсон бизнес ангилалын виз нь түүнийг баривчлах гол үндэслэл болсон гэсэн үг.

Харин шүүх хурлын үеэр Б.Хурцын өмгөөлөгчөөр ажил­лаж  буй өмгөөлөгч Данкан Мак Дональдийн  хувьд “ Б.Хурц нь Их Британийн тагнуулын бай­­гуул­лагын нөхдүүдтэй уулзах үеэрээ лалын суурь үзэлтнүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор хоёр улсын тагнуулын байгууллагууд хамтран ажил­лах тухай ярилцахаар очсон. Гэтэл түүнийг хууран мэхлэх замаар авчирч баривчилсан нь өөрөө дээрх байгууллага хууль зөрчсөн ” гэдгийг шүүх хурлын мэтгэлцээний үеэр хэлэлцүүлсэн юм.  Хэдийгээр манай талынхан анхан шатны шүүхэд ялагдал хүлээсэн ч давж заалдах шатны шүүхэд хандах болсноо мэдэгдээд буй. Харин  дараагийн шатны шүүх  ажиллагаа 17 хоногийн дотор болж улмаар манай тал дахин ялагдахад хүрвэл    Б.Хурцыг Германы тал руу шилжүүлэх юм. Ажлын хэсгийнхнээс хамгийн сүүлд  өгсөн мэдээллээр “Б.Хурцын биеийн байдал сайн,  хоригдож буй нөхцөл байдал нь хэвийн” гээд буй.

Энэ бүхнээс үүдэн Б.Хурцыг хэн баривчлуулав гэх асуулт эргэн гарч ирж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бол SOCA гэгч байгууллага Б.Хурцыг Их Британид айлчлана гэдгийг урьдчилан мэдэж байсан аж. Тэдэнд энэ мэдээллийг хэн өгөв. Нутаг буцсан Элчин сайд уу. Эсвэл Монголын холбогдох албаны хүмүүсийн зориуд тараасан мэдээлэл байв уу. Яагаад Аюулгүй байдлын зөвлөлийн дипломат эрхтэй төлөөлөгчид бизнес ангиллын виза олгов. Энэ бүхэн урьдаас бэлтгэсэн жүжиг байсан гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Английн Элчин сайд төрийн айлчлалын хэмжээнд явж буй дипломат төлөөлөгчид бизнес ангилалын виза олгосныхоо дараа гэнэт нутаг буцсан нь хардах магадлалтай ч бас өөр сэжим бий. Б.Хурцыг хүн хулгайлсан хэрэгт оролцосныг хэн мэдэгдсэн бэ. Мэдээж хэрэг тухайн үеийн виза энэ тэрийг дурдаж болох ч тэд бус манайхан өөрсдөө түүнийг илчилсэн байх магадлал өндөр. Энэ бүхнээс ажиглахад Б.Хурцыг наанаа өмгөөлж байгаа ч цаанаа түлхэх оролдлого барив бололтой. Одоог хүртэл тодорхойгүй, ойлгомжгүй асуултын хариулт гэвэл Б.Хурц болон түүнтэй хамт гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүст хэн тушаал өгсөн бэ гэдэг асуудал. Б.Хурцыг баригдахад “Н.Энхбаярыг унагаах гэсэн төлөвлөгөө” гэж таамаглах хүмүүс цөөнгүй байсан ч асуудал арай өөрөөр өрнөж байх шиг.

Саяхан Б.Хурцын туслахаар ажиллаж байсан Сөрөх тагнуулын ажилтан Б.Нямхандыг улсын нууц задруулсан хэргээр баривчлаад амжсан нь гайхшрал төрүүлж байна. Асуудал хэрхэн үргэлжлэхийг хамтдаа ажиглах л үлдлээ. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж