
Төрийн нууц задруулсан хэргээр Тагнуулын ерөнхий газарт эрүүгийн хэрэгт татагдсан Б.Нямхандын өмгөөлөгчөөр гавьяат хуульч Т.Жанцан ажиллаж буй аж. Сэжигтэн Б.Нямханд нь Сөрөх тагнуулын албанд одоогоос гурван жилийн өмнө ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдаж одоогоос хоёр сарын өмнө Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд саатуулагдсан юм. Хэрэв сэжигтэн Б.Нямхандын гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэгдэн хариуцсан албан хаагч задруулсан гэдгээр 5-10 жилийн хорих ялаар оноохоор хуульчилжээ. Одоогоор уг хэргийг мөрдөн байцаах ажиллагаа үргэжлилж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албан дарга Б.Хурцын хүн хулгайлсан гэх гэмт хэрэгтэй холбоотой гэсэн мэдээлэл бий. Уг мэдээллийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодруулахад “ Б.Хурцын хэрэгт холбоотой эсэхийг мэдэхгүй” гэсэн тайлбар өгч байна.
Н.Түвшин