Б.Хурцын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Б.Хурцын эргэн тойронд

Түүний баривчлагдсан болон Их Британид болж байгаа шүүх процесстой холбоотой олон янзын мэдээлэл гарч байгаа бөгөөд зарим нь хоорондоо зөрчилтэй ойлгогдож байгаа. Энэ талаар хөндлөнгийн бяцхан ажиглалт хийлээ:

1. Визний асуудал.

Түүнийг бизнес ангилалын визтэй явсан гэсэн мэдээлэл саяхнаас Монголын хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнийг зарим хүмүүс шууд утгаар нь буруу ойлгон, түүнийг наймаа хийх буюу хувийн ажлаар явсан мэтээр ойлгож байгаа бололтой. Лав интернет дэх сэтгэгдлүүдээс үзэхэд тийм ойлголт төрж байна. Их Британийн (ИБ) Дотоод Явдлын Яамны Хилийн Агентлагийн вэб сайтан дахь мэдээлэл болон бусад мэдээллээс ИБ-ний визний ангилалыг үзвэл: оюутны, гэр бүлийн, ажиллах, оршин суух, бизнесийн гэсэн визний ангилалууд байдаг бөгөөд дипломат ажилтнуудад зориулсан виз гэсэн ангилал лав олон нийтэд өгөх мэдээлэл дунд ил байсангүй. Бизнесийн гэдэг нь зарим хүний төсөөлж байгаа шиг гагцхүү наймаа хийдэг хүмүүст ч хамаатай биш юм. Энэ ангилалыг утгаар нь Ажил хэргийн виз гэж ойлгож болох бөгөөд дотроо: олон улсын хурал цуглаан, семинарт оролцох, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, урлаг соёл гэх мэт олон дэд ангилалуудтай юм. Тиймээс би лав хувьдаа Б.Хурцад Бизнес ангилалын визтэй явсан нь түүнийг ажлаар яваагүй, хувиар явсан гэж үзэхэд хүргэхгүй бололтой.

2. Их Британи элчин сайдаа татсан.

Б.Хурцтай холбоотой нэг сонирхолтой үйл явдал бол Хурц ИБ-д баривчлагдсаны дараахан ИБ Улаанбаатарт суугаа элчин сайдаа эргүүлэн татсан явдал юм. Үүнийг Хурцын хэрэгтэй холбоогүй, гагцхүү дотоод ажилтай холбоотой гэж ИБ-ны Гадаад Хэргийн Яамнаас мэдээлсэн ч тэр нь ердөө л дипломат мэдээлэл төдий гэж би бодож байна. Хурцын хэрэг хурцадвал Монголын тал Хурцад виз олгосон элчин сайдыг барьцаалах буюу хуулийн бусад асуудал үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж, урьдчилан нүүдэл хийсэн нь тэр байсан бололтой.

3. Манай ТЕГ, ГХЯ хариуцлагагүй ажилласан

Хурц гадаадад баригдсан нь манай ТЕГ, ГХЯ зарим асуудал дээр хэрхэн харалган байгааг тод харуулсан үйл явдал боллоо. Дор хаяж ТЕГ, ГХЯ нар гадаадад эрэн сурвалжлагдаж байгаа буюу баривчлагдаж болзошгүй байгаа, arrest warrant гарсан байж болзошгүй эсэхийг гадаадад аялах гэж байгаа төрийн дээгүүр албан тушаалтнуудын хувьд шалгаж, анхааруулж, энэ талын мэдээлэл хөтөлж байгаагүй нь наанадаж хэлэхэд, аюулгүй байдал, тагнуулын стратеги төлөвлөлт, бодлого сул байгааг харууллаа.

4. Зарим хүний бодож байгаачлан тусгай ажиллагааны нэрсийг дотроосоо алдаагүй байх.

Талийгч Д.Энхбатыг баривчлах ажиллагааг гардан гүйцэтгэж, тусгай ажиллагаа явуулсан дөрвөн ажилтны нэрийг дотроо алдсан мэт зарим хүн бодож байгаа нь техник технологи өндөр хөгжсөн өнөө үед дэндүү инээдтэй сонсогдож байна. Хэрвээ хүсвэл Герман улс 2003 онд өөрийнх нь хилээр хэдэн Монгол хүн нэвтэрч, орж, гарсныг нэр ус, пасспортын дугаар, визний дугаар, ниссэн онгоцны дугаар, марктай нь жагсаалтаар гаргаж чадах хэмжээнд техник технологи нь хөгжсөн гэдгийг санах хэрэгтэй. Хурцтай хамт явж Энхбатыг баривчилсан нөгөө гурван хүний талаар ч гэсэн хангалттай мэдээлэл өдийд Германы тусгай албад хэдийн цуглуулчихсан байгаа байх. Аягүй бол тэр гурвыг ч мөн баривчлах arrest warrant гарган Европын Холбооны бусад улсууддаа тараачихсан байгаа байх. Шалгаж үзэхэд илүүдэхгүй л байх.

5. Английн давж заалдах шатны шүүхүүдээс доод шатны шүүхийнхээ шийдийг хэвээр батлах хандлага илүү байх

9-17-нд Хурцыг баривчилснаас хойш өдийг хүртэл бараг хагас жилийн хугацаанд ИБ  түүнийг баривчлан хорьж, батлан даалтанд гаргахгүй байж байгаад Германд шилжүүлэх шийд гаргасан. Түүнчлэн энэ асуудал дан ганц шүүхээс гадна ИБ-ны Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу SOCA, Дотоод хэргийн яам /Home Affairs/, Гадаад хэргийн яамдыг /Foreign Affairs/ давхар холбосон, олон улсад харж, ажиглагдаж байгаа, олон улсын хэвлэл мэдээллээр давхар өргөн хүрээтэй мэдээлэгдэж байгаа хэрэг тул анхан шатны шүүхээс дээрх яамдтай харилцан тохиролцож, зөвлөлдөж байж шийд нь гарсан гэж хардаж болох юм. Тиймээс дараагийн шатны шүүх хурлуудаас гарах шийдүүд анхан шатны шүүхийн шийдийг батлах өнгө аястай гарч болзошгүй юм. Тэгээд ч хэрвээ ийм их асуудал болчоод Хурцыг суллах юм бол ер нь тэгээд яах гэж баривчилсан юм гэсэн сөрөг асуудал дэгдэх бөгөөд баривчилсан ИБ өөрөө эргээд асуудалд орох хувилбар ч үүсэж болох тул өөрийн үйлдлээ үгүйсгэхгүйн тулд ИБ баривчилсан нь зөв, Германд шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн чиглэлээр дараа дараагийн шийдвэрүүдээ гаргаж магадгүй юм.

6. Английн дипломат маневр

Б.Хурцыг баривчилснаар ИБ Европын Холбооны өмнө хүлээсэн хууль ёсны үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг болох юм. Түүнчлэн ЕХ дотроо хамгийн том эдийн засаг гэж тооцогддог, нэр нөлөө ихтэй, хатуу чанд Германы нэг хүсэлтийг нь хүлээн авсан болж, түүнээс бас нэг улс төрийн КО оноо авах юм. Ингэхдээ энэ зуураа ИБ Монголын талыг тодорхой хэмжээгээр сорино. Түүнчлэн Хурцыг Германруу явуулснаар Хурцын асуудлыг өөрөөсөө зайлуулах бөгөөд тэгснээр ИБ Германы ч өмнө, Монголын ч өмнө тал алдахгүй байх болно гэж тооцож болох юм.

7. Б.Хурцын Британируу явсан шалтгааны тухайд

Энд нэг хачирхалтай зөрчилдөөн гарч ирдэг. Энэ асуудлаар Монголын талын байр суурь, мэдээлэл, ИБ-ны хэвлэл мэдээлэл, албан ёсны мэдээлэлтэй зөрчилдөж байгаа ажиглагдаж байгаа юм. Хурцыг албан ажлаар, ИБ-ны Тагнуулын албаны албан тушаалтнууд болон ИБ-ны ҮАБЗ-ийн зөвлөхтэй уулзаж, олон улсын терроризмын эсрэг хамтран ажиллах асуудлаар яриа хэлэлцээ хийхээр явсан гэж манай тал тайлбарлаж, манай албаны хүмүүс дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудад тайлбарлаж байгаа. Харин ИБ-ны болон олон улсын хэвлэл мэдээллүүдэд гарч байгаа ИБ-ны талын яриагаар бол Хурц албан ажлаар яваагүй бөгөөд ИБ-ны талаас түүнийг хүлээж авч уулзах гэж байсан албан ёсны айлчлалын маршрут байхгүй, ИБ-ны ҮАБЗ-ийн зөвлөх Хурцтай уулзах цаг товлоогүй, appointment байгаагүй гэсэн тайлбарыг удаа дараа хэлээд байгаа юм. Үүнийг тодруулах гэж оролдсон олон улсын сэтгүүлчид “Энэ талаар Монголын тал коммент хэлсэнгүй” хэмээн мэдээлж байна. Тухайлбал “AFP” агентлаг “Б.Хурцын 7 хоногийн аялалын талаар ямар нэг албан ёсны хөтөлбөр бидэнд байгаагүй гэж ИБ-ны Гадаад хэргийн яам мэдэгдэж байна. Харин Монголын албан тушаалтнууд энэ талаар хариу өгөөгүй байна” гэж өнгөрөгч Баасан гаригт “Yahoo News” дээр өгүүлжээ. Ингэснээр Б.Хурцын аялалыг Монголын тал албан ёсны гэж үзэж буй ч ИБ болохоор албан ёсны байгаагүй, бид Хурцыг уриагүй  гэж байгаа юм. Бараг л Б.Хурц сайн дураараа ИБ очоод тэнд байгаа өөртэй нь уулзах завтай хэнтэй ч хамаагүй уулзаж, ажил хийсэн болж харагдах гэсэн мэт болж байгаа юм.

Монголын тал болохоор түүнийг албан ажлаар явсан гээд байдаг, гэхдээ манай албан тушаалтнуудад Хурцыг урьсан албан ёсны ганц ч урилга байхгүй байж магадгүй байгаа юм. Нөгөө талаар Хурцад албан бичгээр урилга, уулзалтын тохироо өгөлгүй, гагцхүү амаар тохиролцсон байж болзошгүй байгаа бөгөөд энэ нь Британийн дипломатын зальжин арга мэх ч байсан байж магадгүй. Чухам ийм сэжиг төрж магадгүй, үүнтэй холбогдуулан Хурцад виз олгосон, “Хурцруу байн байн утасдаж, Британи явахыг ятгасан” гэх /манайхан тэгж ярьж байгаа/ элчин сайдаа хурдан эргүүлэн татсан байж болох юм.

8. 2003-онд болсон явдлыг тодруулж, хариуцлага тооцох сонирхол Монголд байна уу?

Монголд буй интернет хуудсууд болон хүмүүсийн сэтгэл зүйг үзэхэд нэлээд хувь нь Б.Хурцыг буруутгах, түүнд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн үзэл давамгайлж байна. Энэ нь Б.Хурц гэдэг хүний өөрийнх нь зан авир, биеэ авч явж байсан байдал болон ер нь Монголчуудын зовсон нэгнийг бүр зовоосон хүнд дургүй сэтгэхгүйтэй ч холбоотой байж болох юм. Б.Хурц нарын дөрвөн хүн 2003 онд Д.Энхбатыг хүч хэрэглэн, муужруулах бодис хэрэглэн, зодож жанчиж хулгайлан Монголд авчирсан бөгөөд авчирснаасаа хойш элдэв хууль бус, хүмүүнлэг бус байдлаар түүнтэй харьцаж, хүчээр хэрэг хүлээлгэхээр оролдож байсан гэдэг. Түүнчлэн Д.Энхбатыг хэзээ Монголд авчирсан, хаана байлгаж, яаж байцааж байсан зэрэг нь хүртэл нууц байгаа, албан бичиг баримтууд хоорондоо зөрүүтэй байгаа нь энэ хэргийн талаарх олон нийтийн хардалтыг улам гүнзгийрүүлдэг.  Мөн Д.Энхбатыг өмгөөлж байсан Л.Санжаасүрэн энэ талаар ярьсантайгаа холбоотойгоор улсын нууц задалсан хэргээр шоронд ороод 2005 онд суллагдаж байсан юм. Ийнхүү төрийн мөрдөс зүүсэн хүмүүс хүн хулгайлж авчраад хүчээр хэрэг хүлээлгэхийн тулд хууль бус арга хэрэглэн тарчлааж эрүүл мэнд, амь насаар нь хохироосон мэт харагдаж байгаа бөгөөд, ялангуяа дээр нь тэнгэрээс өөр зүйлгүй мэт, хаалттай тагнуулын байгууллага үүнд улс төрийн зарим албан тушаалтан, хүчний захиалгаар ажилласан мэт байгаа нь хүмүүсийн эгдүүцлийг ихээхэн төрүүлж байгаа юм.

Ер  нь энэ асуудлыг Монголд сөхөн шалгах байгууллага байна уу? Д.Энхбат чухам юунаас болж амь насаа алдав, түүнийг хулгайлж авчирсан нь ингэхэд хууль бус үйлдэл мөн үү гэдгийг Монголын Прокурорын байгууллага шалгаж тогтоож чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж байгаа юм. Одоо хүртэл миний мэдэхээр энэ маргаантай асуудлын учгийг тайлах талаар Прокурорын байгууллага дуугараагүй, шалгалт хийгээгүй л байна. Магадгүй, Британид болж байгаа асуудал нэг тийшээ болохыг хүлээж байж болох юм. Гэсэн ч ийнхүү дуугай байгаа нь Б.Хурц хэрвээ Монголд ирвэл 2003 оны хэрэг дарагдан замхран алга болж магадгүй байгаа тул ийнхүү түүнийг гадааддаа байж, Монголын улс төрийн албан тушаалтнуудын нөлөөгүйгээр шалгагдаасай гэж нэлээд олон хүнийг хүсэхэд хүргэж байгаа бололтой.

9. Б.Хурцыг занганд хийж баривчилсан уу?

“entrapment” буюу занганд хийх бохир арга ашиглан Б.Хурцыг баривчилсан гэж Б.Хурцын өмгөөлөгч Alun Jones мэдэгдээд байгаа. Олон улсын хэвлэл мэдээлэлд гарч буй мэдээллүүдийг нягталж харвал үнэндээ ИБ-ны Гадаад хэргийн яам Б.Хурцыг ИБ-д хөл тавихаас нэлээд хэд хоногийн өмнө түүнийг ИБ-д хөл тавих юм бол баривчлагдах юм байна гэдгийг мэдсэн бөгөөд Британийн Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх SOCA Б.Хурцыг Лондонгийн Хитроугийн нисэх онгоцны буудалд хөл тавихад нь баривчлах бүрэн бэлтгэл базаачихсан хүлээж байсан байна.

Ямартай ч дипломат харилцаатай нэг улсын албан тушаалтан нь ирэх юм бол баривчлагдана гэдгийг мэдсэн ч Британийн Гадаад хэргийн яам Монголын талд энэ талаар сануулж, мэдээлэлгүй, хүрч ирээд өөрөө баривчлагдах нөхцлийг хангаж өгчээ.

Асуудалд хандсан энэ байр суурь, хандлага нь ИБ ЕХ-ны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн мэт харагдаж буй авч, найрамдалт Монгол Улстай харилцах улс төрийн болон “тагнуулын хамтын ажиллагаа”, харилцаагаа ямар түвшинд авч үзэж байгааг нь харуулж болох л юм.

Өөр нэг зүйл, Б.Хурцад виз олгох үед УБ-т байсан элчин сайд Диксон Б.Хурцад виз олгох үедээ Монгол дахь Британийн ЭСЯ түүнийг баривчлах arrest warrant Британид оччихсон байгаа гэдгийг мэдээгүй, сүүлд нь мэдсэн гэсэн тайлбарыг Британийн ГХЯ хэвлэл мэдээллийн сурвалжлагчид өгч байсан юм. Гэхдээ бодит байдалдаа ямар байсныг хэн мэдэхэв.

10. Б.Хурцыг өмгөөлж байгаа тактик хангалтгүй байна

Хөндлөнгөөс ажиглахад Б.Хурцыг өмгөөлж байгаа, манай талаас гаргаж тавьж байгаа фактууд, баримтууд хангалтгүй байгаа бололтой. Манайхан Б.Хурцыг дипломат пасспорттой байсан, баривчлагдах ёсгүй гэсэн үндэслэл тавьж байгаа. Гэвч дипломат пасспортын талаарх Европынхны ойлголт, манайхны ойлголт зөрчилдөж байгаа бололтой ажиглагдаж байна. Түүнчлэн Б.Хурцтай уулзах албан ёсны уулзалтууд байгаагүй, тийм төлөвлөгөө байгаагүй гэж Британийн ГХЯ мэдэгдэж байгаагийн эсрэг манай талаас одоогоор дорвитой гаргаж тавьсан факт алга байна. Түүнчлэн хэрэг хийх үедээ дипломат пасспорттой байсан мөртлөө, хариуцлага хүлээх болохоороо түүний ард нуугдах эрхгүй гэсэн яриа ч бас байна. Дашрамд дурдахад Европын янз бүрийн орнуудад манай дипломат пасспорттой иргэд хэрэг төвөгт орооцолдож, баривчлагдаж байсан тохиолдлын анхных нь энэ биш юм.

Б.Хурцыг занганд хийж баривчилсан нь ёс зүйгүй үйлдэл, бусад орнууд Британируу албаны хүмүүсээ явуулахдаа болгоомжтой байгаарай гэсэн өмгөөлөгчийн мэдэгдлүүд нь хэвлэл мэдээллийн сенсац талаасаа үр дүнтэй байгаа ч шүүх хурлын танхимд жинтэй сөрөг аргумент болж чадахгүй байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж