
Их Британийн Лондон хотноо энэ сарын 18-ны өдөр болсон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурлын үеэр манай талаас өмгөөлөгч Алан Жонс тус улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уильям Эндрю Диксоныг буруутгасан үндэслэлийг тавьсан ч шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцэхээс татгалзсан байна. Учир нь Элчин сайд асан Диксон нь манай улсын иргэнийг тус улсад дипломат уулзалтад оролцохоор виз хүсэхэд нь биенес ангилалын виз олгосон нь түүнийг буруутгах үндэслэл болжээ. Гэвч шүүгчид уг үндэслэлийг хангалттай нотлох үндэслэл болохгүй гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн шүүгчид шийдвэрээ гаргаж манай улсын иргэн Б.Хурцыг тус улсын нутаг дэвсгэрт баривчилсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Европын холбооны улсын баривчлах зөвшөөрлийн дагуу Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Харин манай талаас давж заалдахаар болсон. Шүүх хуралд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ын Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцсон билээ.
Н.Түвшин