“Ф.Шопен ба XXI зууны Монгол” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Ф.Шопен ба XXI зууны Монгол” өнөөдөр нээлтээ хийнэ

Польшийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 201 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Хөгжим бүжгийн коллежи, “Урбанек” компанийн санаачлагаар “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг Монголд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 18.00 цагаас болох юм.

Энэхүү нээлтийн тоглолтод уралдааны ерөнхий шүүгч дэлхийн нэрт төгөлдөр хуурч Карол Радживонович Ф.Шопенийн төгөлдөр хуурт зориулсан хоёрдугаар концертыг тоглох юм. Мөн Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг Ц.Энхтөр Ф.Шопенийн вальсуудаас, Б.Ариунаа полонезийг тоглох нь ээ. Сонирхуулахад Ф.Шопен полонезийг долоон настайдаа бичиж байсан гэдэг.

Уралдаанд Польш, ОХУ, БНСУ, БНАСАУ, Франц, Итали зэрэг улсаас 40 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх бөгөөд  ерөнхий шүүгчээр Польш төдийгүй дэлхийд алдартай төгөлдөр хуурч Карол Радживонович, ОХУ-ын Краснярск хотын Хөгжмийн академийн багш Якобсон, Хөгжим бүжгийн коллежийн профессор, гавьяат багш Ч.Тунгалаг, төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Д.Бурмаа, Соёл Урлагийн их сургуулийн багш, төгөлдөр хуурч Ц.Энхтөр нар шүүгчээр ажиллах гэнэ.

Уралдаан өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл  бөгөөд ирэх сарын 1-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хаалтын тоглолтоо хийх юм. “Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдааныг “А” буюу 16-25 нас, “В” буюу 13-15 насны ангилалтай зохион байгуулж байна. Ангилал тус бүрт гурван байр эзлүүлэх бөгөөд “А” ангилалд нэгдүгээр байрт хоёр сая төгрөг, хоёрдугаар байрт сая таван зуун мянга, гуравдугаар байрт нэг сая төгрөгийн шагналыг олгоно. Харин “В” ангилалд нэгдүгээр байрт 700 мянган төгрөг, хоёрдугаар байрт 600 мянган төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөг, тусгай байрт 300 мянган төгрөгөөр тус тус шагнана.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж