Д.Дорлигжав Цагдаагийн ажилтны зөвлөгөөнд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Цагдаагийн ажилтны зөвлөгөөнд үг хэлэв

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцож, цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандаж үг хэллээ. Улсын ерөнхий прокурор  Д.Дорлигжав хэлэхдээ “ …Прокурор болон Цагдаагийн байгууллага хоорондоо бие биенийхээ ажлыг үгүйсгэж сөргөлдөөд ажил цааш явахгүй, хариуцлагагүй зүйлсийг арилгах тал дээр  хамтран ажиллах ёстой. Энэ тал дээр бие биендээ шаардлага тавьж ажиллах нь зүйтэй.

 Иргэд олон нийтийн зүгээс хуулийн байгууллагын ажилтнууд иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг, хүнд суртал гаргадаг, гадны нөлөөнд автдаг, төрийн нэр барьж догширдог, авлига авдаг  гэсэн асуудлуудыг гаргаж тавьдаг. Энэ бол хөрөнгө мөнгө зарж арилгах ажил биш бөгөөд бүгдээрээ хичээж, хариуцлагатай  ажиллавал бүрэн шийдвэрлэгдэх боломжтой асуудал юм.  Мөн Эрүүгийн хэргийг мөрдөх арга барил, тактиктай холбоотой асуудал байна. Эрүүгийн хэргийг мөрдөж байгаа одоогийн  арга барил хоцрогдсон учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй.  Ялангууяа эдийн засгийн томоохон гэмт хэргүүд болон үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөн шалгах, зүйлчлэх  тал дээр анхаарах, суралцах шаардлагатай байна Энэ талаар Прокурорын байгууллагын зүгээс хатуу шаардлага тавьж ажиллахын илрэл нь удахгүй Улсын Ерөнхий прокурорын албан даалгавар гарах юм байна. Уг албан даалгаварыг судлаж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

Эцэст нь Прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнууд нь хуулиа баримтлан, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, иргэдээ чирэгдүүлэхгүй, шуурхай, шударга ажиллахыг үйл ажиллагааныхаа зарчим болгож ажиллах ёстой“  гэлээ. Мэдээллийг УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас ирүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж