
“Лос-Анжелес Лейкерс” багийн тод од Коби Брайнт гар, хөлийн хэвээ Холливудын алдарт Граумын Хятад театрын өмнө үлдээлээ. Холливудын оддын гар, хөлийн хэвийг 1920-иод оноос авсаар ирсэн тус газарт Коби гарын хэвээ өгч байгаа анхны тамирчин болжээ. Холливудын өргөн чөлөөнд орших “Нэр алдрын хэсэг” нэртэй энэ алдартай газар Грауманы театрын өмнө оршдог. Олны танил хэд хэдэн оддын гар, хөлийн хэвийг авах ёслол ням гаригт болсон бөгөөд тэдний дунд Лос-Анжелес “Лейкерс”-ийн од Коби Брайнт багтаж байсан юм. Тус арга хэмжээний үеэр америк хөлбөмбөгийн од Жим Хилл, хошин шогийн жүжигчин Жорж Лопес зэрэг одод Кобигийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. “Түүнд бурхан харамгүй бэлэг хайрлажээ. Та бүхэн түүний тоглолтыг үзээд алмайрахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Биднээс үргэлж талархал хүртэж байх эрхтэй хүмүүсийн нэг бол тэр. Коби Брайнт шиг тоглогч дахин гарч ирнэ гэдэг хэцүү” хэмээн Жим Хилл хэлсэн бол Жорж Лопес “Би Лейкерсийг зүрх сэтгэлээсээ дэмждэг. Коби тэдний хөгжөөн дэмжигчдэд маш ихийг өгсөн. Энэ хотын бүх хүн түүний өмсгөлийг өмсдөгөөс түүний юу хийснийг харж болно. Коби Брайнт гэж хэн бэ гэдгийг энэ зүйл л харуулах байх” хэмээжээ. Харин Коби өөрөө “Би энэ хотод төрж өссөн юм шиг л санагдаж байна. Бид олон ч удаа өгсч, уруудаж байсан ч одоо би таван удаагийн аварга болжээ. Ийм хүндэтгэл авч байгаадаа баяртай байна. Үүний талаар бодож явсангүй. Энэ газраас кино урлагийн бүхий л үеийг харж болно. Гэхдээ би хэзээ ч Роберт Давни Жуниор болон бусад кино оддын зэргэлдээ гар, хөлийн хэвээ өгнө гэж бодож байсангүй. Маш их баярлалаа. Агуу хүндлэл. Лос Анжелест байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Мөн Лейкерс багтаа хайртай. Дахиад олон удаа аварга болохын төлөө хичээнэ” гэсэн байна.
Score Studio