Д.Төмөрхүлэг: Энэ онд тэмцээн алгасахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг: Энэ онд тэмцээн алгасахгүй

Монголын жүдочдын өнгийг тодорхойлдог шижигнэсэн хэдэн залуу тамирчин манай улсад байдаг. Тэдний нэг олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг билээ. Түүнийг Монгол Улсын шилдэг харцагуудын нэг Ч.Даваадорж агсны хүү гэдгийг нь спорт сонирхогчид андахгүй сайн мэднэ. Аав шиг ээ үндэсний бөхөөр хичээллээгүй ч жүдогийн их спортод хөл тавин тэнгэрт хальсан аавынхаа төдийгүй Монголын бахархал болж яваа залуу тамирчин Д.Төмөрхүлэгтэй ярилцлаа.

 

-Ойрд уулзсангүй. Сүүлийн үеийн сонин сайхнаас тань сонсоод ярилцлагаа эхлэх үү?

-Шинэ он гарснаас хойш Бакуд болсон “Мастерс”-т оролцсон. Түүнээс хойш бэртэл гэмтэл гээд нэг их олон тэмцээнд оролцож чадаагүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө бэртлээ эдгээж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна. Иймэрхүү л сонинтой.

-Жаахан жин нэмээ юу даа?

-Харин бэлтгэл хийхгүй болохоор ингээд байгаа юм. Миний үндсэн жин 67 кг байдаг. Яг одоо ч гэсэн ийм л байна. Ердөө 20-хон хоногийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэр болтол жингээ хасна даа.

-Жин хасах ч тийм амар биш байх шүү, тийм биз?

-Харин тийм ээ. Долоон кг хаяна гэдэг хэцүү. Энэ хэрээр энерги алдана. Хоол ундаа зохицуулахаас эхлээд маш их ажиллах хэрэгтэй болно. Оны дараа Бакуг зорихдоо би бас нэлээд хэдэн кг хаясан шүү.

-Ганцхан жилийн дараа олимп болно. Энэ жилийн улсын аварга өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй болох байх. Эндээс л олон улсад өрсөлдөх эрхээ олно биз дээ?

-Тийм шүү. 60 кг-ын жинд доод тал нь 40-50 тамирчин оролцдог. Тэднээс олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Ч.Амартүвшин нар илүү хүчтэй өрсөлдөгчид тооцогдоно. Байнга хамт бэлтгэл хийдэг барилдахад амаргүй шүү дээ. Нэг мэхээ дутуу хийх л юм бол ялагдах болох талтай.

-Ер нь бол өөрийн тань нэрлэсэн тамирчид л энэ жингийн өнгийг тодорхойлох байх. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан чансаа ч гэсэн ойролцоо байгаа бил үү?

-Тийм ээ. Тиймээс илүү гарахын тулд бэлтгэл сургуулилтаа шаргуу хийх хэрэгтэй. Биднээс хэн нь ч өндөр амжилт гаргах магадлалтай. Улсын аваргад түрүүлж чадвал Азийн аваргыг зорино.

-Бэртлийн улмаас тэмцээнд сүүлийн хоёр ч тэмцээнд зодоглосонгүй. Юу бодож байв?

-Хэцүү юм билээ. Уг нь би Германыг зорих байсан юм. Даанч бэртэлтэй болохоор миний оронд Ч.Болдбаатар явсан. Маш их шар хөдөлсөн ч тэсээд л өнгөрлөө. Би өөрөө гайгүй гээд явахыг хүсч байсан юм. Харин эмч нар эсрэгээрээ болохгүй гэсэн болохоор аргагүй эрхэнд л үлдлээ. Бэртлээс болоод тэмцээнд оролцож чадахгүй байна гэдэг хамгийн том ялагдал. Гэхдээ улсын аваргад амжилттай оролцоод, түүнээс хойш тэмцээн алгасахгүй ээ.


-Олимп хаяанд ирсэн болохоор зорилго тодорхой юу?

-Угаасаа тамирчин хүн бүр олимпийн наадамд оролцохыг мөрөөддөг. Дараа нь тэр наадмаасаа медаль авахыг хүсдэг. Миний мөрөөдөл ч гэсэн адилхан. Ямар ч байсан энэ зорилгодоо хүрнэ. Итгэлтэй байна.

-Аав тань манай улсын шилдэг харцагуудын нэг байсан. Аавыгаа дагаад Үндэсний бөхөөр барилдах юмсан гэж боддог уу?

-Бодолгүй яах вэ. Саяхан сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд оролцож хоёр даваад, гурвын даваанд өвдөг шороодсон. Би хөнгөн жинтэй болохоор барилдахад жаахан эвгүй юм билээ. Ямар ч байсан их спортоороо амжилт гаргах зорилгоо хамгийн түрүүнд биелүүлнэ. “Миний хүү их спортод хөл тавьсан юм чинь түүнийхээ оргилд нь заавал гараарай” гэж аав минь хэлдэг байсан юм. Яагаад гэвэл энэ нь тамирчин хүний хамгийн том шүү дээ.

-Ингэхэд хэр их сэтгэл хөдлөлтэй вэ?

-Гайгүй шүү. Гэхдээ үе үе сэтгэл хөдлөлөө гаргах гээд байдаг юм.

-Бөхийн спортоор хичээллэдэг тамирчин бүр гарамгай эзэмшсэн мэхтэй байдаг. Өөрийн тань хувьд ямар мэхийг сайн хийдэг вэ?

-Тохох, үүрэх мэхийг илүү сайн хийж сурсан. Өрсөлдөгч нараа ихэвчлэн энэ хоёр мэхээрээ л ялдаг. Хийхэд их цэвэр шүү дээ. Гэхдээ алхам тутамдаа шинэ мэхнээс суралцахыг хичээдэг.

-IJF жүдо бөхийн дүрэмд дахиад л бага зэрэг өөрчлөлт орууллаа. Монголчуудын ихэвчлэн хийдэг дахин нэг мэхийг хориглосон байх юм?

-Жүдо бөхийг илүү классик болгох үүднээс дээрх мэхүүдийг хориглосон. Давхар хамах, ууцаар нь тэвэрч шидэх мэхүүдэд хориг тавьсан нь Японоос үүсэлтэй жүдогийн гайхамшгийг спорт сонирхогчдод жинхэнэ утгаар мэдрүүлье гэж бодсон байх. Одооны бөхчүүд чөлөөт бөхийн мэхийг ихээр хэрэглэж, жүдог утгагүй болгож байна гэж ярилцсан гэж сонссон.

 

Б.Мөнхзул.
/Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж