500 мянгын залилан эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

500 мянгын залилан эхлэв үү?

Манай улсад их хэмжээний бэлэн мөнгө
амалж улс төр хийдэг, санал худалдаж авдаг, ард түмний тархийг угаадаг
үзэгдэл бий болсоор нэлээд хэдэн жилийг ардаа үдэв. Энэ үзэгдэл 2008 онд
дээд цэгтээ хүрэх шахаж хоёр нам 1-1.5 сая төгрөг хүн бүрт өгч, зад
баяжих замыг нь засч өгөхөө амласан.

Яагаад хүрэх шахсан гээд байна вэ гэвэл 2012 оны сонгуулиар “Таван
толгой”, “Оюутолгой” ордтой холбоотой хүн бүрт түүнээс ч их мөнгө
амлахыг үгүйсгэх аргагүй юм. Ийм дээд амжилт бүртгэгдэхээс өмнө намууд
хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө, амаржсан эхэд өгөх тэтгэмж гээд
дурьдаад байвал дуусахгүй их дараалал болохоор халамжийн шинэ шинэ
хувилбаруудыг олж, тарааж байсан. Бүх халамжийг дурьдаж байгаагийн гол
учир сөрөг үр дагавар нийгмийг хордуулах үйлдэл нь үүнийгээ дагасан
луйвар, янз бүрээр гарч байсныг л хэлэх гээд байна. Наад захын жишээ
гэхэд, шинээр гэр бүл болж буй залууст өгч байсан “Залуу гэр бүлийг
дэмжих” нэртэй халамжийн 500 мянган төгрөгийг бараг 21 аймаг 365 сум,
есөн дүүрэгт хэн нэгэн этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлж луйвардсан
гэхэд болно. Хүүхдийн мөнгийг ч луйвардаж байсан тохиолдол гарч байлаа.
Гэтэл сүүлийн үед зарим сургуулийн сүйхээтэй захирал оюутнуудад төлбөр
хэлбэрээр өгч байгаа 500 мянган төгрөгийг залилж  байгаа сурагтай.

Уг нь энэ мөнгийг бүх өдрийн ангийн оюутнуудад өгнө гэсэн шийдвэр
гарсан. Харин оройн буюу эчнээ ангийн оюутнуудыг яагаад ч юм ялгасан.
Түүнд нь шаралхсан оюутнууд захиралтайгаа хуйвалдаж өдрийн ангийн оюутан
мэтээр материал бүрдүүлээд  хишиг хувиас хүртэж эхэлсэн байна.

Эсвэл эдийн засгийн тооцоотой зарим нэг захирал оюутантайгаа тохироод
энэ залиланг хийж байж ч болох. Аль нь ч байсан захирал, оюутан хоёрт
ашигтай. Эсвэл захиралд илүү ашигтай ч байж магадгүй. Түүнийгээ муухан
мэдээд байгаа болохоор хувийн голдуу их, дээд сургуулийн захирлууд энэ
төрлийн залиланг хийж байгаа нь мэдээж шүү дээ.  Одоогоор Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газарт 20 гаруй сургуулийн 50 гаруй мянган оюутны
материал ирээд байгаа гэсэн.
Харин түүний 70 орчим хувийг нь хувийн их,  дээд сургуулийн оюутнууд
эзэлж байгаа талаар албаны хүн хэлж байна билээ. Тэгээд ч цөөхөн
оюутантай болохоор хувийн их, дээд сургуулиудад хишиг хувь болох 500
мянгыг нь түрүүлж олгоно гэж яригдаад байгаа. Нөгөө талаар хувийн их,
дээд сургуулиудыг яг хэдэн оюутантай, түүнийх нь хэд нь нэгдүгээр
дамжаа, хоёрдугаар дамжаанд сурдгийг тухайн сургуулийн захиргаанаас өөр
хэн ч мэдэхгүй биз. Нэг өдөр л оюутнууд хэд хэдээрээ сургуулиасаа гарч  л
байдаг, орж л байдаг.  Энэ нь ч хувийн их, дээд сургуулиудын удирдах
ажилтнууд залилан хийх сайхан боломжийг бүрдүүлж байгаа нь мэдээж.  
Төрөөс дээрх халамжийн үйлчилгээнд зориулж төрөөс  82.5 тэрбум төгрөг
олгохоор төсөвт суулгаж өгсөн. Бодвол БСШУЯ-наас гаргаж өгсөн өдрийн
ангийн оюутны тоогоор бодож гаргасан мөнгө биз. Гэтэл эчнээ, оройн
ангийн оюутандаа эрхэм захирлууд 500 мянган төгрөг залилж өгөөд байхаар
овоо хэдэн төгрөг очих ёстой хүндээ хүртэхгүй байх нь. Энэ бүхэнд хяналт
тавьж, сургууль бүрийн өдрийн ангийн оюутнуудын тоог яс гаргаж байгаа
байгууллага ер нь байна уу. Хөдөлмөр халамжийнхан ч яах вэ ирсэн мөнгийг
нь “цацаад” гүйцээ. Яам бодлогоо гаргасан учир аар саар юманд оролцох
хэрэггүй гэсэн. Тэгэхээр оюутнуудад буцалттай болон буцалтгүйгээр туслах
ажлыг зохин байгуулдаг төрийн сангийн зээл энээ тэрээг хариуцдаг нэг
байгууллага тунаж үлдээд байгаа юм. Тэд л “тагнуул”-ын ажлаа муу
гүйцэтгэж байгаа болж таарах гээд байна.  Ингэж хардах шалтаг хаана
байна гэж хэн ч юм асууж болох юм. Бүр албан тушаалтан, зарим сургуулийн
захирал ч асууж мэдэх. Тэгвэл бэлэн хариулт байгаа шүү. Танай эчнээ
ангийн оюутнууд чинь тэгж ам алдана билээ. Үгүй ээ мөн сул амтай хүмүүс
шүү, тэд.

Н.ПУНЦАГБОЛД.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж